Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

Ипотекийн зээлийг Засгийн газар, Монголбанк хамтран сард 25 тэрбум орчим төгрөгөөр санхүүжүүлнэ

ikon.mn
2017 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Ипотекийн зээлийн санхүүжилтийн талаар Монголбанкны ОНБМТ-ийн мэргэжилтэн Л.Энхдэлгэрээс тодрууллаа. 

-Монголбанкнаас ипотекийн зээлийн санхүүжилтийг тогтмол олгож байгаа хэдий ч зарим банк “Монголбанкнаас санхүүжилт тасарсан” гэх тайлбарыг өгсөөр байна. Энэ тал дээр Монголбанк ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ? 

-Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны 10-р сарын 25-ны өдрийн А-295 тоот тушаалаар “Ипотекийн зээлийн санхүүжилтийн журам”-ыг шинэчлэн баталсан. Энэ журмын дагуу Монголбанк нь өөрийн өмчлөлд буй ипотекийн зээлээр баталгаажсан бондын үндсэн болон купоны төлбөрийн эргэн төлөлтөөр ипотекийн зээлийг сар бүр санхүүжүүлж байгаа. Энэ нь сард ойролцоогоор 25-30 тэрбум төгрөг юм. Нөхцөл байдлаас шалтгаалан ийнхүү хязгаарлалттай хэмжээнд санхүүжилт олгож байгааг огт олгохгүй байгаа мэтээр тайлбарлаж байгаа бол буруу, тиймээс Монголбанкны зүгээс банкуудад хандаж зээл хүсэгч иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөх, нөхцөл байдлыг тайлбарлан ойлгуулах талаар албан хүсэлт илгээсэн байгаа.  

-Аравдугаар сараас хойш хэдий хэмжээний санхүүжилт гарч, хэчнээн иргэн ипотекийн зээлд хамрагдсан бэ? 

-Аравдугаар сараас хойш энэ оны гуравдугаар сарын эцсийн байдлаар Монголбанкнаас нийт 169.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг ипотекийн зээлд гаргаад байна. Үүгээр 2,502 иргэн ипотекийн зээлд хамрагдсан гэсэн үг. Монголбанкнаас ипотекийн зээлийн тухайн сарын санхүүжилтийг сар бүрийн 2 болон 4 дэх долоо хоногт банкуудад олгодог. Энэ талаар бид санхүүжилтийг гаргах бүртээ mongolbank.mn цахим хуудсандаа албан ёсоор мэдээлж байна. 

-Сүүлийн үед хөдөө орон нутагт ипотекийн зээл олгогдохгүй байна гэх гомдол бас их гарах болсон. Энэ талаар ямар тайлбар хэлэх вэ? 

-Монголбанкнаас ипотекийн зээлийн санхүүжилтийг банк тус бүрт хуваарилдаг. Харин банкууд цаашаагаа орон нутаг болон хотын салбарууддаа хуваарилах ёстой. Тэгэхээр орон нутагт ипотекийн зээл тодорхой хэмжээнд олгогдож байгаа. Тодруулбал, Монголбанкинд ирүүлсэн банкуудын ипотекийн зээлийн орон нутгийн тайлан мэдээллээс харахад 2016 оны 10-р сараас хойш 33.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг орон нутаг дахь банкууд шинээр олгосон байна.  

Монголбанкны зүгээс ипотекийн зээлийн эх үүсвэрийг банкинд олгохдоо эцсийн зээлдэгчийг тодорхойлон олгох боломжгүй, учир нь Төв банкны тухай хуулиар банкны үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг хориглосон байдаг.  Тиймээс бид банкуудад орон нутаг дахь ипотекийн зээл олголтонд анхаарлаа хандуулахыг зөвлөсөн байгаа. 

-Цаашдаа ипотекийн зээл энэ хувилбараараа үргэлжлэх үү. Эх үүсвэр, санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх ямар боломж байна вэ? 

-Монголбанк өнгөрсөн оны 10-р сараас эхлэн ипотекийн зээлийг ИЗББ-ын үндсэн болон купоны төлбөрөөр санхүүжүүлж байна. ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжиж эхэлбэл, Монголбанк ипотекийн зээлийг ИЗББ-ын зөвхөн үндсэн төлбөрөөр санхүүжүүлнэ.  Купоны төлбөртэй тэнцэх хэмжээний санхүүжилтийг Засгийн газар хариуцах юм.  Энэ зарцуулалтыг одоогийн өргөн барьсан төсвийн тодотголд Засгийн газар тусгасан байгаа. Өөрөөр хэлбэл, 2017 онд ипотекийн зээлийг Засгийн газар, Монголбанк хамтран сард 25 тэрбум орчим төгрөгөөр санхүүжүүлнэ.

Нэмэлт санхүүжилтийн хувьд ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд Монголбанк төсөвтэй адилтгах үйл ажиллагаанаас татгалзах үүрэг хүлээсэн учраас нэмэлт санхүүжилт гаргахгүй, харин Засгийн газрын зүгээс эх үүсвэр шийдвэрлэвэл дээр дурдсан санхүүжилт дээр нэмэгдэх юм. Энэ ондоо Монголбанк ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэх бэлтгэл ажлыг хангаж 2018 оноос бүрэн шилжүүлнэ. Гэхдээ Монголбанк ипотекийн зээлийн санхүүжилтийн тогтолцоо, хэрэгжүүлэх арга зам, бодлого зохицуулалтын талаар Засгийн газартай хамтран ажиллах болно. 

-Ярилцсанд баярлалаа.