Трамп хариу тус дэмжлэг үзүүлдэггүй Азийн холбоотнуудаа шүүмжлэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагт Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийнх нь Ираны эсрэг явуулж буй дайнд туслаагүй холбоотнуудаа дахин шүүмжилжээ.

Өмнө NATO-г “цаасан бар” хэмээн хочилж, АНУ-ыг тус эвслээс гаргах байр суурь илэрхийлж байсан Трамп энэ удаа Ази тив дэх хоёр гол холбоотноо шүүмжилсэн байна.

“Бид Умард Солонгосоос хамгаалахын тулд Японд 50,000 цэргээ байрлуулдаг. Би өөрийн сайн харилцаатай байдаг Ким Жон Унаас хамгаалахын тулд Өмнөд Солонгост 45,000 цэргээ байрлуулж байна” гэж тэр энэ үеэр хэлжээ.

Дараа нь Ойрх Дорнодын зарим улсуудыг, тухайлбал Кувейт, Катар, Саудын Арабыг хоёрдугаар сарын 28-нд эхэлсэн дайны турш АНУ-тай хамт байсных нь төлөө магтаж сайшаасан байна.

Дайн эхэлсний дараахан Иран улс дэлхийн эрчим хүчний тээвэрлэлтийн гол замуудын нэг Ормузын хоолойг хаасан нь Трампын засаг захиргааг хүнд байдалд оруулаад байгаа.

Тэрбээр уг хоолойг нээхэд туслахыг Европ, Азийн холбоотнууддаа уриалсан ч татгалзсан хариу авсан юм. Ормузын хоолойг нээх, эсвэл дайны галыг зогсоох тохиролцоонд хүрэх хугацааг Ираны талд өгсөн нь маргааш дуусах гэж байна.

Өчигдрийн хэвлэлийн хурлын үеэр Трамп өгсөн хугацаанд нааштай хариу өгөхгүй бол Иран улсыг “нэг шөнийн дотор” сүйрүүлэх боломжтойг анхааруулсан юм.

 

Эх сурвалж: Kyodo News