Монголын дотоод аудиторуудын институтийн тэргүүн Л.Отгонбаяр өнөөдөр хэвлэлийнхэнд хандав.
Л.Отгонбаяр: Хоёр суманд яг ижилхэн хоёр цэцэрлэг барихад төсөв нь тэс зөрөөтэй гарч байна. Эндээс л дотоод аудит ямар сул байгаа нь харагдаж байна
Шалтгаан нь төрийн, төсвийн, хувийн бүх шатны байгууллагад дотоод аудит сул, заримд нь огт байхгүйтэй холбоотой аж.
Тэрбээр “Төсвийн ерөнхийлөн захирагч нэг бүрийн дэргэд есөн хүний бүрэлдэхүүнтэй Дотоод аудитын хороо байх ёстой гэж хуульчилсан. Гэтэл нэг жилийн хугацаа өнгөрчихөөд байхад огт хэрэгжихгүй байна. Өнөөдөр хоёр суманд яг ижилхэн хоёр цэцэрлэг барихад төсөв нь тэс зөрөөтэй гарч байна. Эндээс л дотоод аудит ямар сул байгаа нь харагдаж байна” гэв.
МДАИ-ээс Төсвийн ерөнхийлөн захирагч нарт дотоод аудитын хороо байгуулах талаар сургалт зохион байгуулах тухай хүсэлт явуулсан ч хариу ирээгүй байна. Тиймээс “Дотоод аудит хяналтын шинэчлэл форум”-ыг энэ сарын 7-нд зохион байгуулахаар болжээ.
Форумаар төсвийн нийт ерөнхийлөн гарын үсэг зурах эрхтэй албан тушаалтнуудыг цуглуулж, дотоод аудитын хороог төрийн болон хувийн бүх шатны байгууллагад байгуулж, идэвхжүүлэх шаардлага байгааг дуулгах гэнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!