ОХУ-ын Дагестанд хүчтэй үер буусны улмаас таван хүний амь үрэгдэж, олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
Өнгөрсөн долоо хоногоос ОХУ-ын Ар Кавказын бүс нутагт их устай бороо үргэлжлэн орсны улмаас Дагестанд хүчтэй үер бууж, Даваа гарагийн байдлаар таван хүний амь үрэгдэж, олон мянган хүнийг орон гэрээс нь нүүлгэн шилжүүлжээ.
Сошиал ертөнцөд тус бүс нутгийн хот тосгод, зам талбай усанд живж, автомашинууд урсаж байгааг харуулсан зураг, дүрс бичлэгүүд олноор тараад байна.
Тухайлбал Дагестаны нийслэл Махачкала хотод орон сууцны олон давхар барилга хэсэгчлэн нурсныг дээрх бичлэгүүд харуулжээ. Бас стратегийн ач холбогдолтой Кавказын хурдны зам дамждаг гүүр нурсныг эх сурвалжууд мэдээлсэн юм.
“Хүчтэй борооны дараа усны түвшин нэмэгдэж, гудамжнууд, орон сууцны хорооллууд дахин үерт автлаа” гэж ОХУ-ын Онцгой Байдлын Яам мэдээлсэн байна.
Хоёр автомашин усанд урсахад дотор нь зорчиж явсан дөрвөн хүний амь үрэгдсэний гурав нь хүүхэд байжээ. Хөрсний нуралтын улмаас бас нэг хүн амиа алдсаныг үүнээс өмнө мэдээлсэн юм.
Каспийн тэнгисийн эргийн Дербент дүүрэгт 2,000 орчим айл өрх усанд автжээ.
Бороо ойрын өдрүүдэд үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул үерийн бүсээс иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн байна.
Үерийн усанд эрчим хүчний дэд станцууд автсаны улмаас Дагестаны бараг 20 дүүрэгт цахилгаан хангамж зогссон байна. Өнгөрсөн долоо хоногт тохиосон эхний үерийн үеэр 3,300 гаруй иргэнийг орон гэрээс нь нүүлгэн шилжүүлсэн юм. Тухайн үед орон нутгийн эрх баригчид $50 саятай дүйцэх хэмжээний хохирол учирсныг мэдээлж байв. Гэхдээ хохирлын бодит хэмжээ үүнээс хамаагүй өндөр байх магадлалтай байна.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
