БНТУ-ын 2017-2018 оны хичээлийн жилийн магистр, докторын тэтгэ-лэгт хөтөлбөрийн бүртгэл эхэлжээ. Тэтгэлгээр суралцах хүсэлтэй оюутан залуус “www.turkiyeburslari.gov.tr” цахим хаягаар орж, бүртгүүлэх боломжтой юм байна.
Тэтгэлэг горилогчид дээрх цахим хаягт хандаж бүртгэлийн зааврыг сайтар уншиж танилцсаны дараа шаардлагатай бичиг баримтыг цахим хуудсанд оруулж бүртгүүлэх ёстой гэдгийг албаныхан хэлж байна. Бүртгэлийг зөвхөн цахим хэлбэрээр хийх ажээ. Шуудангаар ирүүлэх буюу өөрийн биеэр авчирсан бүртгэлийг хүлээж авахгүй. Хугацааны хувьд, нэгдүгээр сарын 16-наас хоёрдугаар сарын 17-ныг хүртэл зөвхөн цахим хаягаар бүртгэнэ гэдгийг албаныхан онцоллоо.
Энэ удаагийн магистрын хөтөлбөрт 1987 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш торсон хүмүүс хамрагдана. Докторын тэтгэлэгт хөтөлбөрт 1982 оны нэгдүгээр сарын 1 -нээс хойш торсон хүмүүс хамрагдах боломжтой юм байна. Мөн энэ хөтөлбөрт Турк улсын иргэн эсвэл тус улсын иргэншлээс гарсан хүмүүс хамрагдахгүй.
Тэтгэлгээр суралцах хүсэлтэй оюутан залуус нь Турк улсад өөрийн бүртгүүлэх гэж буй сургалтад өмнө нь суралцаагүй байх шаардлагатай. Түүнчлэн дээрх цахим бүртгэлийн системд нэр нь ороогүй их, дээд сургууль болон мэргэжлийг сонгох боломжгүй гэдгийг БНТУ-ын Элчин сайдын яамнаас онцгойлон анхааруулав.
Тэтгэлэгт хөтөлбөрт бүртгүүлсэн иргэдийг сонгон шалгаруулахдаа сонгосон их, дээд сургууль болон мэргэжлийн онцлогийг үндэслэн сурлагын түвшин, нийгмийн идэвх, гаргасан амжилт зэргийг харгалзан үзэх аж. Тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг та "www.turkiyeburslari.gov.tr” цахим хаяг болон "08504550982” дугаарын утсаар холбогдон аваарай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!