Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

З.Нарантуяа: Төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлөөр олгогдсон 2.5 их наядын зээлийг чанаргүй гэж үзэх нь утгагүй

Монголын мэдээ
2016 оны 12 сарын 23
Монголын мэдээ

Энэ долоо хоногийн онцлох сэдвүүдийн талаар хэн юу хэлснийг хүргэж байна.

 
Гэрэл зургийг Mpa.mn

/УИХ-ын гишүүн/

Хөгжлийн банктай холбоотой асуудал өнгөрсөн долоо хоногийн гол сэдвийн нэг байлаа. Өчигдөр УИХ-ын чуулганаар Хөгжлийн банктай холбоотой асуудлыг хэлэлцэх байсан ч хойшлуулчихсан. Тэгвэл энэ асуудлаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа ярилцлага өгч, цөөнгүй зүйлийг ярьжээ.

Тэрбээр “Хөгжлийн банкны гаргасан зээлийн 70-90 хувь нь чанаргүй гэж дүгнэх нь буруу.  Нэгдүгээрт, Засгийн газрын баталгаатай, төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй төслүүдийн хувьд өглөгөө Хөгжлийн банкнаас авах авлагадаа суутгуулан тооцох болж байна.

Ингэхээр төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлөөр олгогдсон  2.5 орчим их наядын  зээлийг чанаргүй гэж үзэх нь утгагүй болсон. Хоёрдугаарт, арилжааны банкуудаар дамжуулж 1,600 орчим төсөлд олгосон 800 тэрбум төгрөгийн зээлийн  эргэн төлөгдөх эрсдэлийг гэрээний дагуу арилжааны банкууд хүлээсэн.

Банкууд зээлдэгчдээсээ авна, одоогоор  төлбөр, тооцоогоо саадгүй хийж байгаа, харилцагчид нь асуудалгүй байгаа  учраас эдгээр зээлүүдийг муудсан  гэж үзэх нь утгагүй юм.

Гуравдугаарт, Хөгжлийн банк цэвэр өөрийнхөө хөрөнгөөр  шийдэж олгосон 1.4 их наяд төгрөгийн 16 төсөл хэрэгжиж байна. Хаалттай хуралдаанаар энэ төслүүдийг компани бүрээр, явц байдлынх нь талаар шаардаж байж зарим нэгэн мэдээлэл авсан. Гэхдээ бүрэн биш. Энэ зээлүүдийн хувьд л чанарын асуудал яригдахаар байна.  

Хөгжлийн банкны асуудлыг улс төрийн маргааны  бай болгосноор энэ банкны нэр хүнд унаж байна. Өнгөрсөн хугацаанд хоёр нам өөр, өөрийнхөө өнцгөөс хараад нэг нь энэ банкийг маш муу байсан, нөгөө нь сайн байсан гэж хоёр туйлаас их үзэлцлээ.

Улстөрчдийн акциас болж  Хөгжлийн банкны үндсэн үүрэг бүдгэрч эхэлж байна. Зарим гишүүдийн амнаас Хөгжлийн банкийг татан буулгах тухай үг унаж байгаад сэтгэл  эмзэглэж байна. Бид  урагшилсан хөгжлөөсөө хойшоо ухармааргүй л  байна.

Хөгжлийн банкийг анх байгуулсан зорилго бол Монгол Улсын эдийн засгийг солонгоруулах, төсвийн хөрөнгөөр өгөөжөө өгөх том, том төслүүдээ санхүүжүүлж чадахгүй учраас гадны зах зээлээс бонд гаргах замаар хөрөнгө оруулалт босгон, төслүүдээ санхүүжүүлэх зорилготой байгуулсан. Ийм банк Монгол Улсын эдийн засагт урт хугацаатай хөрөнгө оруулалт татаж чадна.
 
Хамгийн гол нь хөрөнгө оруулалтынхаа банкны үүргийг зохих ёсоор гүйцэтгээд явах тэр замыг нь дэмжээд хууль эрх зүйн орчныг нь сайжруулж, зөв менежментээр удирдаж, улс төр ашиг сонирхлоос ангид байлгаж, хөрөнгө оруулалтын банк утгаар хөгжүүлэх хэрэгтэй. Ингэж чадсан нөхцөлд  Монгол Улсын эдийн засагт маш их хэрэгтэй” хэмээн ярьжээ. 

Л.Болд: Тэр залуу мөнгөө төлөхгүй гэж хэлээгүй, яагаад хасч байгаа юм бэ 

 
Гэрэл зургийг Mpa.mn

/УИХ-ын гишүүн/ 

-Өнгөрсөн долоо хоногт өрнөсөн бас нэг гол асуудал бол АН-ын даргын сонгуулийн сунгаа эхэлсэн явдал байлаа. АН Их хурлаараа намын даргаа бүх гишүүдээсээ сонгохоор болсон. Тиймдээ ч нэр бүхий таван хүн намын даргад өрсөлдөхөөр болж, өнгөрсөн лхагва гарагаас сурталчилгаагаа эхлүүлээд байгаа билээ. Тэгвэл АН-ын  Их хурал болоод бусад асуудлаар УИХ-ын гишүүн Л.Болд байр сууриа илэрхийлж ярьжээ.

Тэрбээр “Ардчилсан намын зургаадугаар Их хурал дээр ҮЗХ-ны шийдсэн асуудал өөр сценариар орж ирээд, бөөн маргаан үүссэн. Намыг бүх шатны сонгуульд ялагдуулсан хуучинсаг хүчнүүд их хурлыг үр дүнгүй ёслол болгоод тараах оролдлого хийсэн. Түүнээс болж их хурал сунжирч, ямар нэгэн үр дүнд хүрэлгүй тарах дээрээ тулсан.

Эцэст нь, намынхаа шинэчлэлийн эхлэлийг тавих нь зүйтэй гэж үзээд гишүүдийн бүртгэл, намын даргын сунгаа гэх мэт гол асуудлаа шийдсэн. Манай нам өнгөрсөн хугацаанд хариуцлагын асуудлыг нэлээд ярьсан.

Өмнө нь хариуцлагын заалтыг хүчингүй болгох шийдвэр ҮЗХ-ноос гараагүй. Гэтэл их хурал дээр тараасан материалд хариуцлагын заалтыг хүчингүй болгосон гэх агуулга орж ирсэн. Үүнийг их хурлын төлөөлөгчид эсэргүүцсэн. Тиймээс гишүүдээс санал хурааж, хариуцлагын заалтаа эргээд сэргээсэн.

Энэ мэт их хурлыг хийж байгаа, их хурлаар хэлэлцэж байгаа асуудлын цаад зорилго нь эргэлзээтэй байгаа юм. Дандаа л хуучнаа хамгаалсан, одоогийн байгаа хүрээллээ баталгаажуулах зорилгоор их хурлыг чиглүүлэх гэсэн оролдлого явсан. Гэхдээ яах вэ, Ардчилсан нам их хурлаа хуралдуулсан гэдэг нь том алхам юм. Үүнийг ухралт болгож ашиглах уу, үгүй юу гэдэг нь намын даргын сунгааг хэрхэн зохион байгуулахаас харагдана.  

Ардчилсан намын даргад зургаан хүн нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэн. Тэр дунд ганцхан шинэ залуу боловсон хүчин байсан. Гэтэл ажлын хэсгийн гаргасан эхний шийдвэр бол дэнчингийн мөнгөө төлөх хугацаа өгөөгүй, түүний нэрийг хассан. Тэр залуу дэнчингийн мөнгийг төлөхгүй гэж хэлээгүй.

Эцсийн шатанд намын даргын саналыг хураахад дэнчингийн мөнгөө төлөөгүй бол асуудлыг өөрөөр ярьж болно. Яагаад нэр дэвших эрхийг нь хасч байгаа юм бэ. Энэ нь хаалттай ажлын хэсэг байгуулагдсан гэж харагдуулж байна. Намын даргад нэр дэвших шалгуурыг маш буруу тавьсан. Үүн дээрээ намын шинэчлэлийг бүрэн зогсоох алхам хийж байгаа нь ажлын хэсэг цаашид зөв ажиллах уу, үгүй юу гэдэг эргэлзээг төрүүлж байна. Үүнээс үүдэж ажлын хэсэгт давхар хяналт хэрэгтэй гэдэг нь харагдаж байгаа юм” хэмээн ярьжээ.

Ш.Гунгаадорж: Түлшээ өөрсдөө бэлтгэнэ гэдэг бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын нэг баталгаа

 

/Монгол Улсын 15 дахь Ерөнхий сайд/ 

-Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг санхүүжүүлэхээр болсон таатай мэдээ гарсан. Энэ талаар Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж гуай ярьжээ.

Тэрбээр “Түлшээ өөрсдөө бэлтгэнэ гэдэг бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын нэг баталгаа мөнөөс мөн. Өнөөдрийн хувьд бид хараат байна.

Одоо манай улс олон улстай чөлөөт харилцаатай болсон энэ үед өөрийнхөө нефтийг гаргах, боловсруулах хэрэгтэй. Халх голд “Петро чайна тамсаг”-ийн олборлолт хийж байгаа нөөцийг Англичууд анх судалгаа хийж олсон юм шүү дээ. Түүнийгээ Хятадад зарчихсан. Өөрөөр хэлбэл, хойд том гүрнээс урд том гүрэн рүү шилжиж, тэр их нөөцийг маань зөөсөөр л байна.

Бид өөрийн болгож чадахгүй л байна шүү дээ. Өмнөх нийгмийн үед төр барьж байсан хүмүүст нефтээ өөрсдөө боловсруулъя, гаднын улс орны хараат байдлаас гаръя, манайд нефтийн нөөц нь байгаа цагт үүнийг хийх боломжтой л гэж үзэж байсан.

Тийм ч учраас гаднын орны хайгуулыг оруулж, нөөцөө тогтоолгож, дэлхийд нефттэй орон гэдгээ зарласан шүү дээ. Харин нөөцөө ашиглаж чадаагүй нь нэг талаасаа хөрөнгө мөнгөний асуудалтай холбоотой байсан. Манай улс 1990 оноос хойш эдийн засгийн хувьд нефтийн үйлдвэрийг бие дааж, өөрийн хөрөнгөөр байгуулах боломж байсангүй.

Тиймээс гаднын аль нэг орноос хөрөнгө оруулалт хүсэх шаардлага гарсаар ирсэн. Энэ бүхэнтэй холбоотой л гэж би боддог. Түүнээс Монголын төр засаг, улстөрчид нефтийн үйлдвэрээс татгалзаад, түлш шатахуунаа өөрсдөө үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээгээ хангах асуудлаас цэрвэсэн зүйлгүй л болов уу. Гагцхүү боломж нь бүрдэхгүй байсан.

Үүнийг зохицуулах гэхээр яг нефть боловсруулахад зориулсан хөрөнгө оруулалт санаснаар олдохгүй байсан тал бий. Ингээд тэд ч нэг их хүчлээд, зүтгээд байсангүй. Тэгээд л түүхий бүтээгдэхүүнийг нь гаднын улс зөөгөөд, өөрсдөө бэлэн бүтээгдэхүүн өндөр үнээр авч явсаар л ирлээ дээ.

Энэ талаарх яриа бол их байсан. Засаг гарч ирэх бүрт л амладаг. Сүүлд Академич Намжим Дархан хотод Япон улсын хөрөнгө оруулалтаар үйлдвэр байгуулах гээд ТЭЗҮ нь бэлэн болчихсон ч бас л болж өгсөнгүй. Гэхдээ энэ үйлдвэрийн нэг асуудал нь түүхий эдээ ОХУ-аас авах байсан юм. Тэгэхээр нэг талдаа бас л ОХУ-аас хараат байх болж байгаа юм.

Хэрэв ОХУ түүхий нефтээ олгох боломжгүй боллоо гэвэл бас л үйлдвэр зогсонги байдалд орно гэсэн үг шүү дээ. Энийг үгүйсгэх аргагүй. Бидэнд өмнөх туршлага бий. Нэгэнт боловсруулах үйлдвэр байгуулах л гэж байгаа бол өөрийн түүхий эддээ суурилсан л байх хэрэгтэй.

Н.Баяртсайхан: ОУВС-тай хийх хэлэлцээ үргэлжилж байгаа 

 
Гэрэл зургийг Mpa.mn

/Монголбанкны Ерөнхийлөгч/
 
-Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл энэ долоо хоногт хуралдсан. Улмаар бодлогын хүүг 14 хувь болгож бууруулсан. Түүнээс гадна ойрын үед хамгийн их анхаарал татаж байгаа сэдэв бол ам.долларын ханш, гадаад өрөө хэрхэн талах асуудал. Дээрээс нь ОУВС-гийн зээлийн асуудал ч анхаарлын төвд байна.

Энэ асуудлаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан ярилцлага өгчээ. Тэрбээр “Олон улсын Валютын сантай хийх хэлэлцээ үргэлжилж байна. ОУВС-гийн төлөөлөл өнгөрсөн наймдугаар сард Монголд ирж, танилцах уулзалт хийсэн.

Аравдугаар сард олон улсын экспертүүдийн шинжээчдийн баг ирж, Монгол Улсын санхүү эдийн засгийн ерөнхий нөхцөл байдалтай танилцаад буцсан. Энэ ажлын хэсэг Монгол Улсын өнөөгийн нөхцөл, өрийн дарамт, бусад үүссэн нөхцөл байдлыг удирдлагууддаа танилцуулсан гэсэн.

Үүний дагуу арванхоёрдугаар сард ОУВС-гийн төлөөлөл ирэх ёстой байсан ч Европын орнуудад шинэ жилийн баяр болж байгаатай холбогдуулан ирэх оны нэгдүгээр сар хүртэл хойшлуулсан. Олон улсын валютын сангийн төлөөллүүдийг ирэх нэгдүгээр сард ирж, албан ёсны хэлэлцээг эхлүүлнэ гэж бид хүлээж байна.

Ер нь бол тус сангаас гишүүн орнууддаа тавьдаг жишиг байдаг. Энэ нь аливаа улс орны гадаад валютын нөөц импортын гурван сарын хэрэгцээг хангаж байх ёстой гэж үздэг явдал. Манай улсын валютын нөөц Монгол Улсын импортын таван сар гаруйн хэрэгцээг хангаж байгаа. Тиймээс бид энэ нөөцөө хамгаалах бодлого барьж ажиллаж байна” хэмээн ярьсан байна.

Зураг