Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

“Эрдэнэт”-ийн асуудлыг намрын чуулган өндөрлөхөөс өмнө хэлэлцэхээр боллоо

А.Ням-Өлзий, iKon.mn
2017 оны 2 сарын 9
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга өнөөдөр болон маргааш хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Эрдэнэттэй холбоотой асуудлын намрын чуулганаар хэлэлцэх ёстой. Тиймээс үдээс хойших хуралдааны эхэнд хэлэлцье гэсэн горимын санал гаргаж байна” гэлээ. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Чуулган завсарлахад хоёрхон хоног байна. “Эрдэнэт”-тэй холбоотой асуудлыг шалгасан асуудал хууль бус гэж харж байгаа. Энэ асуудлыг ярихын тулд бүх талуудыг байлцуулах хэрэгтэй. 51 хувьтай холбоотой асуудал сүүлийн үед дуулиан тарьж байна. 49 хувийг ярьж байгаа хүмүүс энэ талаар нэг ч үг дуугарахгүй юм. 51 хувь чинь Английн шүүх дээр асуудал үүсгээд байна. Английн Арбитрын шүүхээс нөгөө талд шийдвэр гаргаад 140 сая ам.доллар буюу 350 тэрбум төгрөгийн төлбөрт орчихоод байна

Зөвхөн 49 хувьтай холбоотой хүмүүст хариуцлага тооцох юм шиг яриад байна. 49 хувь, 51 хувийг аль алийг нь шалгах нэгдсэн Ажлын хэсгийг УИХ-аас гаргах хэрэгтэй гэж харж байна” гэлээ. 

Энэ долоо хоногийн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан. Гэсэн ч товлосон цагтаа эхлээгүй Байнгын хорооны хуралдаанаар зөвхөн Эрүүгийн хуулийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд Зөрчлийн тухай хуулийг хэлэлцэж амжаагүй юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт “УИХ дээр Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн хэлэлцүүлэг явж байгаа. Хэлэлцэх эсэхийг нь энэ намрын чуулганаар хэлэлцээд хаврын чуулганаар анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөж байгаа юм. Тиймээс Зөрчлийн тухай хуулийн хэлэлцэх эсэхийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж өгнө үү” гэсэн хүсэлт гаргав. 

Эдгээр горимын саналын хариуд УИХ-ын дарга М.Энхболд “Эрдэнэтийн асуудал Байнгын хорооноос эцэслэн шийдэгдээгүй байгаа. Хууль зүйн Байнгын хороо хэлэлцээд оруулж ирвэл УИХ-аар хэлэлцэх бүрэн боломж байна. Гэхдээ Байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцэхдээ аль аль талын оролцоог хангах хэрэгтэй

Яагаад гэвэл 49 хувийг эзэмшиж байгаа хүмүүсээс миний нэр дээр албан бичиг ирүүлсэн. Энэ албан бичигт талуудын оролцоог хангаж өгөөч, биднээс асууж тодруулахгүй байна, Байнгын хорооны хуралдаанд оролцуулахгүй байна, нэг талын дүгнэлтээр тулгалт хийж байна гэсэн байсан. Энэ албан бичгийг Хууль зүйн Байнгын хорооны дарга Ш.Раднаасэдэд хүргүүлсэн байгаа.   

“Эрдэнэт”-ийн 51, 49 хувийг аль алийг нь шалгах ажлын хэсэг байгуулах тухай санал гаргаж байна. Энэ бол чуулганаар ярих асуудал биш. Шаардлагатай гэж үзвэл УИХ-ын даргын захирамжаар Ажлын хэсэг гаргаж шалгахад болохгүй зүйлгүй. Одоо бол Хууль зүйн Байнгын хорооноос томилогдсон ажлын хэсгийн дүгнэлтийг чуулганаар хэлэлцэх гэж байна” гэсэн хариулт өглөө. 

Ийнхүү энэ удаагийн намрын чуулганаар амжиж хэлэлцэгдэх үгүй нь тодорхойгүй байгаа “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдан авах ажиллагааг шалгасан Ажлын хэсгийн дүгнэлтийг Байнгын хороогоор хэлэлцвэл чуулганаар оруулахад бэлэн гэдгээ УИХ-ын дарга мэдэгдлээ. 

Чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлыг жагсаалтыг баталсны дараа Хууль зүйн Байнгын хорооны хуралдаан өнөөдөр 13:00 цагаас товлогдсон байна. 

Энэ хуралдаанаар УИХ-ын даргын хэлсэнчлэн “Эрдэнэт-ийг тойрсон талуудыг байлцуулан, Ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэх нь.

Ингэснээр хувьд очсон “Эрдэнэт” буцаад төрд очих үгүй нь Байнгын хорооны хуралдаанаас тодорхой болох юм.