Исламын шашны сүмийн санваартныг бусад шашин шүтлэгтнүүдийн эсрэг агуулгатай үг хэлснийх нь төлөө нутаг дэвсгэрээсээ хөөн гаргаж байгааг Сингапурын эрх баригчид Даваа гарагт зарлажээ.
Олон үндэстэн угсаатан зэрэгцэн оршдог тус улсын хувьд нийгмийн тогтвортой байдалд шашин хоорондын эв нэгдэл чухал үүрэгтэй. Исламын санваартан Налла Мохамед Абдул Жамил Абдул Малик өнгөрсөн нэгдүгээр сарын 6-нд “Жүүд болон Христүүдийн эсрэг тэмцэхэд” Аллах бурхны тусламжийг гуйж араб хэлээр мөргөл үйлдсэн нь батлагджээ.
Түүний үйлдлийг улс үндэстнийг хагалан бутаргах аюултай гэж үзээд албадан гаргах шийдвэрийг Сингапурын шүүх гаргасан юм байна. Налла нэрээрээ алдаршсан номлогч гэм буруугаа хүлээн 4,000 сингапур долларын ($2,862) торгууль төлөхөөр болжээ.
Бас гуравдугаар сарын 31-нд тэрээр Сингапур дахь өөр өөр шашнуудын 30 тэргүүний өмнө албан ёсоор уучлал гуйсан байна. Налла сүүлийн долоон жил Сингапурын Жамай Чулиа сүмийн тэргүүн санваартнаар ажиллаж байсан юм.
Түүнийг төрөлх Энэтхэг рүү нь буцаахаар болжээ.
2010 оны тооллогоор Сингапурын хүн амын 15 хувийг муслим, загалмайтнууд бүрдүүлж байсан бол үлдсэн хувь нь Буддист, Даоистууд байгаа нь харагдсан байна.
Эх сурвалж: South China Morning Post
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!