"Ажилгүйчүүд ажилтай хүмүүст ажлаа сайн хий гэсэн дохиог өгч байдаг" гэсэн сонирхолтой тодорхойлолтыг МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, судлаач, доктор Л.Оюун хэлэв. Өөрөөр хэлбэл тухайн нийгэмд ажилгүйчүүд тодорхой хэмжээнд байх ёстой гэнэ. Гэхдээ их, бага байлгах дээр төрийн тодорхой бодлого ажиллаж байх ёстой аж.
Ажилгүйдэл гэж юу вэ. Юунаас болж үүсдэг вэ. Энэ асуултад доктор Л.Оюун:
Ажилгүйдэл бол үүссэн шалтгаанаас нь хамааран бүтцийн, завсрын, мөчлөгийн гэж ангилдаг. Үүнд:
Мөн тэрбээр аль ч нийгэмд хэзээ ч бүрэн ажил эрхлэлт байдаггүй. Зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд ажилгүйдэл зайлшгүй байх ёстой. Ажилгүйдэл байхгүй бол эдийн засагт сөрөг нөлөө үзүүлдэг бөгөөд дээр хэлсэнчлэн ажилгүйчүүд ажилтай хүмүүст ажлаа сайн хий гэсэн дохиог өгч байдаг ажээ. Тэгвэл манай ажилгүйдлийн түвшин хэвийн хэмжээнд бий юу.
"Олон улсын жишигт нийт ажиллах хүчний 2-3 хувь нь ажилгүй байх нь хэвийн үзэгдэл" гэж хатагтай Л.Оюун хэлэв. Харин манай улсад ажилгүйдлийн түвшин хэр байгаа талаар болон хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн төрх байдлын талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хэвлэл мэдээллийн ажилтан Г.Лхагвадоржоос тодрууллаа.
- Өнөөгийн байдлаар ажилгүйдлийн түвшин хэдэн хувьтай байна вэ?
- 2016 оны аравдугаар сарын байдлаар ажилгүйдлийн түвшин улсын хэмжээнд 10.4 хувьтай байна. Одоогоор бүртгэлтэй ажил хайгч 31,372 байгаагийн 38.5 хувь нь 25-34 насныхан бол 35-44 насныхан 22.4 хувийг эзэлж байна.
- Хөдөлмөрийн зах зээл дээр ямар ажлын байрууд хамгийн эрэлттэй байгаа талаар тодруулбал?
- Үйлдвэрлэл, барилга, гар урлал мөн худалдаа үйлчилгээний чиглэлийн ажилтнууд хөдөлмөрийн зах зээл дээр эрэлттэй ажлын байруудыг тэргүүлж байна. Үүний дараагаар хөдөө аж ахуйн ажлын байрууд, мэргэжилтнүүдийн ажлын байрууд эрэлттэй байна.
- Тэгвэл ажил хайж буй иргэд ихэвчлэн ямар ажлын байрыг сонирхож байгаа вэ?
- Энэ оны аравдугаар сарын байдлаар ажилд зуучлуулах саналтай иргэдийн илүүтэй сонирхож байгаа ажлын байр нь үйлдвэрлэл, гар урлал болон бусад үйлчилгээний төрлийн ажлууд байна.
- Иргэдийг ажилд зуучилдаг ямар газрууд байна вэ?
- Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Хөдөлмөрийн биржүүд болон аймаг дүүргийн хөдөлмөрийн хэлтсүүдээр дамжуулан иргэд ажилд зуучлуулах боломжтой. Түүнчлэн хувийн хөдөлмөр зуучлалын төвүүд ч ажиллаж байна.
- Манай улсын ажилгүйдлийн түвшин ямар хэмжээнд байвал хэвийн гэж үзэх вэ. Мөн олон улстай харьцуулбал манайх ажилгүйдлийн түвшин ямар байдаг бол?
- Гадны өндөр хөгжилтэй улс орнуудтай харьцуулбал манай улс ерөнхийдөө ажилгүйдлийн түвшин өндөртэй оронд багтана. Олон улсад бол ажилгүйдлийн түвшин 4-5 хувьтай байхыг хэвийн гэж үздэг. Харин хувь нь хоёр оронтой тоо руу ороод ирэхээр ажилгүйдлийн түвшин өндөртэй гэж нэрлэгдээд байгаа юм.
Ажилгүйдэл өндөр түвшинд байх нь нийгэм, эдийн засгийн хувьд ихээхэн хон хөнөөлтэй байдаг. Энэ талаар хатагтай Л.Оюун "Ажилгүйдэл өндөр хэмжээнд байна гэдэг нь наад захын хэрэгцээний зүйлсээ авах орлогогүй болж, ядуугийн категорид шилжиж байна гэсэн үг.
Мөн ажилгүйгээс болж стресстэж, эрүүл мэндийн асуудал үүснэ. Үүнээс гадна нийгмийн хэв журам зөрчсөн үйлдэл хийхэд хүргэх зэрэг олон хор хөнөөл үүсэх магадлалтай" гэлээ.
Түүнчлэн ажилгүйдлийг бууруулахад нэг талаас төрөөс баримтлах бодлого чухал ч нөгөө талаас хүмүүс өөрсдөө хичээл зүтгэлтэй байх ёстойг онцолж байлаа.
Харин ирэх жил ажилгүйдлийг түвшин ямар байх төлөвтэй байгаа талаар "Эдийн засгийн мөчлөг өрнөлтийн үедээ ороход ажил эрхлэлт сайжирдаг. 2017 оныг харахад эдийн засаг тийм ч их бужигнахгүй болов уу. Тиймээс ажилгүйдлийн түвшин энэ хэвэндээ байна гэж бодож байна" гэсэн юм.
Л.Оюун багшийн хэлснээр ажилгүйдлийн хувь 2-3 хувь нь байх нь хэвийн аж. Харин манайд түүнээс 3-5 дахин их буюу 10.4 хувь байна. Харамсалтай нь мэргэжлийн эдийн засагчдын хэлж буйгаар энэ тоо 2017 онд ч хэвээр хадгалагдах бололтой.
Ажилгүйдэл өндөр хувьтай удаан байх нь олон сөрөг дагавартайг дээр дурдсан билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!