Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

Дотоодын цэргийг дахин сэргээх асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өмнөх Засгийн газрын үед буюу 2014 онд Хууль зүйн сайдын шийдвэрээр Цагдаагийн Ерөнхий Газрын харьяанд байсан Дотоодын цэргийг татан буулгасан билээ.

Харин энэ байгууллагыг дахин сэргээх агуулга бүхий Дотоодын цэргийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 22-нд Засгийн газраас УИХ-д өргөн барьсан

Уг хуулийн төслийн талаарх хуульч, эрдэмтэд, хуулийн төсөл боловсруулсан ажлын хэсгийн гишүүд, цагдаа, дотоодын цэргийн үе үеийн удирдлагууд оролцсон хэлэлцүүлэг өнөөдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд боллоо. 

Дотоодын цэрэг нь үндсэн хоёр чиг үүрэгтэй гэж хэлж болно.  Үүнд:

  • Улсын онц чухал обьектыг хамгаалах
  • Гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах ажилд цагдаагийн байгууллагын хүч хүрэлцэхгүй болбол түүнд туслах гэсэн чиглэлээр ажилладаг байна. 
Тодруулбал, хуулийн төсөлд дотоодын цэргийг цомхон, мэргэшсэн бүтэц, бүрэлдэхүүнтэйгээр байгуулан түүний бие даасан байдлыг хангаж, улсын онц чухал обьектыг хамгаалах, шаардлагатай үед нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг таслан зогсоох, иргэн, байгууллагын аюулгүй байдал, өмч хөрөнгийг хамгаалах, террорист үйлдлийн эсрэг тусгай ажиллагаа гүйцэтгүүлэх, гамшиг, аюулт үзэгдэл, техникийн осол, гал түймэр, хүн, малын гоц халдварт өвчин гарсан үед аврах болон хорио цээрийн дэглэм сахиулахад оролцох хэрэгцээ шаардлагад нийцүүлэн боловсруулжээ. 

Дотоодын цэргийн үүсэл 

Дотоодын цэрэг 1922 оны 07-р сарын 16-ны өдөр Их жанжин Д.Сүхбаатарын санаачилга, Ардын түр Засгийн газар, Бүх цэргийн зөвлөлийн шийдвэрээр Дотоодыг хамгаалах газрын дэргэд партизан голдуу 10 гаруй цэргийн бүрэлдэхүүнтэй “Тусгай тасаг” нэртэйгээр анх байгуулагдаж тухайн үед алслагдсан сум, хошуудад нууц бичиг, шуудан хүргэх, улсын чухал газруудыг манаж хамгаалах, хоригдол ялтанг хуяглан хүргэх зэрэг үүрэг голчлон гүйцэтгэж байсан нь Дотоодын цэргийн үүсэл болсон байна. 

Зэвсэгт хүчин, хилийн цэрэг, цагдаагийн байгууллагаас Дотоодын цэргийн ялгаатай талууд: 

Зэвсэгт хүчин, хилийн цэрэг, цагдаагийн байгууллага нь өөр өөрийн хуульд заасан чиг үүргүүдийг хэрэгжүүлдэг Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чигүүрэгтэй байгууллагууд юм. Тэднээс Дотоодын цэргийн ялгагдах онцлогийн тухайд: 

Зэвсэгт хүчнээс ялгаатай тал Монгол Улсын Зэвсэгт хүчний тухай хуулийн 2-р бүлгийн 7-р зүйлийн 7.1-т зааснаар Зэвсэгт хүчин нь хуурай замын цэрэг, агаарын цэргээс бүрдэнэ”, мөн хуулийн 7.2-т зааснаар “Дайны байдал зарламагц...дотоодын цэрэг ...зэвсэгт хүчний бүтцэд багтаж үүрэг гүйцэтгэнэ” гэж тус тус заажээ.Хуулийн дээрх заалтаас үзэхэд Дотоодын цэрэг нь тайван цагт Зэвсэгт хүчний бүтцэд хамаарахгүйгээр хуульчлагдсан байгаа юм.

Мөн улс орны дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүргүүдийг өөрийн командлагчийнхаа шууд шийдвэрээр орон нутгийн засаг захиргаа, цагдаа, онцгой байдал, шүүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэгээрээ Зэвсэгт хүчнээс ялгаатай юм.

Хилийн цэргээс ялгаатай тал Хилийн цэрэг, Дотоодын цэрэг нь цэргийн байгууллага боловч улс орны өмнө хүлээсэн өөр өөр чиг үүргүүдийг хэрэгжүүлдэгээрээ ялгаатай юм. Тухайлбал: Дотоодын цэрэг нь улс орны дотоодод гарсан гэмт хэрэг, оргон нуугдсан гэмт хэрэгтнийг эрэн сурвалжлах, үймээн самуун. нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг таслан зогсоох зэрэг чиг үүрэг гүйцэтгэдэг бол Хилийн цэрэг нь дээрх чиг үүргийг үндэсний аюулгүй байдлыг хангах тусгай чиг үүргийн байгууллагуудтай хамтран өдөр тутам хэрэгжүүлэх боломжгүй байдаг. 

Цагдаагийн байгууллагаас ялгаатай тал Дотоодын цэрэг нь улс орны дотоод аюулгүй байдлыг хангах, хүн амын амьжиргааны нэн чухал хангамжийн объектуудыг хамгаалах чиг үүргүүдийг цагдаагийн байгууллагатай өдөр тутам хамтран хэрэгжүүлдэг боловч цагдаагийн байгууллагын бүтцэд ордоггүй, байцаан шийтгэх үйл ажиллагаанд оролцдоггүйгээрээ цагдаагийн байгууллагаас ялгаатай юм.

Дотоодын цэрэгтэй ижил төстэй гадаад орнуудын байгууллагуудын тухай

Дэлхийн 120 орчим орны Дотоодын цэрэгтэй ижил төстэй байгууллагуудын талаар судалгаа хийж үзэхэд өөрийн улс орныхоо дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй байгууллагууд байна.

Улсын онц чухал объект, чухал байгууламж. төр засгийн тэргүүн. гадаадын зочид төлөөлөгчид, тухайн оронд суугаа Элчин сайдын яам, консулын газруудыг хамгаалах, улс орныхоо дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудад туслах, зорчигч, тусгай ачаа тээшийг тээврийн замд харгалзан хүргэх, байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн осол, гэнэтийн аюул тохиолдсон үед авран хамгаалах ажилд туслах, гэмт хэргийг таслан зогсоох, нийтийн хэв журмыг сахиулахад цагдаагийн байгууллагад дэмжлэг үзүүлэх. террорист байгууллагын эсрэг тусгай ажиллагаанд оролцох зэрэг нийтлэг үүрэг гүйцэтгэдэг байна. 


 

Дотоодын цэргийн талаар ЦЕГ-ын дарга бөгөөд Дотоодын цэргийн командлагч асан Хошууч, генерал Б.Пүрэв:

Дотоодын цэрэг 1922 оны долоо сарын 16-ны өдөр Их жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар байгуулагдаж байсан түүхтэй. 1922 оноос хойш Дотоодын цэрэг НАХЯ-ны бүрэлдэхүүнд багтаж байгаад 1990 онд ЦЕГ-ын харъяанд ирсэн юм.

Дотоодын цэрэг гэж юу вэ гэдгийг 1995 онд батлагдсан Дотоодын цэргийн тухай хуульд тодорхой заасан байдаг юм. Товчхондоо бол нэгдүгээрт, Монгол Улсын онцгой чухал обьектыг хамгаалах үүрэгтэй. Жишээ нь хүн амын ундны усны эх үүсвэр, үндэсний хэмжээний радио телевиз, цахилгаан станц, улсын нөөцийг хамгаалдаг.

Хоёрдугаарт, гэмт хэрэг, нийгмийн хэв журмыг хангахад хүч хавсрах учиртай. Нийтийн хамарсан эмх замбараагүй байдал, малын гоц халдварт өвчин дэгдлээ гэхэд ганцхан цагдаагийн байгууллагын нөөц хүрэлцэхгүй. Дотоодын цэрэг гэдэг чинь сахилга баттай ямар нэгэн асуудал гарлаа гэхэд хэзээд бэлэн байдаг. Наанадаж Дотоодын цэрэгт жилд хэдэн хүүхэд татаад цэргийн алба хаалгахад эх орноо батлан хамгаалах цэргийн эрдэм, сахилга баттай болно шүү дээ. Ер нь Дотоодын цэргийн чиг үүргийг өөр байгууллагад шилжүүлээд хожих зүйл бага гэж би хувьдаа боддог.