Хоёрдугаар тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 15-20 хувиар буурна гэж мэдээлэв
Улаанбаатар хотын нэгдүгээр тойрог авто замыг 918 сая ам.доллар буюу 3.2 их наяд төгрөгөөр барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын тендерийг нээсэн бол хоёрдугаар тойрог зам төслийн Техник, Эдийн Засгийн Үндэслэлийг(ТЭЗҮ) боловсруулах явц 95 хувьд хүрчээ. Төслийн ТЭЗҮ-ийг БНХАУ-ын “Гуандун мужийн Зам, тээврийн төлөвлөлт, зураг төслийн хүрээлэн групп” ХК боловсруулж байгаа аж.
Хоёрдугаар тойрог зам нь 21.3 км урттай, хотын баруун болон зүүн захын бүсүүдийг Туулын хурдны зам болон Нэгдүгээр тойрог замтай шууд холбоно.
Баруун трасс нь 22-ын товчооноос эхэлж Тахилт, Найрамдал, Нарангийн гудамжны төгсгөл, Улаанчулуутын хогийн цэг орчмоор дайран Баянхошууны уулзварт хүрч Нэгдүгээр тойрог замтай холбогдоно.
Харин зүүн чиглэл нь Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо буюу Сэтгэцийн эрүүл мэндийн төв орчмоос эхэлж Улиастай, Гачууртын чиглэлд үргэлжилж, Туулын хурдны замтай огтлолцохоор төлөвлөгджээ.
Төслийн хүрээнд Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн бүс нутагт амьдарч буй 403 оршин суугчийн зорчилт хөдөлгөөний судалгааг хийсэн бөгөөд төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 15-20 хувиар, зорчилтын хугацаа 30 хувиар буурах төдийгүй Цагдаагийн академийн өргөн чөлөө, Шархад, Ботаникийн замуудын ачаалал хоногт 5,000 машинаар буурах үзүүлэлт гарсан гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
