Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Энхбаяр: “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлыг НПГ-аас гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн

А.Ням-Өлзий, iKon.mn
2017 оны 2 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан процессыг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцлээ. 

Уг асуудлыг хэлэлцэхийн өмнө УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, О.Баасанхүү нар “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлыг хэлэлцэхийн тулд 49 хувийг эзэмшиж байгаа талыг байлцуулах нь зүйтэй гэсэн санал гаргав. Ингээд 49 хувийг эзэшигч тал байхгүй учир асуудлыг хойшлуулах нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 16 гишүүний 12 нь татгалзсан тул асууадлыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр болов.

Ингээд гишүүд "Эрдэнэт"-ийн хувьцааг худалдан авсантай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлэв .

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Монгол зэс” 49 хувийг өгөхгүй гэвэл яах вэ. Хууль бусаар олгосон хүмүүст нь ямар хариуцлага хүлээлгэх вэ хэмээн тодруулав.

Энэ асуултад Ажлын хэсгийн ахлагч Ш.Раднаасэд "Тухайн үеийн Засгийн газрын гишүүд, Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалаас эхлээд бүх хүнийг шалгах байх" гэсэн хариул өгөв. 

Мөн Ажлын хэсгийн гишүүн Ц.Нямдорж "Бидний гаргасан дүгнэлтэд худал зүйл огт байхгүй. “Эрдэнэт үйлдвэр”-ийг худалдан авах ажиллагаа ХХБ-ны гол хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэгийн хүрээллийн н.Пүрэвтүвшин, н.Хүрэлбаатар хэмээх хүмүүсийн байгуулсан компаниудаар дамжуулан явагдсан. “Монгол зэс”-д 62 сая ам.доллар зээлсэн “Кю Эс Си” нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг 2012 онд 30 жилийн хугацаанд концессын гэрээгээр авсан. Энэ компани Д.Эрдэнэбилэгийн мэдэлд байсан.

2012 онд Концессын гэрээгээр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг авахдаа өөрийн хөрөнгөөр төмөр зам, автозам гэх мэт таван бүтээн байгуулалт хийхээр тохирсон. Гэтэл Засгийн газар 2015 онд төмөр зам, автозам барьсан мөнгийг нь буцааж олгох гэнэтийн шийдвэр гаргаж, 2016 оны хоёрдугаар сарын 26-нд Сангийн сайд Б.Болорын тушаалаар 90 сая ам.доллар олгосон байна. 2016 оны зургадугаар сарын 17-нд н.Пүрэвтүвшиний эзэмшлийн “Ривер стоун” компаниас 70 сая ам.доллар зээлдсэн байна. Улмаар “Юнайтед Энержи Систем” компаниас 70 сая ам.доллар зээлсэн. Энэ компани 2012 онд байгуулагдсан. 2012-2015 онд нийт 33 сая төгрөгийн татвар төлсөн бол 2016 онд нэг сая төгрөг төлсөн байна.

Тэгээд “Кю Эс Си” компанийн мэдэлд шилжсэн. Дараа нь Сингапурт бүртгэлтэй “Канет” компаниас 68 сая ам.доллар авсан. Энэ компанийг н.Пүрэвтүвшин 2016 оны гуравдугаар сард Монгол Улсад бүртгүүлэх гэж байгаад больсон юм. Засгийн газар тухайн үед мөнгөгүй байсан учраас 49 хувийг авахаас татгалзсан гэсэн тайлбар хэлж байсан. Тийм биш. Энэ хэмжээний луйврыг би урд нь харж байгаагүй” гэлээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Улсад төлөх татвар буурсан байсан. Үүнийг шалгасан байх. Яагаад татвар багассаныг тодруулмаар байна” гэсэн асуултад УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд  “Монгол зэс" гэдэг их будлиантай компани. Дөрвөн удаа нэрээ өөрчилсөн. Энэ нөхдүүдтэй холбоотой 30 гаруй компани, нэр бүхий найман хүнийг тойроод байдаг" гэсэн тайлбар хийсэн юм.

Харин Ажлын хэсгийн гишүүн н.Баяраа Ц.Даваасүрэн гишүүний асуусан татвартай холбоотой асуудал хариулт өглөө. Тэрбээр “Эрдэнэт” үйлдвэр 2015 оны 323.4 тэрбум төгрөг төлж байсан. 2016 оны жилийн эцсийн дүнгээр 177.8 тэрбум төгрөг төлсөн баримт байна. Ингэж багассан шалтгаан нь дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ буурсантай холбтоотой. Өнгөрсөн онд зэсийн дундаж үнэ 5,706 ам.доллар байсан. Зэсийн үнэ 5,000-аас дээш гарсан нөхцөлд АМНАТ-ын хэмжээ үндсэн таван хувь дээр нэмэх нь 11 хувь гээд нийт 16 хувиар тооцдог. 

Энэ оны эхний есөн сарын байдлаар 4,720 ам.доллар байсан. 5,000-аас дээш гараагүй учир АМНАТ үндсэн таван хувийн хүү төлж явсан. Үүнээс 145 тэрбумаар буурах төлөв харагдаж байгаа юм. Зөвхөн АМНАТ-ын хувьд. 11, 12 дугаар сард зэсийн үнэ 5,400-5,900 болсон. Энэ хоёр сард нэмэлт татварын хууль үйлчилнэ. 

Тухайн үед буюу есдүгээр сард “Эрдэнэт” үйлдвэр улсад 108 тэрбум төвлөрүүлэхээр тооцож байсан ч гүйцэтгэлээр 117.8 тэрбумыг төлсөн. 

Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяр "Засгийн газраас томилогдсон ажлын хэсэг “Эрдэнэт-“ийн 49 хувийг худалдан авсан ажиллагаа хууль зөрчсөн гэж үзээд АТГ-т шилжүүлсэн. ХЗДХ-ийн сайдаас энэ асуудлыг шалгуулахаар АТГ-т шилжүүлсэн. Нийслэлийн прокуророос 2016 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр гэмт хэргийн шинжгүй байна гэж үзээд хэрэгсэхгүй болгох шийдвэр ирүүлсэн" гэлээ.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.