Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

"2014 онд ДНБ-ний 40 хувьд хүргэж буулгах ёстой"

ikon.mn
2013 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуулийн зарим хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2014 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Энэ талаарх хууль санаачлагчийг Сангийн сайд Ч.Улаан, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүн Ц.Даваасүрэн нар танилцуулсан юм. Дараа нь гишүүд хууль санаачлагчийн илтгэл, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж хариулт авлаа.

 Гишүүн М.Батчимэг өрийг ухраах зохицуулалт хийх болсны шалтгаан, өрийн дарамтад орох нөхцөл байдал хэр байгааг тодруулахад Сангийн сайд “Өрийг олон улсын аргачлалын дагуу 7 үзүүлэлтээр тооцож байгаагаас нэгээс бусдыг нь манай улс хангаж байгаа учраас өрийн дарамтад орохооргүй байгаа. Энэ оны эцэст өрийн хэмжээг дотоодын нийт бүтээгдэхүүний 49.5 хувь байхаар тооцсон, энэ шаардлагыг ч хангахаар байна.

Харин 2014 онд ДНБ-ний 40 хувьд хүргэж буулгах ёстой. Гэхдээ бүтээн байгуулалтын ажлын санхүүжилттэй холбогдуулан 2014 онд өрийг хоёр жилээр ухрааж тооцох зохицуулалт хийх нь зүйтэй гэж Засгийн газар үзэж ийм санал оруулж ирж байгаа юм. Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг Засгийн газар боловсруулж байгаа” гэлээ. Мөн гишүүн Д.Хаянхярваа хүүхдийн мөнгийг хавтгайруулан олгосоор байх уу, зорилтот хэсэг уруу чиглүүлэх үү гэдгийг тодруулахад сайд “Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт чиглүүлэх тооцоог 2014 оны хувьд хийгээгүй, цаашдаа нийгмийн зорилтот бүлгийн хүүхдэд илүүтэй хандах чиглэл уруу явах нь зүйтэй гэсэн саналтай санал нэг байна. Оюутны тэтгэлгийн тухайд ч энэ чиглэл уруу хандуулах саналтай Засгийн газар байр суурь нэг байгаа. Одоогоор 165 мянган оюутанд 106 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгох тооцоо гараад байна. Иймээс тэтгэлгийг үр дүнтэй өгөөжтэй болгох тал дээр цаашид анхаарна. Ирэх онд их, дээд сургуулийн оюутан, МСҮТ-д суралцагчдад 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгохоор тусгасан” гэлээ.

УИХ-ын чуулганы хуралдаан

Харин гишүүн Ё.Отгонбаяр улсын өрийн тооцоонд хувийн хэвшлийн өрийн хэмжээ орж тооцогдож байгаа эсэх, төсвийн жилийг тооцох хугацааг өөрчлөх болсныг учрыг лавлахад Сангийн сайд улсын өрөнд хувийн хэвшлийн өрийг оруулж тооцдоггүй. Төсвийн жилийг өөрчлөх талаар Сангийн яам судалгаа хийж үзээд одоогийн хугацаа нь ашигтай биш байна гэж үзсэний үндсэн дээр саналаа оруулж ирсэн гэдгийг хэлэв. Мөн гишүүн Ж.Батсуурь өрийн ангиллыг нэмэгдүүлэх нь манай улсын зээлжих эрхийн баталгаа хангахгүй байдалд хүргэх юм биш үү гэсэн асуултад сайд Ч.Улаан ирэх онд өрийн хэмжээг ДНБ-ний 60 хувь болгох нь өрийн дарамтад орсон гэж үнэлэгдэхгүй, зээлжих эрхийн баталгаанд ч ямар нэг сөрөг нөхцөл байдал үүсэхгүй гэсэн хариулт өгөв. Түүнчлэн гишүүн Б.Гарамгайбаатар төсвийн мөчлөгийг өөрчилж байгаа нь буруу юм биш үү гэдгийг тодруулахад Сангийн сайд “Санхүүгийн жил нь 12 дугаар сарын 31-ээр тасалбар болж, төсвөө 11 дүгээр сарын 15 гэхэд баталдаг байх нь төсвийн нэгдмэл байдалд илүүтэй нийцнэ гэж үзэж ийм санал оруулж ирж байгаа” гэдгээ хэллээ.

 Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. Үдээс хойшхи хуралдаанаар энэ асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.