Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

"Хөгжлийн банкны нийт зээлийн 75 хувь нь асуудалгүй, үлдсэн 25 хувийг 16 төсөл хөтөлбөрт олгосон"

А.Ням-Өлзий, iKon.mn
2016 оны 12 сарын 26
iKon.MN
Зураг зураг

УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж, хурлаар хэлэлцсэн асуудлыг талаар бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж болон УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Л.Болд нар мэдээлэл хийлээ.

Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар энэ долоо хоногт хэлэлцэх Хөгжлийн банкны тухай хуулийн төсөл болон Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын талаар хэлэлцжээ. АН-ын бүлгийн гишүүд Хөгжлийн банкнаас олгосон зээлийн дөрвөн хувь эрсдэлтэй. Үүний хоёр хувь нь төрийн өмчийн компаниудад олгосон зээл эзлэж байна гэсэн юм.

Бүлгийн дэд дарга Б.ПүрэвдоржЧингис, Самуурай бондоор нийт 1.8 тэрбум ам.доллар 580 саяын евро бонд босгож Хөгжлийн банкаар дамжуулан төсөл хөтөлбөрүүдэд олгосон. Энэ гадаад бондоор маш их хэрэгцээгүй зүйл хийж, идэж уусан гэж МАН-ынхан улстөржсөн. Хөгжлийн банканд шалгалт хийсэн ажлын хэсгийн 200 гаруй хуудас дүгнэлт нууц байсныг өнгөрсөн долоо хоногт манай бүлгийн гишүүд авч танилцсан.

Ажлын хэсгийн дүгнэлтээс харахад Хөгжлийн банкны нийт зээлийн 50 хувийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцлөөр бүтээн байгуулалтын 389 төсөл хөтөлбөрт олгосон. Тэр төсөл хөтөлбөрийн жагсаалтыг олон нийтэд ил болгох хэрэгтэй. 25 хувийг нь арилжааны банкаар дамжуулан 2,000 орчим компанид зээл олгосон. Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй болон арилжааны банкуудаар дамжуулан олгосон зээлд зээлийн эрсдлийн сан байгуулаагүй.

Тэгэхээр нийт зээлийн 75 хувь нь асуудалгүй. Үлдсэн 25 хувийг Хөгжлийн банк 16 төсөл хөтөлбөрт зээл олгосон. Нийт зээлийн дөрвөн хувь дээр нь эрсдэлийн сан байгуулсан байна.

Эрсдэлийн сан байгуулсан компаниудын ихэнх нь төрийн өмчийн компани байгаа юм. Тодруулбал, Дулааны цахилгаан станц, Амгалан станц, МИАТ, “Эрдэнэс MGL”, “Эрдэнэс Тавантолгой”, ТОСК зэрэг томоохон төрийн өмчийн компани энэ зээлийн ихэнхийг нь авсан. Энэ зээлүүд дээр эрсдэлийн сан байгуулсан” гэлээ.

Хувийн хэвшлийн компаниуд дунд МАН-ын гишүүдтэй холбоотой компани байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. АН-ын бүлэг шалгалтын дүнгийн 200 хуудас материалыг олон нийтэд нээлттэй болгох шаардлага тавьсан. Энэ шаардлагыг Засгийн газар биелүүлнэ гэж амалсан. Мөн түүнчлэн Хөгжлийн банкны тухай хуулийг хурдан шуурхай хэлэлцэж улстөрчдөөс хараат бус байх боломжоор хангахаар болсон. Энэ долоо хоногт хуулийн төслийг хэлэлцүүлнэ. 

З.Нарантуяа: Хөгжлийн банкаар дамжуулж олгосон нийт зээлийн 54 хувийг Монгол Улсын эдийн засгийг дэмжихэд зарцуулсан

УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Энэ долоо хоногийн УИХ-ын хэлэлцэх асуудлын жагсаалтад Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр болсон. Миний бие хуулийн төслийг хамтарч боловсруулсан. Хөгжлийн банктай холбоотой асуудалд цэг тавьж мухарлах хэрэгтэй байгаа юм.

Тус банк нь Монгол Улсын эдийн засгийг урт хугацаанд өргөх том төслийг санхүүжүүлэх, гадны хөрөнгө оруулалтыг татах хамгийн том институц юм. Энэ институцийг бид улстөржүүлээд хаячихвал үнэ цэнэ нь буурна. Гадаад зах зээл дээр Хөгжлийн банкны бонд эрсдэлд орно. Тиймээс тус банкны үнэ цэнийг хамгаалж, үүрэг чиглэлийнхээ дагуу ажиллах боломжоор хангах нь зүйтэй.

Бид өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкаар дамжуулж олгосон нийт зээлийн 54 хувийг Монгол Улсын эдийн засгийг дэмжихэд зарцуулсан. Ялангуяа эдийн засгаа солонгоруулах, ажлын байр нэмэгдүүлэх, бүтээн байгуулалтын ажилд зарцуулагдсан. Энэ бүгдийг хувийн сектор хийсэн. Хувийн салбараа дэмжих ажил орлоготой болгохын тулд бонд гаргасан. Үүнийг зүгээр л үр ашиггүй өр гэж нэг талаас нь тайлбарлах зохимжгүй.

Тиймээс тоон дээр суурилж дүгнэлт гаргахыг хичээсэн. Яг өнөөдрийн байдлаар “Чингис” бондын 2.6 их наяд төгрөгийн зээл байна. Засгийн газар Хөгжлийн банкны шалгалтыг актыг нууцын зэрэглэлээс ил гаргасны дараа шалгалтын материалыг фейсбүүк дээр тавина. Төсөл хэрэгжүүлсэн компаниуд төсөвт өртгөө нэмэгдүүлсэн гэж буруутгах нь зохимжгүй. Зарим нэг алдаатай зүйл байгаа байх. Хууль хяналтын байгууллага үнэн зөвөөр нь тогтоогоод өөрсдийн шугамаар ажлаа хийдэг баймаар байна. Тэр болгоныг улстөржүүлж, иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл өгөхгүй байх хэрэгтэй. Тиймээс шинэчилсэн найруулгын төсөлд хэд хэдэн зарчмын өөрчлөлт хийхгүй бол болохгүй юм байна гэж үзсэн.

Нэгдүгээрт, Хөгжлийн банкаар дамжуулж хэрэгжих Монгол Улсын хөгжлийн бодлого, урт хугацааны баримт бичгүүдтэй уялдуулж, төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл нь Хөгжлийн банкны нийт санхүүжилтийн хэдэн хувь нь байх юм бэ гэдгээ тодорхой тогтоож журам стандартаа тодорхой болгож өгөх хэрэгтэй байгаа юм. Ингээгүйгээс болоод өнөөдөр ихэнх  зээл УИХ, Засгийн газар дээр яригдаж шийдэгддэг болсон. Энэ банкны өөрийнх нь бие даасан байдал алдагдчихаад байна. 

Тиймээс санхүү, төлбөрийн чадварын зохистой харьцааны үзүүлэлтүүдийг хуульдаа маш тодорхой зааж өгөөд, хэн тогтоохыг нь тодорхой хэлж өгөх нь чухал байна. 

Хоёрдугаарт, Хөгжлийн банканд бие дааж ажиллах боломжийг олгож өгөхгүй бол бүх зүйл улс төрөөс хамааралтай, хараат бус, бие дааж ажиллах чадваргүй болчихоод байна. Тийм чадвартай болгохын тулд эрх, үүргийг нь өргөн болгож өгөх хэрэгтэй. Үүнийг хуульд тусгасан байна. Тийм учраас бид энэ хуулийн дэмжиж байгаа. 

Мөн Хөгжлийн банкны удирдлагын хараат бус байдал. Өнөөдөр тус банкны ТУЗ-ийн есөн гишүүний зургааг Засгийн газраас томилж байна. Тэгэхээр Хөгжлийн банкны ТУЗ улс төрөөс хараат, тэр тусмаа Засгийн газар төрийн албан хаагчдаа тийш нь томилох нь утгагүй зүйл. Энэ цэвэр мэргэжлийн хүмүүсийг тавьдаг байх ёстой гэж хуулинд оруулж өгч байгаа. 

Олон нийтийн хараа хяналтыг сайжруулах үүднээс хараат бус ТУЗ-ийн гишүүн гэж гурван хүн ажилладаг. Тэрийг сонгодог утгаар нь хараат бус байх, аж ахуйн нэгжүүд, хувийн секторын төлөөллийг оролцуулдаг заалтыг оруулж өгөхгүй бол энэ Хөгжлийн банк хараат бусаар ажиллаж чадахгүй болоод байна. Иймэрхүү үндсэн зарчмуудыг энэ хуульд суулгаж өгч байгаа. Энэ хуулийг АН-ын бүлэг дэмжлээ. 

Дээрх мэдээллийг хийсний дараа гишүүд сэтгүүлчдийн асуултад хариулав. 

-Хөгжлийн банкнаас хувийн хэвшлийнхэнд олгосон зарим зээлэнд Засгийн газар баталгаа гаргасан. Хэдэн аж ахуй нэгжийн зээлэнд Засгийн газар баталгаа гаргасан бэ. Ер нь Засгийн газар баталгаа гаргаад байх нь хэр оновчтой вэ?

З.Нарантуяа: -Ажлын хэсгийн актан дээрх мэдээллээс хувийн хэвшлийнхний авсан хэдэн зээлэнд Засгийн газар баталгаа гаргасан тухай мэдэх боломжтой. Яг цээжээр хэлэх бололцоогүй байна. Ер нь АН-ын бүлэг улс орны эдийн засагт зайлшгүй хэрэгтэй томоохон төсөл хөтөлбөрүүдэд Засгийн газар баталгаа гаргадаг байвал зохилтой гэсэн байр суурьтай байгаа.

Одоо гаргасан байгаа Засгийн газрын баталгаа хуулийн дагуу юу, үгүй юу гэдгийг ажлын хэсгийн дүгнэлтээс аваарай. Ажлын хэсгийн дүгнэлт нууцын зэрэглэлээс удахгүй гарна. Засгийн газрын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл, Засгийн газрын баталгаа гаргаж олгосон зээл хоёрыг ялгаж ойлгох хэрэгтэй. 

Пүрэвдорж: -Хөгжлийн банкнаас гаргаж байгаа зээл, Засгийн газрын баталгаа хоёр ондоо. Засгийн газар хэд хэдэн компанийн зээлэнд баталгаа гаргасан гэж сонссон. Тухайлбал, Худалдаа хөгжлийн банкны 500 сая долларын зээлэнд баталгаа гаргасан байх жишээтэй. Засгийн газрын баталгаа Хөгжлийн банктай ямар нэг байдлаар холбоогүйгээр явна.