"Хасын Хүлэгүүд" Азийн аваргуудын лигийн эхний хожлоо авлаа
Сагсан бөмбөгийн Азийн Аваргуудын Лиг (BCL)-ийн зүүн бүсийн хэсгийн тоглолтууд эхэллээ. Өнгөрсөн жил анх удаа зохиогдсон тус тэмцээнд Монголын лигийн аварга "Хасын Хүлэгүүд" баг түрүүлж байв.
Энэ жил тус тэмцээнд Тайванийн арлын хоёр баг, Индонез, Тайланд, Малайз, Хонконгийн лигийн аваргууд оролцож байна.
Хэсгийн шатанд эхний гурван байр эзэлсэн багууд "Final 6"-д өрсөлдөнө. Улмаар хагас шигшээд тунасан багууд хасагдах журмаар тоглоод аваргаа тодруулах юм.
Өнгөрсөн улирлын Монголын лигийн аварга "Хасын Хүлэгүүд" эхний тоглолтоо Өмнөд Хятадын сагсан бөмбөгийн багтай хийлээ. Тэд бол Хонконгийн лигийн аварга баг. Өнгөрсөн жил лигтээ түрүүлснээр 17 дахь цомоо өргөж, "Уинлинг"-тэй тэнцсэн юм.
Гуравдугаар үе дуусахад Өмнөд Хятадын баг 10 онооны илүүгээр тоглолтыг тэргүүлж байсан ч аваргаа хамгаалах чухал даалгавартай гарсан манай залуус шийдвэрлэх дөрөвдүгээр үед 12 онооны зөрүүгээр илүүрхсэнээр эцсийн дүнд 86:84-өөр буулган авлаа.
Өнгөрсөн улирлын үнэ цэнтэй тоглогчоор тодорсон Иан Миллер 27 оноогоор багийн нөхдөө тэргүүлсэн бол Жорди Шиманга 19 оноо, 13 самбараас бөмбөг авч, Б.Барсболд 16 оноогоор багийнхаа хожилд нэмэрлэв.
"Хасын Хүлэгүүд" баг энэ сарын 19-ний Ням, 21-ний Мягмар гарагт Тайванийн арлын хоёр багтай дараалан тоглох аж.
Улмаар тавдугаар сарын 5-наас 8-ны хооронд Улаанбаатар хотод үлдсэн тоглолтуудаа хийх юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
