Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

СЗХ: ББСБ-уудын зээлийн хүүг ХОЁР ДАХИН БУУРУУЛНА

Г.Номин, iKon.mn
2016 оны 12 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Санхүүгийн Зохицуулах Хороо банк бус санхүүгийн салбарын зээлийн хүүг үе шаттай бууруулж, дөрвөн жилийн хугацаанд одоогийн байгаа түвшнээс хоёр дахин бага болгох бодлогын зорилтоо зарлаж мэдээлэл хийлээ.

СЗХ-ны дарга С.Даваасүрэн "Макро эдийн засгийн нөхцөл байдал таагүй байна. Мөн санхүүгийн салбарт тодорхой хэмжээний эрсдэл байна. Энэ эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор СЗХ-ноос шийдвэр гаргалаа.

 

ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийн өсөлт ба зээлийн хүүгийн бууралтын хооронд шууд хамаарал байгаа нь судалгаагаар тогтоогдсон.

Өнөөдрийн байдлаар, хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ нь 800 сая төгрөгөөс бага ББСБ-уудын зээлийн дундаж хүү 4.5 хувь байгаа бол 2.5 тэрбумаас их хөрөнгөтэй ББСБ-уудынх 3.3 хувьтай байна. Жигнэсэн дундаж хүү сарын 4.3 хувь, жилийн 51.6 хувь байгаа нь 800 сая төгрөгөөс бага хувь нийлүүлсэн хөрөнгөтэй ББСБ харьцангуй олон байгаатай холбоотой юм.

Тиймээс ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр боллоо. Ингэснээр 2020 оны эцэст ББСБ-уудын нэгдсэн балансын нийт актив 2.6 их наяд буюу одоогийнхоос 3.3 дахин их болж, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 1.4 их наядад хүрнэ. Жигнэсэн дундаж хүүгийн хэмжээ 2.1 хувь болж өнөөдрийнхөөс ХОЁР ДАХИН буурахаар байна.

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг одоо байгаа түвшинд нь хэвээр үлдээвэл ирэх жилүүдэд зээлийн хүү буурахгүй, харин ч өсөх хандлагатайг судалгаа харуулж байгаа. Улмаар ББСБ-уудын зээлийн хүү буурах нь нийт санхүүгийн зах зээл дэх зээлийн үйлчилгээний хүү төлбөрийг бууруулах эерэг хөшүүрэг болж чадна" гэв.

График: Бодлого хэрэгжүүлсний дараах ББСБ-ын жигнэсэн дундаж хүү

УИХ-аас баталсан "Эдийн засгийг сэргэзх хөтөлбөр”-т макро эдийн засгийн тогтвортой байдал, бодит өсөлтийг дэмжих хүүгийн уян хатан бодлого хэрэгжүүлэх, зээлийн хугацааг уртасгаж, хүүг бууруулах талаар тодорхой зорилтууд туссан. Эдгээрийг хэрэгжүүлэх хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооноос Улаанбаатар хотноо шинээр байгуулагдах ББСБ-ын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2.5 тэрбум төгрөг болгох шийдвэрийг гаргаад байгаа билээ. Уг шийдвэр эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн энэ цаг үед санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, ББСБ-ын чадавх, цар хүрээ, хүртээмжийг өргөжүүлэх, харилцагчид, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах зэрэг олон талын ач холбогдолтойн дээр ЗЭЭЛИИН ХҮҮГ бууруулах бодит үр нөлөө үзүүлнэ хэмээн СЗХ-оос үзэж байгаа ажээ.

"ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг шинэчлэн тогтоосноос хойш гурван аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөө аваад, ажиллаж байна. Эдгээр ББСБ-ууд зээл, санхүүжилтийн зэрэгцээ хөрөнгө оруулалт, санхүүгийн зөвлөгөө, мэдээлэл өгөх зэрэг чиглэлүүдээр ажиллахаар болж байгаа нь сайшаалтай.

Мөн 2015 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр СЗХ-оос ББСБ-ын дүрмийн сангийн хэмжээг 800 сая төгрөг болгох шийдвэр гаргасан. Энэ нь одоогийн үйл ажиллагаа явуулж байгаа ББСБ-уудад хамааралтай. 2017 оны нэгдүгээр сарын 1-н гэхэд дүрмийн сангийн хэмжээгээ 800 сая төгрөг болгох ёстой.

Одоогийн байдлаар дүрмийн сангийн хэмжээгээ 800 сая төгрөг болгох үүрэг бүхий ББСБ-уудын 84 орчим хувь нь энэ шаардлагыг хангаж байгаа. Энэ оны сүүлийн ажлын гурав хоног үлдээд байгаа энэ үед ББСБ-уудаас дүрмийн сангаа нэмэгдүүлэх хүсэлтүүд их ирж байна" хэмээн СЗХ-ны Ажлын албаны дарга Т.Жамбаажамц хэллээ.

Банк бус санхүүгийн салбарын олгосон нийт зээл дөрвөн жилийн эцэст 1.7 их наяд болж, арилжааны банкны зээлийн 10-аас илүү хувьтай тэнцэх тооцоо гарч байгаа ажээ.