Саяхан ОХУ-ын Санкт Петрбург хотын метроны хоёр өртөөнд бөмбөг дэлбэрч, доод тал нь 10 хүн алагдаад байна.
Сенная Плошадь, Технологический Институтын өртөөнүүдэд бөмбөг дэлбэрсэн болохыг Оросын Терроризмтай Тэмцэх Үндэсний Зөвлөл мэдээлжээ. Дэлбэрэлтээс нийт 50 орчим хүн шархдсаны дотор хүүхдүүд байна.
Үл мэдэгдэх тэсрэх бодис дэлбэрсэн бөгөөд шалтгааныг тодруулж байгааг албаныхан мэдээллээ. ОХУ-ын ерөнхий прокурор дэлбэрэлтийг террорист халдлага гэж тодорхойлсон байна.
Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр өглөө Санкт Петрбург хотод байсан бол дэлбэрэлтийн үеэр хотоос гарсан байсныг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдээлжээ.
Одоогийн байдлаар Санкт Петрбургийн метроны сүлжээг бүхэлд нь хаагаад байна. Мөн Москва хотын метронд харуул хамгаалалтыг чангатгах арга хэмжээ авчээ. Санкт Петрбургийн метроны сүлжээ нь дэлхийд 19 дүгээрт ордог өндөр ачаалалтай систем бөгөөд өдөр бүр 2 сая хүн зорчдог юм.
Харин өмнө нь хэзээ ч халдлагад өртөж байгаагүй гэдэг. 2010 онд Москвагийн метронд амиа золиослогчийн хоёр дэлбэрэлт болж, 38 хүн үрэгдэж байв.
Мөн 2009 онд Москва-Санкт Петрбургийн хооронд явсан хурдан галт тэргэнд бөмбөг дэлбэрч, 27 хүн алагдан 130 хүн шархдаж байжээ. Эдгээр халдлагуудыг Исламын хэт үзэлт бүлэглэлүүд үйлдсэн юм.
Эх сурвалж: BBC, Russia Today
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!