Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

Ангарагийг эзэмших төлөвлөгөө

Х.Батсайхан, Ардын эрх
2017 оны 3 сарын 31
Ардын эрх
Зураг зураг

Сансрын уудмыг судлах, эзэмших чиглэлээр ажиллаж буй эрдэмтэд оролцдог Planetary Science Vision 2050 Workshop эрдэм шинжилгээний хурал өнгөрсөн сарын 27- ноос энэ сарын 1-ний хооронд Вашингтон ДиСи дэх НАСА-гийн төв байранд болжээ. Энэхүү хурлын үеэр эрдэмтэд 2050 он гэхэд амьдралд хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж тооцож байгаа технологи, төслүүдийн талаар ярилцсан байна.

Тэдгээр төсөл, санаачилгуудын гол нь Ангараг гариг дээр төвлөрч байсан гэнэ. Тодруулбал, эрдэмтэд ангараг гаригийн соронзон туйл, агаар мандлыг сэргээж, амьдрахад тохиромжтой болгох асуудалд санаа бодлоо илүү чилээж явдаг болох нь харагджээ. Ангарагийн агаар мандлын 95 хувь нь нүүрсхүчлийн хий гэдгийг бид мэднэ.

Улаан нүдэн гаригийн соронзон туйл нь маш сул учир гариг дээр бий болдог нарны салхинаас болж агаар мандлаа байнга сансарт сарниан алдаж байдаг. Дөрвөн тэрбум жилийн өмнө дулаан, зөөлөн уур амьсгалтай байсан Ангараг гариг дээрх болон бусад хүчин зүйлсийн нөлөөгөөр амьгүй, хүйтэн цэвдэг болж хувирсан билээ.

Ангарагаас дэлхий дээр унасан солирын хэлтэрхийд шинжилгээ хийгээд гариг сүүлийн нэг сая жилийн турш маш хуурай байгааг ч эрдэмтэд судалж тогтоосон. Шинээр суурьшигчид очиход зайлшгүй шаардлагатай хөлдсөн ус уг гариг дээр байгаа эсэх нь одоо хүртэл бүрэн тодорхой болоогүй байна.

Өөрөөр хэлбэл, Ангараг дээр хүн амьдрах ямар ч боломжгүй хэвээр байгаа юм. Гэвч эрдэмтэд Ангарагийн уур амьсгалыг сэргээх боломжийг олж харжээ. Сансрын уудмыг шинжлэн судлах төв НАСА-гийн гариг судлалын салбарын захирал Жим Грин хурал дээр энэ талаар мэдээлэл хийсэн байна. Түүний дэвшүүлсэн санаа тун энгийн. Ердөө гариг дээр соронзон туйлыг зохиомлоор бий болгох явдал гэнэ. Үүний тулд “Mars L1” төхөөрөмжийг хөөргөх хэрэгтэй болно. Гэхдээ энэ нь Ангараг дээр буухгүй, харин Ангараг нар хоёрын дунд байдаг “Лагранжа L1” гэж нэрлэсэн бүсэд байрлах аж.

Ангараг дээр хүн амьдрах ямар ч боломжгүй хэвээр байгаа юм.

Энэ аппарат нь туйлын соронз буюу дипольны магнитаар тоноглогдсон байх бөгөөд энэ нь нарны цацрагийн тусгалыг өөрчилж, Ангараг дээр соронзон талбай үүсгэх зориулалттай юм байна. Нарны шуурганаас ингэж хамгаалсан тохиолдолд Ангараг гариг агаар мандлаа өөрчилж, аяндаа нөхөн сэргээгдээд ирэх гэнэ. Энэхүү санааг гаргасан эрдэмтэд өөрсдийнхөө төслийг компьютер дээр загварчлан гаргаж оролцогчдод харуулсан нь тэдний сонирхлыг татжээ.

Хэрвээ ингэж чадсан тохиолдолд Улаан нүдэн гариг хэдхэн жилийн дотор агаар мандлаа өөрчилж, гадаргын хэм нь дөрвөн хэмээр нэмэгдэх гэнэ. Туйл орчимд температур нэмэгдсэнээр хөлдүү хэлбэрт байгаа нүүрсхүчлийн хий хайлна. Мөн хэрвээ ус байгаа бол тэр ч хайлах нь ойлгомжтой билээ.

Төслийг боловсруулсан эрдэмтэд энэ аргаараа Ангараг дээр урьд нь байсан усны долооны нэгтэй тэнцэх хэмжээний усыг сэргээж чадна гэж найдаж байна. Хэрвээ ингэж чадвал амьдрал сэргэх бүрэн боломжтой аж. Ангарагийг эзэмших үйл хэрэгт бас нэгэн чухал дэвшил авчирч болохуйц бүтээлийн талаар Айдахо мужийн Үндэсний лабораторийн эрдэмтэд танилцуулсан.

Ангараг дэлхийг бодвол сэрүүн газар учир хүн суурьшихад юуны түрүүн эрчим хүчний эх үүсвэр хэрэгтэй. Саяхныг болтол энэ асуудал ор шийдэгдээгүй байсан юм. Тэгвэл Айдахо муж улсын Үндэсний лабораторийн эрдэмтэд Ангараг руу зөөвөрлөх боломжтой бага орын цөмийн реактор бүтээсэн тухайгаа зарласан. Шинэ реактор нь овор жин маш бага, ердөө 80х134 см талбайд багтах учир сансарт зөөвөрлөхөд хялбар, Ангарагийн анхны оршин суугчдад яг тохирсон эд гэнэ.

Циркон, вольфрам гэх мэт газрын ховор элемент ашиглаж хийсэн энэ реактор 1.67 мегаваттын хүчин чадалтай, уран 235-ыг боловсруулж гаргаж авсан түлшээр 15 жил ажилладаг байна. Ашиглалтын хугацаа богино ч энэ хооронд шинэ реактор зөөвөрлөн аваачих юм уу, илүү урт хугацаанд ашиглах боломжтой шинэ реактор бүтээж амжина гэж тооцож байгаа ажээ.

Яагаад гэвэл, эрдэмтэд одоогоос таван жилийн өмнө дээрхтэй хэмжээ, жин ойролцоо боловч 40 киловаттын хүчин чадалтай реактор бүтээж байсан юм. Ангарагийг эзэмших хүн төрөлхтний төлөвлөгөө ийнхүү улам л эрчимжсээр байна. Энэхүү түүхэн үйл хэрэгт зөвхөн сансрын нисгэгчид гэлтгүй, тус гариг дээр байгуулагдах колонид юу хэрэгтэй, тэр бүхнийг бүтээж байгуулахаар маш олон салбарын эрдэмтэд татагдан орж байгаа гэдгийг энэ удаагийн хурал харуулж өглөө.

Айдахо муж улсын Үндэсний лабораторийн эрдэмтэд Ангараг руу зөөвөрлөх боломжтой бага орын цөмийн реактор бүтээсэн тухайгаа зарласан.

Тухайлбал, Ангарагийн хүйтэн ширүүн уур амьсгалд дасан зохицож ургах чадвартай ургамлын сорт гаргаж авах ажил амжилттай үргэлжилж байгаа билээ. АНУ-ын Сансрын уудмыг шинжлэн судлах төвийн (НАСА) мэргэжилтнүүд хүнсний ургамал, тухайлбал төмсийг Ангараг гаригийн анхны оршин суугчдын хүнс байх боломжтой гэж үзэн, харь гаригийн хатуу ширүүн нөхцөлийг дааж ургах чадвартай шинэ сорт гаргаж авахаар ажиллаж байгаа аж.

Судалгааны багийн гишүүн Крис Маккей “Хэзээ нэгэн цагт Ангараг дээр хүн очиж таарна. Тэр үед тэдэнд идэх юм хэрэгтэй. Тэр нь төмс байх бүрэн боломжтой юм. Бид маш бага температур, хатуу ширүүн нөхцөлд ургадаг шинэ сорт гаргаж авч чадна гэж найдаж байгаа” хэмээн өгүүлжээ. NASA дээрх төслийг Перугийн нийслэл Лимад төвтэй Олон улсын төмсний төвтэй хамтран хэрэгжүүлж байгаа юм байна. Төслийн багийнхан туршилтын талбайгаа Перугийн Пампас де ла Хойа гэдэг газарт байгуулжээ.

Эндэхийн уур амьсгал нь Ангарагийнхтай хамгийн төстэй гэж үзсэн байна. Тэнд тэсвэр тэвчээр, ургах чадвараараа хамгийн сайн гэгдсэн сортоос сонголт хийж, 65 сортын төмс тариалчихаад ажиглаж байгаа аж. Энэ төслийг анхааралтай ажиглаж байгаа эрдэмтэд олон байхад шүүмжлэх нь нэг бус байна. Тухайлбал, Перугийн эрдэмтэн Уолтер Аморос “Энэ туршилтыг гадаа, задгай талбайд явуулаад амжилт олохгүй ээ. Тусгай бэлдсэн орчинд хийж байж л бодитой үр дүн гарна” хэмээн шүүмжилжээ.

Харь гариг дээр очоод идэх боломжтой хүнсний ногоо ганц төмсөөр хязгаарлагдахгүй. NASA өмнө нь Lettuce буюу монголчуудын сайн мэдэх салатны навчны тэсвэртэй төрлийг гаргаж авах туршилт явуулсан бөгөөд эдүгээ дэлхийн тойрог зам дахь Олон улсын сансрын баазад амжилттай ургуулан туршиж байгаа билээ.

Зураг