Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдүүдтэй “хүүхдүүд”

Д.Сугармаа
2017 оны 4 сарын 4
Ардын эрх
Зураг зураг

Аз жаргалтай амьдралын энгийн нууц юу вэ. Аз жаргалтай амьдрахын тулд бидэнд хэдий хэмжээний мөнгө хэрэгтэй вэ. Эсвэл бидэнд олон өрөөтэй тансаг харш, олон  сая төгрөгийн өртөгтэй машин, үнэтэй брэндүүдийн хувцас, өндөр цалинтай албан тушаал хэрэгтэй юү...

Яг үнэндээ аз жаргалтай амьдралын энгийн нууц бол элэг бүтэн, эрүүл саруул амьдрал, дэггүйтэн гүйх шулганасан балчир үрсийн минь бяцхан хөлийн чимээ, хайр гэрэлтсэн харц гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тэгвэл манай сурвалжлах групп энэ удаа өөрөөсөө аз жаргалын хамгийн тансаг, гоёмсог, юутай ч дүйцүүлшгүй үнэтэй зургаан цэцгийг дэлбээлүүлсэн Б.Ганзориг гэх залуугийн гэрийг зорилоо.

Б.Ганзоригийн эхнэр яг нэг сарын өмнө 27 насандаа тав дахь охиноо төрүүлж, нялх биетэй байгаа хэдий ч “Манайх шинэ байранд ороод тохижоогүй байгаа. Тавилга ч үгүй л айл шүү дээ. Зүгээр үү” гэсээр бидний саналыг маш эелдгээр хүлээж авсан юм. Б.Ганзоригийнх  тав дахь охиноо өлгийдөн авахтай зэрэгцэн шив шинэхэн гурван өрөө байрныхаа түлхүүрийг хүлээн авчээ. 

Таван охинтой 27 настай “охин”

Ийн биднийг тэдний хаалгыг тогшиход ижилхэн өнгийн хувцсаар гангарсан дэрсхэн дөрвөн охин аавынхаа хамт угтаж, нэгэн дуугаар мэнд мэдлээ. Б.Ганзоригийнх шинэ байрандаа ороод удаагүй байгаа болохоор бүрэн тохижуулж амжаагүй байгаа гэнэ. Хоймортоо том зурагт, гал тогооны өрөөнд шив шинэхэн плитка, хөргөгч байрлуулжээ. Гэхдээ тэдний гэрийг бяцхан охидын цангинасан дуу, нярай хүүхдийн хачин гоё үнэр хамгийн ихээр чимж байсан юм.

Б.Ганзориг, Ц.Баяржаргал нар 10-н жилийн сурагч байхдаа танилцаж, үерхэж эхэлжээ. Ингээд тун удалгүй Ц.Баяржаргал 19 насандаа ээж болж, том охин Г.Дөлгөөнийгөө төрүүлсэн байна. Харин 22 насандаа Г.Баярцэцэг, 23 насандаа Г.Номин-Эрдэнэ, 25 насандаа Г.Мөнхнаран, 27 насандаа Г.Отгонжаргал охиноо өлгийдөн аваад байгаа өнөр өтгөн, залуу гэр бүл. Гэргий Ц.Баяржаргал бага охиныхоо нэрний талаар “Охидын минь хамгийн отгон нь байгаасай” гээд аав нь энэ нэрийг өгсөн. Одоо хүү төрвөл эрхийн балай юм болно доо" гэсээр бидний яриа эхэллээ.

Тэр “Урлах эрдэм” дээд сургуулийг 2011 онд дизайнер мэргэжлээр төгссөн ч өнгөрсөн хугацаанд “Ээж” хэмээх эрхэм алдрыг нэр төртэйгөөр гүйцэтгэсээр мэргэжлээрээ ажиллаж амжаагүй байгаа гэнэ.

Нэг нь живхнээс гарахаар л нэг шинэ хүн мэндэлдэг

Гэрийн эзэн Б.Ганзоригийг гаднаас нь харсан хэн ч таван охины аав, айл гэрийн амьдралыг нуруундаа үүрч яваа гэдэгт итгэхгүй л болов уу. Тэрбээр ч энэ талаар “Намайг таван охинтой гэхээр ихэнх хүмүүс итгэдэггүй. Их залуухан харагддаг болохоор тэгдэг байх. Хамаатан садан, найз нөхөд, ажлынхан маань л итгэдэг.

Анх аав, ээж болсноос хойш манайх живхнээс тасарсангүй. Нэг нь живхнээс гарахаар л нэг шинэ хүн мэндэлдэг. Тийм болохоор шинэ охин минь мэндлэх болгонд миний хариуцлага улам нэмэгдэж, илүү их хөдөлмөрлөх ёстой юм байна гэдгийг ухаарч, ойлгодог доо” хэмээн хуучлав.

Б.Ганзориг одоо 28 настай бөгөөд Барилга технологийн коллежийг сантехникч мэргэжлээр төгсжээ. Сургуулиа төгсөөд шууд л Ус сувгийн удирдах газарт засварчнаар ажилд орж, техникч болтлоо тушаал дэвшсэн байна. Тиймдээ ч, хариуцлагатай аав, сайн засварчны ажлыг Ус сувгийн удирдах газраас үнэлж тэдний гэр бүлд хөнгөлөлттэй нөхцөлөөр гурван өрөө байр олгоод байгаа нь энэ аж.

“Г.Мөнхнарангаа /дөрөв дэх охин/ төрөхөд би 10 жил засварчнаар ажиллаж байгаад техникч болж тушаал дэвшсэн. Харин Г.Отгонжаргалаа /тав дахь охин/ мэндлэхэд манайх энэ байрандаа орсон. Хүүхэд айлд аз жаргал авч ирдэг шүү дээ. Шинэ охин минь төрөх болгонд манай хэрэглээ нэмэгддэг ч хүүхэд хүнстэйгээ ирдэг гэдэг. Манай амьдрал болоод л байдаг юм” хэмээн охидын аав ярилаа.

Харин түүнээс хүүтэй болъё гэж хүсдэг л байхдаа хэмээн асуухад “Эр хүнд тийм бодол байлгүй л яахав. Гэхдээ охид аавынхаа генийг 50 хувь тээж төрдөг гэсэн. Харин охидоос минь төрсөн зээ нар маань өвөөгийнхөө генийг 100 хувь тээж төрдөг гэж Б.Бат-Эрдэнэ аварга “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээр ярьж байна лээ. Аварга хүний амнаас ийм үг сонсоод таван охины аав болсноороо бахархсан шүү” хэмээн инээмсэглэн ярьж байв.

Ц.Баяржаргал: Удахгүй охид минь миний найз шиг болно

Ингээд таван охины аав, ээжийн үүргийг нэр төртэйгөөр гүйцэтгэж буй Б.Ганзориг, Ц.Баяржаргал нартай ярилцсанаа хүргэе.

-Үеийнхэн дунд тань та хоёр шиг таван хүүхдийн ээж, аав болсон хүн бий юу?

-Бид хоёрын танилуудын дунд таван хүүхэдтэй айл маш ховор шүү. Бараг байхгүй дээ. Хамгийн ихдээ л хоёр эсвэл гурав дахь хүүхдээ төрүүлэх гэж байгаа гэр бүлүүд бий. Тэгээд бараг ихэнх нь ганц бие шүү дээ.

-Хорин хэдхэн насандаа таван хүүхдийн аав, ээж болно гэдэг ганц, хоёр хүүхэдтэй айлын аав, ээжтэй харьцуулахад маш их ачаалалтай байдаг болов уу. Мэдээж, олон хүүхэдтэй аав, ээжүүд бусдаас илүү хөдөлмөрлөж, хариуцлагатай байх ёстой. Энэ бүхний хажуугаар гэр бүлийн харилцаагаа бат бөх байлгахад залуу гэр бүл  юун дээр анхаарах ёстой вэ?

Ц.Баяржаргал: Ганц, хоёр хүүхдийн ээж байх таван хүүхдийн ээж байх хоёрын хооронд маш их ялгаа бий. Би том охиноо 19-тэйдөө төрүүлээд, өнгөрсөн хугацаанд ямар ч ажил хийгээгүй, хүүхдүүдээ л өсгөж байна. Манай хэд бүгд цэцэрлэгт яваагүй. Энэ хугацаанд нөхөр маань ганцаараа ажил хийж, амьдралаа болгосоор ирлээ.

Ер нь эр нөхрийн хариуцлагаа ухамсарласан байдал л гэр бүлийн харилцааг бат бөх байлгадаг болов уу. Манайх шинэ хүнтэй болох болгонд нөхөр маань өмнөхөөсөө илүү хөдөлмөрлөж байгаа нь надад мэдрэгддэг. Магадгүй, нөхөр маань ийм түшиг тулгууртай болохоор бид хоёр таван охинтой болсон байх.

Б.Ганзориг: Бид хоёрт анхнаасаа л туслах хүн байгаагүй. Аав ээжүүд маань өөр өөрсдийн ажилтай болохоор тэр болгон манайд илүүчлээд, туслаад байх боломжгүй л дээ. Гэхдээ өнгөрсөн хугацаанд түрээсийн байранд мөнгө үүрээгүй, хадмынхаа хажууд амьдарсны хүчинд энэ байрныхаа төлбөрийн урьдчилгааг хураасан. Ер нь бүх ачаа л анхнаасаа бид хоёрын нуруун дээр буусан болохоор эрт хариуцлагаа ухамсарлаж, хөдөлмөрлөх ёстой гэдгийг ойлгосон.

-Ээжүүд төрсний дараа сэтгэл санааны хямралд орох нь амархан. Энэ ч утгаараа бүх л уур, ундуйцлаа нөхөртөө гаргаж, үүнээс болж гэр бүлийн маргаан үүсдэг талаар олон хүн ярьдаг. Төрсний дараах энэ үеийг хэрхэн давж гардаг вэ?

Ц.Баяржаргал: Төрсний дараах стресс гэж нэг айхтар юм байна аа. Ер нь тэр уур стрессээ ихэнхдээ л нөхөртөө гаргана. Өмнө нь аавынхаа хажууд жижигхэн байшинд байсан болохоор гэр орноо голно. Гоё гал тогооны тавилга, хэрэгсэлгүйдээ бухимдана. Найз нөхөдтэйгээ уулзаж, гадуур зугаалмаар санагдана. Одоо бол гоё байртай болчихлоо. Гэхдээ манай хүн намайг найз нөхөдтэйгөө уулзаарай гээд мөнгө төгрөг өгөөд л гаргадаг.

Б.Ганзориг: Гэртээ хүүхдээ харж байгаа эхнэрүүд өөрийн гэсэн орлогогүй, найз нөхөд нь гадуур дотуур зугаалаад явж байгааг хараад өөрийгөө тэдэнтэй харьцуулж бухимддаг юм шиг байна лээ. Эхнэрээ бухимдаж уурлахад нь би “Миний олж байгаа мөнгө чинийх л гэсэн үг. Чи ч гэсэн хөдөлмөрлөж байгаа. Үр хүүхдээ эрүүл саруул өсгөнө гэдэг маш том хөдөлмөр. Чи надад амар тайван ажлаа хийх боломж олгож байгаа шүү дээ” гэж хэлж эхнэрээ тайвшруулдаг. Ер нь эр нөхрүүд их тэвчээртэй байх хэрэгтэй.

-Танайх саяхан гал тогооны өрөөндөө иж бүрэн шинэ тавилга хийлгэх эрх хожсон гэсэн үү?

Ц.Баяржаргал: Тийм ээ. Фэйсбүүк дэх ээжүүдийн “Mom” группийн гишүүдийн дунд “Мартын 8”-наар “Миний гал тогоог авраач” гэдэг уралдаан зарласан юм. Уралдаан зарлагддаг өдөр манайх байрандаа нүүж ирсэн. Тэгээд би плитканаас өөр тавилгагүй гал тогооны өрөөнийхөө зургаар оролцсон.

Миний зураг тэр өдрөө л бусдаас хол давж, 5,000 лайкаар түрүүлсэн. Ингээд “Шинэ хийц” компани манайд гал тогооны өрөөний иж бүрэн тавилга хийж өгөхөөр болсон. Тавилга маань энэ долоо хоногт гарна. Гал тогооны өрөөндөө өөрийн хүч, хөдөлмөрөөр тавилга хийлгэх эрх хожоод нөхөртөө бага ч болов дэм болсондоо маш их баяртай байгаа шүү.

-Ажил төрөл хийхгүй олон хүүхэд гаргалаа, эсвэл одонгийн хүүхдээ төрүүлж байгаа юм уу гэх мэтээр хандах хүмүүс хэр их байдаг вэ. Ер нь хамаатан садан, найз нөхөд болон ойр дотны хүмүүсийн хандлага хэр вэ?

Ц.Баяржаргал: Харьцангуй гайгүй шүү. Гэхдээ ажил төрөл хийсэнгүй олон хүүхэд гаргалаа гэх хүмүүс байдаг. Тийм хүмүүс 30 гарчихсан, 40 хүрчихсэн хэр нь нэг эсвэл хоёр хүүхэдтэй л хүмүүс байдаг. Би тийм хүмүүст ядаж гурван хүүхэд төрүүлээд үзээрэй гэж хэлмээр санагддаг шүү. Одоо ингээд бид хоёр хэнээс ч гуйлгүй, өөрсдийнхөө хөдөлмөрөөр олсон мөнгөө хадгалсаар шинэ орон байртай болчихоор хүмүүсийн хандлага, харах харц нь хүртэл өөр болсон нь ажиглагдаж байгаа.

Бид хоёр 10 жилийн дараа өвөө, эмээ болох магадлал өндөр

-Охидын ээж, аав байхын хамгийн сайхан бөгөөд бэрхшээлтэй тал нь юу вэ?

Б.Ганзориг: Сайхан зүйл маш их. Охид аавдаа илүү хайртай, элэгтэй, түшигтэй. Хотоор дагуулаад явж байхад том том жип рүү заагаад л “Аавдаа энэ машиныг авч өгнө өө” гэдэг. Харин усанд оруулах, үсийг нь самнах гээд бага зэргийн бэрхшээлүүд бий /инээв/. Үр хүүхдээ өвчин зовлонгүй, эрүүл саруул өсөхийг харна гэдэг аав ээжийн хамгийн том аз жаргал шүү.

Ц.Баяржаргал: Тавхан жилийн дараа Г.Дөлгөөн /том охин/ бид хоёр үе тэнгийн охид шиг  болчихно. Одоо бүгд нялх, ээждээ тус дэм болох нь бага ч тун удахгүй би охидтойгоо үе тэнгийн найзууд шиг болно гэж бодохоор их гоё байдаг шүү. Бас бид хоёр наанадаж 10 жилийн дараа эмээ, өвөө болох магадлалтай. 40 хүрэлгүй эмээ, өвөө болно гэдэг нэг талаараа сайхан ч, бас гунигтай ч юм шиг /инээв/.

-Охид өсвөр насандаа ээж болох нь ихэссэн. Мөн өсвөр насандаа хүүхэд төрүүлсэн охидын 70 хувь нь ганцаараа хүүхдээ өсгөдөг гэх судалгаа гарсан байна лээ. Та хоёр өсвөр насандаа аав, ээж болсон ч гэр бүлийн харилцаагаа бат бөх байлгаж буй үлгэр жишээ гэр бүлийн төлөөлөл. Тэгвэл та хоёр шинэ залуу аав, ээжүүдэд гэр бүлийн харилцаагаа бат бөх авч үлдэж, үр хүүхдээ хамтдаа өсгөх тал дээр юуг зөвлөх вэ?

Б.Ганзориг: Ер нь хүний суурь хүмүүжил л их чухал. Гэр бүлээсээ олж авсан бага насны хүмүүжил гэр бүл зохиоход, гэр бүлийн харилцаагаа бат бөх байлгахад их нөлөөлдөг юм шиг санагддаг. Зарим нөхрүүд “Би л ганцаараа хөдөлмөрлөж, мөнгө олж байна. Би та нарыг тэжээж байна” гэх зэргээр янз бүрийн ааш авир гаргаж, эхнэрээ үл тоодог нь анзаарагддаг. Энэ бол маш буруу. Эхнэр чинь үр хүүхдээ эрүүл саруул өсгөж, хүмүүжүүлж байгаа гэдгийг хэзээ ч мартах ёсгүй. Хүүхэд хязгааргүй их хайр бас хариуцлага дагуулдаг юм шүү.

-Охидынхоо хүмүүжилд хэрхэн анхаарч байна вэ?

Б.Ганзориг: Аль болох охиддоо хэрүүл, маргаанаа харуулахгүй байхыг хүсдэг. Өөрсдөөрөө л үлгэрлэж, хүмүүжүүлнэ гэж боддог доо. Гэхдээ бид хоёр таван л хүүхэдтэй болохоос залуу хүмүүс шүү дээ. Тийм болохоор хүүхдийн хүмүүжлийн талаар ярихад арай л эрт байна.

"Алдарт эх"-ийн одон бол хэнээс ч гуйлгүй, "арын хаалгагүй", хамгийн шударгаар олддог шагнал

-Тийм ээ, та хоёр залуу хүмүүс. Ингэхэд та хоёрт хоёр биедээ зориулах цаг хэр их вэ. Хамгийн сүүлд хэзээ болзож, хоёулхнаа кино үзсэн бэ?

Ц.Баяржаргал: /Инээв/. Үерхэж эхэлж байхдаа л хоёр биедээ цаг гаргаж, болздог байлаа. 18-тайдаа. Тэгээд л удалгүй том охин маань төрөөд, дараах нь төрсөөр нэг мэдэхэд ам бүл долуулаа болчихсон байна. Кино үзэж, гадуур хоол идэхдээ бүгдийг нь л дагуулаад явдаг.

Б.Ганзориг: Хамгийн сүүлд хэзээ болзож, хоёулхнаа кино үзэж, хамт хоол идсэнээ мартчихсан байна /инээв/. Бага охиноо жоохон томрохоор зөвхөн эхнэртээ цаг зав гаргахыг хичээнэ ээ.

-Мэдээж охидынхоо мундаг аав, ээж байх нь хамгийн чухал ч та хоёр хэн хэндээ сайн эхнэр, нөхөр байх эрхэм үүрэгтэй. Энэ үүрэг, хариуцлагаа хэзээ ч бүү мартаарай?

Б.Ганзориг: Залуу хос гэдгээ бараг мартах шахсан байна шүү, үр хүүхэд гэсээр...

-Хэдэн жилийн өмнө Алдарт эхийн одонгийн болзлыг бууруулсан. Үүнээс хойш одонтой ээжүүд нэмэгдсэн гэж олзуурхдаг. Гэхдээ нөгөөтээгүүр одонгийн мөнгө авах гэж зарим хүн олон хүүхэд төрүүлэх боллоо гэх шүүмжлэл явдаг. Та үүнтэй санал нийлэх үү?

Ц.Баяржаргал: Ээжүүд бидэнд Алдарт эхийн одон бол хэнээс ч гуйлгүй, арын хаалгадалгүй, хамгийн шударгаар олддог шагнал. Гэхдээ бас ийм гоё шагналын утгыг алдагдуулж буй цөөн хэдэн хүн байгаа гэдэгтэй санал нийлнэ. Хүүхдийн 20 мянган төгрөг, одонгийн мөнгө авах гэж хүүхэд төрүүлдэг ээжүүд байдаг юм билээ. Гэтэл Алдарт эхийн нэгдүгээр одонтой ээжүүдэд жилд нэг удаа 200 мянган төгрөг, хоёрдугаар одонтой ээжүүдэд 100 мянган төгрөг өгдөг л юм билээ.

Хүүхэд хязгааргүй их хайр бас хариуцлага дагуулдаг юм шүү

Хорин хэдхэн настай ч таван гүнжийн амьдралыг нуруундаа үүрч, тэднийхээ төлөө хөдөлмөрлөх ёстой гэдгийг хариуцлагатайгаар ухамсарласан Б.Ганзориг, Ц.Баяржаргал нараар бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж суулаа. 27, 28 настай ч зөвхөн өөрийнхөө төлөө шударгаар хөдөлмөрлөлгүй, хэн нэгний өмнө хариуцлага хүлээхээс айж, эмээж яваа хувиа хичээсэн залуус бидний дунд бий.

“Орон дээр гараад эцэг болох амархан ч, орноосоо буугаад аав болох хэцүү” хэмээх хошин боловч үнэн үг бий. Ингээд энэ удаагийн сурвалжилгаа охидын аавын хэлсэн “Хүүхэд хязгааргүй их хайр бас хариуцлага дагуулдаг юм шүү” гэх үгээр төгсгөе.

Зураг