Дулааны улирал эхэлж байгаа учир хүмүүс амралт чөлөөт цагаараа хөдөө, орон нутгаар амарч, ой хээрээр аялах нь элбэг болдог. Харин энэ үед ойн болон бэлчээрийн хачиг идэвхждэг бөгөөд хүнд дамжин халдвар үүсгэх тохиолдол ихэсдэг.
Хачиг нь арваннэгдүгээр сард ичиж, гуравдугаар сараас хөдөлгөөнд ордог байна. Энэ талаар Эрүүл Мэнд Яамны харьяа Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэлээс тодрууллаа.
-Хачиг хүний биед хэрхэн дамжиж халдвар үүсгэдэг вэ?
-Манай орны хувьд халдвар үүсгэгч олон зүйл байдгаас гол дамжуулагч нь ойн хачиг. Хачиг хүнийг хазах үед вирус, нян зэрэг үүсгэгч хүний цусанд орсны улмаас халдвар үүснэ.
Хэрэв өвчин үүсгэгч агуулсан мал, амьтан хазсан хачиг нь хүнийг хазахад цусаар дамжин тэрхүү өвчний халдвар биед орно гэсэн үг.
Хэрэв тэр замд нь хүн, амьтан таарвал шигдэж, шимэгчилдэг. Салхинд хийсч яваад хүн, амьтан дээр унадаг учир хүмүүс хачгийг тэнгэрээс унадаг гэж ярьдаг.
-Халдварт хачгаар үүсдэг ямар төрлийн өвчнүүд байдаг вэ?
- Хачигт халдвараар үүсгэгддэг гурван төрлийн өвчин байдаг. Эхнийх нь хачигт энцефалит буюу ойн хачиг. Энэ нь тавдугаар сард идэвхждэг. Ойн хачиг нь Хөвсгөл, Архангай, Сэлэнгэ зэрэг ой модтой газруудаар элбэг байдаг.
Энэ өвчин нь хүн, амьтны цусан дахь вирусээр дамждаг. Уг өвчнөөр ой модоор зугаалж яваа хүмүүс, анчид, мод хийдэг хүмүүс, хайгуулчид өвчлөх магадлал өндөртэй. Хүний мэдрэлийн тогтолцоо, арьс, зүрх судас, үе мөч, тулгуур зэрэг эрхтэн системийг сонгомлоор гэмтээдэг хор хөнөөлтэй.
Хачигт хазуулсан үед зарим тохиолдолд ухаан алдаж ч унадаг.
Хачиг салхины нөлөөгөөр агаарт нисч явдаг.
Оношлогдоод байгаа бас нэг өвчин нь бэлчээрийн хачгаар дамжин өвчлөл үүсгэдэг хачигт риккетсиоз юм.
Мал төллөлт, малчин малынхаа ноос ноолуурыг гэртээ хадгалах зэргээс шалтгаалж хачиг хүний биед дамждаг.
Риккетсиоз хачиг нь хачгийн халдвараар үүсдэг өвчний 70-80 хувийг эзэлдэг.
-Эдгээр өвчнүүд нь хэр зэрэг аюултай бол?
- Хачигт хазуулсны дараа 2-10 хоногт нууц үе гэж бий. Хачигт хазуулснаа мэдсэн даруйдаа эмнэлэгт хандах, цэвэрлүүлэх шаардлагатай. Хүмүүс тэр бүр тоодоггүй, гэхдээ хачигт хазуулаад удвал тархи нугасны өвчин үүсдэг.
Хүний толгойд шимэгчлэн амьдрах аюултай учраас тухайн үедээ тоохгүй байсан ч, удвал халдварт нян тархи, нугасанд тархаж өвчин үүсгэх эрсдэл өндөр. Тэр ч бүү хэл хүнд хэлбэрт шилжсэн тохиолдолд үхэлд хүргэх аюултай.
-Уг өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгөөч?
-Хачигт энцефалитын эсрэг вакциныг хавар, намрын улиралд тариулж, уг өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой.
Хэрэв вакцинжуулалтад хамрагдаагүй бол голомтод орох бас хазуулсан нөхцөлд энэ өвчний эсрэг өвөрмөц иммуноглобулин тариулдаг. Түүнчлэн иодантипирин, реамбирины эсрэг вирусийн эмүүдийг хэрэглэж болно.
Малчид өөрсөддөө өдөрт хоёр удаа хачиг илрүүлэх үзлэг хийж байх ёстой. Хачиг байсан газраа спирт түрхэж, ариутгаж байх нь зүйтэй. Түүхий бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх, ялангуяа малын сүүг болгож хүнсэндээ хэрэглэх нь чухал юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!