Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/05-НД НИЙТЛЭГДСЭН

ЗӨВЛӨГӨӨ: Барилгын салбарын түгээмэл асуултууд

ikon.mn
2017 оны 4 сарын 5
Барилга.МН
Зураг зураг

-ТООСГОН ХАНАТАЙ БАРИЛГЫН ТАГТНЫ ӨНГИЙЛТИЙН ХЭМЖЭЭ
1.5 МЕТРЭЭС ХЭТРЭХГҮЙ БАЙНА-

Барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага болон иргэдэд тулгардаг нийтлэг асуултуудад хариулт өгөх зорилгоор дараах мэдээллийг бэлтгэлээ. 


- Тоосгон ханатай барилгын 1-р давхарт үйлчилгээний заал барьж байгуулах нь хэр зохимжтой байдаг вэ? 

- Барилгын норматив баримт бичигт тоосгон ханатай барилгыг 5 давхраас илүүгүй байхаар төлөвлөхийг шаарддаг. Энэ нь газар хөдлөлтийн идэвхтэй бүс нутагт ширхгийн материалаар барилга байгууламжийг барих үйл ажиллагааг хязгаарлаж, хүн амын эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үндсэн зорилготой юм. Даацын тоосгон ханатай барилгын нэгдүгээр давхарт том талбай эзэлсэн үйлчилгээний зориулалт бүхий өрөө тасалгаа гаргах нь барилгын даацын бат бэх, тогтворт байдлыг бууруулж, газар хөдлөлтийн хүчийг эсэргүүцэх чадварыг багасгадаг тул ийм төлөвлөлт хийхээс зайлсхийх хэрэгтэй. Хэрэв зайлшгүй шаардлагатай бол цутгамал төмөр бетон бүтээцийг хэрэглэх ёстой.

- Орон сууц барьж байгаа барилгын компани явган хүний зам болон нийтийн эзэмшлийн талбайг хааж барилгын ажлаа явуулж байна. Энэ талаар ямар зохицуулалт байдаг вэ?

- Барилгын тухай хуулийн дагуу Нийтийн эзэмшлийн газар, талбайг барилгын үйл ажиллагаанд түр хугацаагаар ашиглахад харьяа нутаг дэвсгэрийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн шийдвэрээр сервитут /бусдын газрыг хязгаартайгаар ашиглах/ тогтоосон байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, харьяа ИТХ-ын тэргүүлэгчийн шийдвэрээр тодорхой хязгаартайгаар зөвшөөрсөн тохиолдолд болно гэсэн үг.

- Орон сууцны барилгын орчны тохижилт хийх, засварлах ажлыг хэн хариуцах вэ?

- Барилга байгууламжийн ашиглалтын явцад орчны тохижилтын засвар, арчлалтыг тогтмол хийж, авто болон явган хүний зам, талбайн хөдөлгөөнийг хааж, бусдад саад учруулахгүй байх үүргийг барилга байгууламжийн өмчлөгч, эзэмшигч хүлээнэ.

- Манайх 2016 онд орон сууц худалдан авсан. Энэ барилга иргэд бидний аюулгүй байдлыг хангасныг яаж мэдэх вэ?

- “Барилгын тухай хууль”-ийн 11.1.4-т “барилга байгууламж физик, хими, биологи, цацраг өндөр хэлбэлзлийн долгионы болон бусад хортой бодисын нөлөөллөөс хамгаалагдсан байхаар төлөвлөгдөн баригдсан байх” гэсний дагуу барилгын зураг төслийн шатанд болон ашиглалтад оруулах үе шатанд дээрх шаардлагыг хангасан материал, бүтээгдэхүүнийг сонгон гүйцэтгүүлсэн байна.

- Гадна тохижилтын ажилд ямар ажлууд хамаарах вэ?

- Барилга байгууламжийн гадна талбайн ногоон байгууламж, автозам, зогсоол, явган хүний зам гарц, оршин суугчдын амрах болон хүүхдийн тоглоомын талбай, уран барилгын жижиг хэлбэр, гэрэлтүүлэг зэргийг барьж байгуулах үйл ажиллагаа гэнэ. /Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.25/

- Манайх шинэ байр худалдаж аваад саяхан нүүж орсон. Гэтэл вакуум цонхны дотор тал цантаад байна. Энэ талаар хаана хандах вэ?

- Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа нэг жил байна гэж тусгасан. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна гэж хуульчилсан. Тиймээс та тухайн барилгын талаар гүйцэтгэгч байгууллага буюу барилгын компанид хандаж асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой.

- Би хувиараа Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт өөрийн эзэмшлийн газарт амины орон сууц бариулахаар зураг төсөл хийлгэж байгаа тул зураг төслийг магадлалаар заавал оруулах шаардлагатай юу?

- Таны барих барилга нь барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламжийн ангилалд хамаарах бөгөөд заавал магадлал хийлгэх шаардлагагүй. Та хүсэлт гаргавал барилгын  зураг төсөлд магадлал хийж болно.

- Нэг компани манай орон сууцны зэргэлдээ барилга бариад байна. Барьж байгаа барилга нь айлуудын цонхоор тусах нарны тусгалыг халхлах эсэхийг хэрхэн мэдэх вэ?

- “Орон сууц, олон нийтийн барилга, сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын хангамж” /БНбД 23-04-07/ барилгын норм ба дүрмээр зохицуулна. Дээрх нормоор орон сууцны хорооллын нутаг дэвсгэрт болон орон сууц, олон нийтийн бүх барилгад эрүүл ахуйн чухал хүчин зүйл болсон нарны шууд тусгалын үргэлжлэх хамгийн бага хугацааг нормчилдог.

Нарны шууд тусгалаас үүсэх хүний эрүүл мэнд, сэтгэл зүй-физиологийн, нян устгах болон дулааны үр ашигтай нөлөө нь хорооллын нутаг дэвсгэрт болон орон сууц, олон нийтийн барилгын өрөө тасалгаанд нарны шууд тусгалын тасралтгүй үргэлжлэх хугацаа өдөрт 3-4 цаг байхад хангагдана. Нормчлогдох хугацааг хавар намрын улиралд тооцох ба тухайн орон нутгийн байршил, байгаль цаг агаарын болон барилгажилтын онцлогийг тусган тооцдог.

Нарны тусгалын үргэлжлэх норматив хугацааг дараах өрөө тасалгаанд болон талбайд заавал хангуулна. Үүнд, айлын 1, 2 ба 3 өрөөтэй сууцны нэгээс цөөнгүй, 4-6 өрөө сууцны хоёроос цөөнгүй өрөөнд, мөн дотуур байрны унтлагын өрөөний 60-аас доошгүй хувьд хангуулна. Барилгын өрөө тасалгаанд нарны шууд тусгалын үргэлжлэх болон сүүдэрлэгдэх хугацааг компьютерийн программ хангамжийн тусламжтайгаар тодорхойлно.

- Тоосгон ханатай барилгын тагтны өнгийлтийн хэмжээ хэд байх вэ?

- “Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх” /БНбД 22.01.01*/2006/ барилгын норм ба дүрмийн дагуу зохицуулагдана. Энэхүү норм ба дүрэмд тоосгон ханатай барилгын тагтны өнгийлтийн хэмжээ 1.5 метрээс хэтрэхгүй байхаар тусгасан байдаг.

- Инженерийн бус хийцтэй, даацын тоосгон ханатай амины болон дан давхар барилгын гадна ханыг Монгол орны нөхцөлд гадна орчны байдлаас хамааруулан ямар зузаантай өрөх нь зүйтэй вэ?

- Тоосгон ханатай барилгын гадна ханыг гадна агаарын орчны нөлөөллөөс хамааруулан 51, 64, 77 см-ийн зузаантайгаар өрж болно гэсэн заалт “Инженерийн бус хийцтэй барилгыг төлөвлөх, барих зөвлөмж /газар хөдлөлтийн бүс нутагт/” барилгын норматив баримт бичигт тусгагдсан байдаг. Мөн гадна агаарын температур -20о С хүртэлх үед 51 см, -20о С, -30 о  хүртэлх үед 64 см, -30о -40оС хүртэлх үед 77 см зузаантайгаар тус тус өрөхөөр тооцдог.  

Гэвч орчин үед барилгын дулаалгын төрөл бүрийн материалууд байгааг ашиглан хөдөлмөр зарцуулалт болон материалын зарцуулалтыг хэмнэх үүднээс мэргэжлийн байгууллагаар зураг төсөл, дулаан техникийн тооцоог хийлгэн барилга байгууламжийг төлөвлөх нь зүйтэй юм.

 

Эх сурвалж: “Барилга.МН” сэтгүүл

Зураг