Ж.Эрдэнэбат: ОУВС-ийн хөтөлбөр урт хугацаанд өргөн хүрээний боломж олгоно
Байнгын хороодын хуралдаан дуусч, УИХ-ын нэгдсэн хуралдаан эхэллээ.
Хуралдааны эхэнд Монгол Улсын засгийн газар, олон улсын банк санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагааны талаар МУ-ын ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдээлэл хийлээ.
Ерөнхий сайд Ж.Эрдэнбатын өгсөн мэдээллээс хүргэж байна.
Монгол Улс ОУВС, Азийн Хөгжлийн банк (АХБ)-нд 1991 оны 2 дугаар сарын 14-ний өдөр тус тус гишүүнээр элсэн орсон бөгөөд ОУВС, Дэлхийн банк болон АХБ-тай хамтран ажилласны 25 жилийн ойг тэмдэглээд байна.
Монгол Улс эдгээр банк, санхүүгийн байгууллагын гишүүн болсноор зах зээлийн шаардлагад нийцсэн эдийн засаг, санхүүгийн бодлогыг боловсруулах, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж авах бололцоо бүрдсэн.
ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухайд:
Засгийн газраас зүгээс УИХ-ын 71 дүгээр тогтоолоор баталсан эдийн засгийг сэргээх, төлбөрийн балансыг тэнцвэржүүлэх зэрэг зорилгын хүрээнд ОУВС-тай нягт хамтран ажиллах, санхүүгийн бодлогын арга хэмжээ тус бүрийг нарийвчлан хэлэлцээд байна.
Манай улс 1991 оноос хойш ОУВС-ийн Стэнд бай, ядуурлыг бууруулах, өсөлтийг хангах зэрэг нийт таван хөтөлбөрийг хэрэгжүүлж, 195.7 сая зээлийг авч, ашигласан.
Бидний одоогийн ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөр нь зургаа дахь хөтөлбөр бөгөөд 36 сарын хугацаатай илүү урт хугацаанд өргөн хүрээний боломж олгох юм.
Энэхүү хөтөлбөр нь эдийн засгийн өсөлт сул, төлбөрийн тэнцлийн хүндрэлд орсон улсуудад зарлагдсан.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс өмнө дараах урьдчилсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүргийг хүлээсэн. Үүнд:
- Төсвийн бодлогын хүрээнд хөтөлбөрийн зорилтуудад нийцсэн 2017 оны төсвийн тодотгол, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг батлах,
- Банк, санхүүгийн бодлогын хүрээнд банкны активийн үнэлгээг хийх, хөндлөнгийн компанийн сонгон шалгаруулалтыг эхлүүлэх, банкуудын бизнес төлөвлөгөөнд дүн шинжилгээ хийх,
- Мөнгөний бодлогын хүрээнд Монгол Банкны ипотекийн цэвэр санхүүжилтйиг зогсоох, Төв банкнаас гадуурх үйл ажиллагааг зогсоох зэрэг болно гэлээ.
Гэрэл зургууд
УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганаар төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, нийтийн албаны нийтийн болон хувийн эзмшлийг зохицуулах хууль, үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
