Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трампын хэлсэн үг Швед улсыг сандаргав

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Бямба гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Флоридад болсон арга хэмжээний үеэр өөрийн цагаачлалын бодлогыг хамгаалсан үг хэлсэн юм.

Ингэхдээ тэр Европын орнуудад тохиож байгаа дүрвэгсдийн хямралыг жишээ болгон ярихдаа нэгэн ноцтой алдаа хийжээ. Трамп “Германд юу болж байгааг хар! Өнгөрсөн шөнө Шведэд юу болсныг хар! Олон тооны дүрвэгч хүлээж авснаас болоод тэд аюултай байдалд байна” гэж хэлсэн юм.

Гэтэл үнэндээ өнгөрсөн шөнө нь Шведэд ямар ч террорист ажиллагаа болоогүй ажээ.

Трамп цааш нь “Брюссельд юу болсныг хар! Дэлхий даяар юу болж байгааг харцгаа! Нис, Парисыг хар!” хэмээн үргэлжүүлсэн юм.

Трампын мэдэгдэл Шведийн иргэдийг сандаргажээ. Үнэндээ тэр үед Евровижн дуулаачдын наадамд эх орноо төлөөлж оролцох уран бүтээлчийг шалгаруулж байснаас өөр олны анхаарлыг татсан үйл явдал огт болоогүй гэнэ.

Шведийн гадаад хэргийн яам АНУ-ын төрийн департаментад хандаж, Трампын хэлсэн үгний талаар тодруулга хүссэн тухай тус яамны хэвлэлийн төлөөлөгч Катарина Акселссон мэдээлжээ.

Шведчүүд ч хошин шогийн мэдрэмжтэй байж, өнгөрсөн шөнө өөрт нь ямар эвгүй зүйл тохиолдсоноо сошиал сүлжээгээр хуваалцаж эхэлсэн байна.

Харин Ням гарагт Дональд Трамп өөрийн твиттер хуудсанд залруулга хийхдээ “Шведэд болсон үйл явдлын тухай миний хэлсэн үг FoxNews сувгаас авсан мэдээлэл юм” гэжээ.

Үнэндээ уг нэвтрүүлэгт орсон сэтгүүлч Шведэд дүрвэгчдийн үйлдсэн гэмт хэргийн тухай ярьж байсан гэнэ. Ингэхдээ ямар нэг саяхан болсон үйл явдлын тухай яриагүй, ерөнхий нөхцөл байдлын тухай ярьсан юм байна.

Трампын алдаатай мэдэгдэл түүний засаг захиргааны хувьд шинэ зүйл биш. Саяхан Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсер үг хэлэхдээ хэд хэдэн удаа Атлантад гарсан террорист халдлагын тухай ярьсан юм. Үнэндээ тэр Орландод гарсан хэргийг андуурч ярьсан нь энэ байжээ.

 

Эх сурвалж: Business Insider