Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

“Эрдэнэт”-ийн асуудлыг шалгах Ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-ын даргын зөвлөлөөр хэлэлцэнэ гэлээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 2 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Эдийн засгийн Байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Хууль зүйн Байнгын хорооны 2016 оны 06 дугаар тогтоолоор байгуулагдсан Оросын Холбооны Улсын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коппер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэв.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ш.Раднаасэд санал, дүгнэлтийг байнгын хорооны хуралдаанд танилцуулсан юм.

 

Ажлын хэсгээс “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийг худалдаж авсан талын төлөөлөлтэй уулзах хүсэлтийг хоёр удаа хүргүүлсэн бөгөөд хоёр дахь удаа О.Орхон, М.Мөнхбаатар, Д.Ганболд нартай уулзаж, хоёр талаас харилцан мэдээлэл солилцож, ажлын хэсэг шаардлагатай гэж үзсэн асуудлуудаараа тодруулга хийсэн гэлээ.

Хууль зүйн Байнгын хорооны ажлын хэсгийн үндсэн зорилго бол “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг худалдан авсан үйл явц нь хуулийн хүрээнд явагдсан эсэхийг тодорхойлох, худалдан авалт хийсэн хөрөнгийн эх үүсвэрийг нягтлах байсан гэдгийг ажлын хэсгийн ахлагч тэмдэглэв. Мөн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай холбоотой бүх худалдан авах ажиллагаа, татвар болон санхүүгийн баримт материалтай танилцсан байна.

Энэхүү хяналт, шалгалтын ажиллагаанд мэргэжлийн баг ажилласан бөгөөд ажлын хэсэг 49 хувийн хувьцааг худалдан авсан үйл явц нь Монгол Улсын хэд хэдэн хуулийг зөрчсөн болохыг тогтоожээ. Нэн тэргүүнд Үндсэн хууль дахь олон улсын гэрээтэй холбоотой заалт,  Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Компанийн тухай хууль, Засгийн газрын тухай хууль болон Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоол зэргийг зөрчсөн талаарх дүгнэлтийг гаргасан байна. 

Худалдан авсан санхүүгийн эх үүсвэрийг нягтлах ажлын хүрээнд “Монголиан Коппер корпораци” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-д 49 хувийн энгийн хувьцааг худалдан авахдаа Худалдаа хөгжлийн банкан дахь өөрийн гэх данснаас нийт гурван удаагийн гадаад гүйлгээгээр 400.27 сая ам.долларыг ОХУ-ын “Альфа” банканд шилжүүлсэн байх ба энэ нь дараах эх үүсвэрээс бүрдснийг шалгаж тодруулжээ. Үүнд:

  • “Монголиан Коппер Корпораци” ХХК-ийн дүрмийн санд Худалдаа хөгжлийн банкны хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан Ц.Пүрэвтүвшингийн “Улаанбаатар” банк дахь хувийн хадгаламжаас шилжүүлсэн гэх 112.0 тэрбум төгрөг;
  • 2016 оны 6 дугаар сарын 20-нд Худалдаа хөгжлийн банкнаас зээлсэн 75.0 сая ам.доллар “Монголиан Коппер корпораци” ХХК энэхүү зээл авахдаа эхэндээ “ирээдүйд бий болох эх үүсвэр” гэгчийг, 2016 оны 6 дугаар сарын 30-нд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг тус тус барьцаалуулж, улмаар 2016 оны 6 дугаар сарын 27-нд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д хууль бус хяналт тогтоосноос хойших хугацаанд 2016 оны 7 дугаар сарын 25-нд “2013 оны ногдол ашиг” гэх 8.6 сая ам.доллар, 2016 оны 8 дугаар сарын 12-нд “2012 оны ногдол ашиг” гэх 47.1 сая ам.доллар, нийт 55.7 сая ам.долларыг компани руугаа шилжүүлж завшсан байна;
  • Түүнчлэн Худалдаа хөгжлийн банкны хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэгийн эзэмшдэг “Кью-Эс-Си” компаниас 2016 оны 6 дугаар сарын 17-нд зээлсэн 62.9 сая ам.доллар;
  • 2016 оны 6 дугаар сарын 17-нд Ц.Пүрэвтүвшин дангаараа эзэмшдэг, татвар төлж байгаагүй “Рийворстон пропертис” компаниас зээлсэн 70.0 сая ам.доллар;
  • “Юнайтед энержи систем” компаниас зээлсэн 68.0 сая ам.доллар, 2016 оны 6 дугаар сарын 17-нд Сингапурт бүртгэлтэй гэх “Канетик” компаниас зээлсэн 68.0 сая ам.доллар болохыг тогтоосон байна.

“Кью-Эс-Си”, “Рийверстон”, “Юнайтед”, “Энержи систем”, “Канетик” компаниуд 2016 оны 6 дугаар сард тус бүрдээ ХХБ-наас дээр дурдсан их хэмжээний ам.долларын зээл авангуут шууд “Монголиан Коппер корпораци” ХХК-д дамжуулан зээлдсэн, нөгөө талаар зээлийн гэрээ нь үг, үсгийн зөрөөгүй ижил загвараар үйлдэгдсэн, ямар ч баталгаагүйгээр их хэмжээний ам.долларын зээл олгосон зэргээс үзэхэд халхавч баримт бичиг болох нь тодорхой хэмээн үзсэн байна. 

Банк бизнес эрхлэх зорилгоор банкны хөрөнгийн эх үүсвэрийг ашиглаж болохгүй гэдэг холбогдох хуулийн заалтыг илэрхий зөрчсөн бөгөөд Хөгжлийн банк, Монголбанкны санхүүгийн эх үүсвэрээр дээрх худалдан авалтын санхүүжилтийг бүрдүүлээгүй гэх баталгаа байхгүй гэдгийн ажлын хэсгийн ахлагч Ш.Раднаасэд танилцуулсан юм. 

“Эрдэнэт үйлдвэр” ХХК түүхэндээ 300 тэрбум төгрөгийн татвар төлж байсан түүх байхгүй ч энэ жил 120 орчим тэрбум төгрөгийн татвар төлөхөөр байгааг холбогдох газруудын мэргэжилтнүүдийн гаргасан мэдээллээс тодорхой харах боломжтой гэлээ. Ажлын хэсэг энэхүү шалгалт, хяналтынхаа үр дүнд хувийн хэвшлийн өмч гэгдэж буй 49 хувийг буцаан авахтай холбоотой шийдвэр гаргаагүй, мөн асуудлыг зөвхөн дотооддоо шийдэх нь зүйтэй хэмээн үзсэн, “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-ын 49 хувийг худалдан авсанд хувийн хэвшлийг буруутгаагүй бөгөөд хамгийн чухал нь үйл явц нь хэд хэдэн хууль зөрчсөн болохыг тогтоосон хэмээн санал, дүгнэлтийн танилцуулгын төгсгөлд дурдав. 

Ийнхүү Аждын хэсгийн дүгнэлттэй танилцсаны дараа Эдийн засгийн Байнгын хороон дарга Д.Тэрбишдагва “Энэ асуудлыг УИХ-ын даргын зөвлөлөөр авч хэлэлцэнэ. Даргын зөвлөлөөс Хууль зүй болон Эдийн засгийн Байнгын хороодын хамтарсан шийдвэрийн төсөл гаргах уу, УИХ-аар оруулах уу гэдгийг шийднэ” гэсэн юм.