Монголчууд өвлийн улирлын оргил хүйтний үеийг есөн ес 81 хоногоор тоолдог уламжлалтай. Энэ нь билгийн тооллын 24 улирлын нэг "өвлийн туйл" арванхоёрдугаар сарын 22-ны өдрөөс эхэлдэг. Энэ талаар Гандантэгчинлэн хийдийн зурхайч Д.Цогтбаатараас дараах зүйлийг тодрууллаа.
- Монголчуудын есийг тоолох уламжлал ямар учиртай юм бол. Энэ талаар тайлбарлаж өгөхгүй юу?
- Цаг тоололтой холбоотой зүйл юм. Билгийн тооллоор авч үзвэл нэг жилд 12 сар, 24 бага улиралтай байна.
24 улиралд өвлийн туйл, зуны туйл гэж бий. Энэ хоёр туйл нь арванхоёрдугаар сарын 22-ны өдөр болон зургаадугаар сарын 22-ны өдөр эхэлдэг.
Энэ тооллын үүднээс “өвлийн туйл” хэмээх бага улирал эхлэж байгаа цаг хугацааг хэлж байгаа юм. Үүнийг Монголчууд бид “ес эхэллээ” гэж ярьдаг. Энэ нь хамгийн богино өдөр, хамгийн урт шөнө тохиох арванхоёрдугаар сарын 22-ноос эхэлдэг.
Есийг нялх, идэр, хөгшин гэж гурав хуваадаг. Эхний нялх, идэр гурван есийн үед өвлийн улирлын хүйтний үе давхцдаг.
- Хэзээ хаанаас уламжлагдсан юм бол?
- Монгол тооллыг 1027 оны гал туулай жилээс эхэлж тоолсон байдаг. Харин есөн есийг тоолж эхэлсэн уламжлал ерөнхийдөө Монголчууд аливаа зүйлийг бэлгэшээж үзэх хандлагатай холбоотой болов уу.
- Цаг хугацааных нь талаас болон бэлгэдэл талаас нь тайлбарлавал?
- Есөн хоногоор хувааж тоолоход 81 хоног байна. Энэ нь ойролцоогоор гурван сар буюу нэг улирал болж байгаатай холбож тайлбарлаж болно.
Таван ес эхлэх үеэр хаврын уур орох улирал эхэлдэг. Монгол тооллоор бол өвлийн туйлын улирал эхлэхэд ес эхэлдэг гэж ойлгох хэрэгтэй.
Нэг есд нэрмэл архи хөлдөнө
Хоёр есд хорз архи хөлдөнө
Гурван есд гунан үхрийн эвэр хуга хөлдөнө
Дөрөв есд дөнөн үхрийн эвэр хөлдөнө
Таван есд тавьсан будаа хөлдөхгүй
Зургаа есд зурайсан зам гарна
Долоо есд довын толгой борлоно
Найман есд нял шал болно
Есөн есд ерийн дулаан болно
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!