Төрийн албан хаагч офшор бүсэд данс эзэмшихийг хориглосон буюу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өнөөдрийн УИХ-ын чуулганаар хийлээ.
Өнгөрөгч Мягмар гарагийн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаас уг хуулийн төслийг Засгийн газарт буцааж, дахин боловсруулах шийдвэр гаргаад байсан юм. Харин өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Байнгын хорооны дээрх шийдвэрийг хэлэлцэн, дэмжих эсэхээр санал хураалт явуулав. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Байнгын хорооны шийдвэрийг дэмжээгүй учир дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлэв.
Өмнөх Байнгын хорооны хуралдааны дараа ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр офшорын тухай хуулийн талаар үзэл бодлоо илэрхийлсэн УИХ-ын гишүүдийн талаар жиргэж байсан.
Харин өнөөдрийн чуулганы хуралдааны үеэр УИХ-ын Ц.Нямдорж түүний дээрх үйлдлийг буруутгаж “Твиттерт тийм юм бичиж суухын оронд хуулийн хоёр гурван үг бичиж сураач. Б.Энхбаяр аа болиорой чи” хэмээн хатуухан үг хэлэв.
Офшорын хуулийг хэлэлцэх үеэр гишүүдийн илэрхийлсэн байр суурийг хүргэж байна.
Офшортой холбоотойгоор өнгөрсөн жилүүдэд нэлээд хэдэн асуудал үүсч байсан. Одоо офшор гэхээр л хадны мангаа гэж ойлгодог. Өнөөдөр Монгол Улсад ямар нэгэн хууль эрх зүйн зохицуулалт байхгүй байна. Үүнээс болж нэг хэсэг нь хуулийн цоорхойг ашиглан хождог, нөгөө хэсэг нь хохирдог, Монголд гадны хөрөнгө оруулалт орж ирэхээс үргэдэг болчихоод байна. Тиймээс офшортой холбоотой асуудлыг зохицуулъя, Монголд хуулийн хүрээнд хөрөнгө оруулалт зорилгоор бизнес эрхлэх зорилготой хүмүүс офшор бүсээ ашигла, хөрөнгөө оруулж ир гэж байгаа юм.
Аж ажуй, бизнес эрхлэхдээ офшор данс ашиглах тохиолдол зөндөө байгаа. Жишээ нь “Оюутолгой”, MMC, “Энержи ресурс”, “Хүннү коал” гээд олон компаниуд офшор бүс нутгаас Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа.
Монгол Улсад 1990 оноос хойш нийт 14 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсний 10 нь офшор компаниар дамжих орж ирсэн байдаг.
Харин улстөрчид, нийтийн албан тушаалтнууд иргэний эрхээс хязгаарлагдаж, офшор бүсэд хувьцаа эзэмшихийг хориглох ёстой гэдэг үүднээс энэ хуулийг оруулж ирсэн. Гэтэл энэ хуулийн төслийг буцааснаар офшорчны толгойг илсэн үйлдэл болчих вий дээ.
Мөн гэр бүл, үр хүүхдэд нь хариуцлага тооцох тухай асуудал яригдаж байгаа. Хариуцлага тооцож болно. Гэхдээ Үндсэн хуулинд хэн нэгний гэм буруу, ял зэмийг бусдад халдаан хэрэглэж болохгүй гэсэн заалт байгаа.
Хэрэв гэр бүл, үр хүүхдийнхээ нэр дээр офшор бүсэд мөнгө нуусан байх юм бол одоогийн мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуульд “бүлэглэн, үгсэн хуйвалдаж, хууль бусаар хөрөнгөжсөн” гэсэн асуудал үүснэ.
Гэр бүлийн гишүүдийн асуудлыг их ярьж байгаа. Үндсэн хууль дээр байгаа “Ял зэмийг гэр бүл, үр хүүхдэд нь хэрэглэж болохгүй” гэдэг үгийг л энэ дотор хэрэглээд яваад байгаа. Энэ хуулиар хэн нэгний гэм буруутайг тогтоосны дараа хүлээлгэх хариуцлагын асуудлыг ерөөсөө яриагүй.
Харин гэм буруутай байх нөхцөлөөс урьдчилан сэргийлж энэ хуулийг хийгээд байгаа юм. Гэр бүл нь офшор данстай бол тэрийг мэдүүлдэг байхад буруудах юм байхгүй.
Үүн дээр хууль санаачлагч байр сууриа жаахан өөрчлөх ёстой болов уу гэж харж байна. Ер нь офшортой холбоотой асуудал дээр нэг зүйл ойлгомжтой байх ёстой. Офшор бүс, офшор үйлчилгээ гэж хоёр янзын юм байгаад байгаа. Бид нар энэ бүгдийг холиод яваад байна.
Офшор бүс гэдэг чинь тодорхой бүс нутагт байгуулагдсан компанийн асуудал. Офшор үйлчилгээ гэдэг нь офшор бүсэд татварын хөнгөлөлт эдлэх хэлбэрээр данс, мөнгө байрлуулах, тэр дансаа ашиглахыг хэлээд байгаа юм. Үүнийг хольж хутгаад явчихаар энэ хуулийн агуулга буруу яваад байна.
Хэрвээ төрд ажиллах гэж байгаа офшор бүсэд, гадаадын аль нэг улс оронд данстай байж болохгүй. Хувийн хэвшилд байж байгаад төрд орж ирж байгаа бол тэр дансаа ил тод мэдээлчих. Хуулийн хугацаанд данстай холбоотой асуудлаа хаачих гэж байгаа юм. Түүнээс биш Байнгын хорооны гишүүд энэ хууль огт хэрэггүй гээгүй.
Бие даасан цомхон хууль гаргах шаардлага харагдаад байгаа юм. Хэрвээ энэ хуулийг буцаах юм бол Засгийн газар 10-15 хоногт багтааж боловсруулаад дахин оруулж ирээд батлуулчих бололцоо байгаа.
Гэтэл офшорт мөнгө нуудаг хүмүүст ХЗДХЯ ялагдчихлаа гээд л твиттерт юм бичээд байх юм.
Энэ сайд, дэд сайд нарынхаа хариуцлагын асуудлыг эвтэйхэн болгохгүй бол УИХ-ын гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд хуулийн төсөл шаардлага хангахгүй байна гэж үзээд буцааж байгаа тохиолдолд твиттерээр элдэв юм бичээд байх хэрэггүй.
Ер нь энэ сайд, дэд сайд нар чинь твиттерт элдэв юм бичээд байдаг чинь зөв юм уу буруу юм уу. Би бол буруу гэж үзэж байна. Твиттерт ийм юм бичиж суухаар хуулийн ганц хоёр үг бичиж сураач.
Оруулж ирж байгаа хууль чинь дөрвөн заалттай, нэг хуудаст багтсан төсөл байгаа. Энэ ярьж байгаа асуудлыг дэлгэрүүлээд бичвэл наад зах нь 4-5 хуудастай хууль болно. Энэ асуудлыг Засгийн газар анхаараад бие даасан хуулийн төсөл оруулаад ирээч.
Их хурлын гишүүд бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө дутуу ажил хийсэн Засгийн хүмүүс ялын дүгнэлт бичих хэрэггүй. Хууль бичнэ гэдэг чинь гүйцээж бодож байж, тархиндаа бясалгал хийж байж наадахыг чинь бичдэг юм.
Хууль зүй, Дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Хууль зүйн Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нарын байр суурийг хүргэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!