Агаар, бороонд татвар ногдуулах тухай яриа хамгийн анх XIX зуунд хүүхдийн номон дээр гарч байсан бол өдгөө энэ бүхэн бодит зүйл болжээ.
1961 онд ЗХУ-ын “Союзмультфильм”-д бүтээгдсэн “Чипполино” хэмээх хүүхэлдэйн кинонд Нимбэг хунтайж ард түмэндээ хандан “Сүүлийн үед манай улсын орлого багасах боллоо. Бид агаарт татвар ногдуулж эхэлснээс хойш та бүхэн бага амьсгалж байна. Энэ бол үнэхээр зэвүү хүрмээр зүйл юм.
Тиймээс бид хур тунадаст татвар ногдуулна. Энгийн бороонд 100 лир бол аадар бороонд 200 лирийн татвар оноохоор боллоо” хэмээн ярьдаг.
Агаар бохирдуулагчдаас “Агаарын татвар” авч байна
“Агаарын татвар”-ын хувьд агаарын бохирдлыг бууруулах зорилгоор дэлхийн улс орнуудад хэрэгжүүлээд олон жилийн нүүрийг үзэж байна.
Тухайлбал хүлэмжийн хий, хорт бодис маш ихээр ялгаруулж буй үйлдвэрүүд агаар бохирдуулсныхаа төлөө татварын дарамтад өртөж, алдагдал хүлээх, эсвэл техник технологио сайжруулахад мөнгө зарцуулахаас өөр аргагүй.

Хоол хүнсэнд ч татвар ногдуулна
Яг үүн шиг хүмүүсийн идэж ууж, өмсөж зүүж буйд ч татвар ногдуулдаг болжээ. Тухайлбал Мексикийн Засгийн газар хүн амынхаа дунд тахал болоод буй таргалалттай тэмцэх зорилгоор саахар, өөх тос ихээр агуулсан хүнсний бүтээгдэхүүнүүдэд нэмэлт татвар ногдуулахаар болжээ.
Тус улсын парламентын доод танхимынхан чипс, шоколадтай чихэр зэрэг “хог болсон бүтээгдэхүүн”-д таван хувийн татвар оноох Ерөнхийлөгчийн төсвийн төлөвлөгөөг дэмжсэн байна.
Үүнээс гадна хийжүүлсэн чихэрлэг ундааны литр тутамд нэг песогийн татвар авахаар ярилцаж байгаа аж.
Тэгвэл Францын Үндэсний хурал энэ сарын дундуур литр тутамдаа 220 мг-аас дээш кофеин, эсвэл 300 мг-аас дээш таурин агуулсан чихэрлэг хийжүүлсэн ундаанд татвар ногдуулахыг дэмжсэн. Үүний үр дүнд “Red Bull” зэрэг эрч хүчний бүх ундаа 250 мл-ийн лаазтай нь л гэхэд 25 центээр өссөн аж. Францын төсөв энэ хэрээр жилд 60 сая еврогийн нэмэлт орлого олох юм.
Тус улсын эрүүл мэндийн байгууллагуудын мэдээлснээр өсвөр насныхан ийм төрлийн ундаанаас болж хүнд хордлого авч, амь насаа алдах нь нэмэгдсэн тул худалдан авагчдыг хортой зуршлаас нь салгах зорилгоор ийнхүү өндөр татвар ногдуулжээ.
Яг ийм шалтгаанаар Унгарт ч сүүлийн жилүүдэд эрч хүчний ундаа, давс, саахарын өндөр агууламжтай хүнсний бүтээгдэхүүнд өндөр татвар ногдуулж байна. “Чипсний татвар” хэмээх өвөрмөц нэртэй энэхүү хураамжид савласан бялуу, чихэрлэг жигнэмэг ч багтаж байгаа аж.
Үр дүнд нь Унгарын төсөв 74 сая еврогоор нэмэгдэж байгаа ч төр засгийнхан үүгээрээ эрүүл мэндийн системийн ачааллыг багасгасан гэж үзэж байгаа юм. “The New York Times” сонинд бичсэнээр Унгарын хүн амын 2/3 нь илүүдэл жил, таргалалтад нэрвэгджээ. Үүнээс гадна Унгар улс хүн амынхаа давсны хэрэглээгээр Европын холбоондоо тэргүүлдэг байна.
Энэ мэтчилэн “ашигтай” татваруудыг Итали, Таиланд, Финланд зэрэг аялал жуулчлал хөгжсөн орнууд хэрэгжүүлэх нь олонтаа. Жишээлбэл зочид буудлаар үйлчлүүлэгчдээс авдаг уг татварыг л гэхэд архитектурын дурсгалуудыг сэргээн засварлах зэрэгт ашигладаг байна.

Нарны эрчим хүч хэрэглэгчид хараанд өртжээ
Үүнээс гадна тайлбарлахын аргагүй зарим татвар байдаг аж. Тухайлбал Италийн засаг захиргаа энэ сарын эхээр нарны татвар авах болсон тухай гэнэт мэдэгджээ.
Нарлаг цаг агаар, нарны энерги хураагуурт үзүүлж буй хөнгөлөлтийн ачаар тус улсын иргэд байшингийнхаа дээвэр дээр сэргээгдэх эрчим хүчний төхөөрөмжийг дуртайяа суурилуулж эхэлжээ.
Гэтэл бүрхэг өдрүүдэд эрчим хүчний бусад эх үүсвэр болох хийн болон нефтийн цахилгаан станцыг ашиглахаас өөр аргагүй тул үүн дээр нь дөрөөлөн татвар ногдуулахаар болов.
Учир нь санхүүжилт бага авдаг болсон эдгээр салбарынханд улсаас 26 сая евро төлөхөөс өөр аргагүй болсон гэнэ.
Тиймээс хууль батлагчид нэг кВт цахилгааны үнийг 5.3 центээр нэмж, нарны батарей эзэмшигчдээс “нарны татвар” хэмээн нэмж 6.8 цент авахаар болжээ. Энэхүү татвараас зайлсхийсэн тохиолдолд 30 сая еврогийн торгууль төлөх эрсдэлтэй.
Хачирхалтай татварууд
Гипсний татвар. Гадаадын жуулчдаас болж Австрийн цанын баазуудын гэмтлийн эмнэлгүүд алдагдалд орох болсноос ийм татвар ногдуулах болжээ.
2012 онд Клайпедийн засаг захиргаа жинхэнээсээ бороонд татвар ногдуулсан. Энэхүү татварыг борооны ус зайлуулах шугамд холбогдсон бүх хүн төлөх бөгөөд олсон орлогоор нь засвар, үйлчилгээ хийх юм байна.
Хятадад нэг удаагийн савхны татвар хэрэгждэг. Тус улсын засаг захиргаа ой модоо хамгаалах зорилгоор 2006 оноос энэхүү татварыг санаачилжээ. Таван хувийн татварын ачаар Хятадын иргэд, үйлчилгээний газрынхан олон удаагийн хэрэглээний савханд шилжсэн байна.
Белорус улс ажилгүйчүүд, хувиараа хөдөлмөр эрхлэгчдээс татвар авахаар зэхэж байна. Энэ нь улсын төсөвт хэдэн тэрбум рублийн орлого оруулах ашигтай гэнэ.
Газрын хэвлийг хөндөгчдийг ч татвар тойрдоггүй. Гүржид л гэхэд эрдэст ус олборлоход тусгай татвар төлдөг аж.
АНУ-ын Арканзас мужид шивээс, пирсингийн татвар үйлчилдэг. 2005 оноос эхлэн биедээ шивээс хийлгэсэн бүх хүн үйлчилгээний хөлсний зургаан хувьтай тэнцэх татварыг улсдаа тушаах үүрэгтэй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!