Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Алтан ордын Орос хоорондын тэмцэл ба Юрий Вангийн үхэл

Б.Барс
2016 оны 11 сарын 21
Зууны мэдээ
Зураг зураг

Невийн Александр Чингис хааны ач, Алтан ордыг үүсгэн байгуулагч Батын өргөмөл хүү болж Монголын эзэнт гүрний ивээлд орсноор Оросын газар нутгийг түрэмгийлэн эзлэх өрнөд Европын католикуудын довтолгоог зогсоож чадсан гэдэг. Тэгвэл Невийн Александрын ач, Москвагийн анхны их ван Юрий Алтан ордоос Владимир мужийг захирах эрх авсан Тверийн ван Михаилтай Оросын мужуудын төлөө 1300-аад оноос эхлэн ширүүн тэмцэлдэх болжээ. Тверийн Михаил хоёр ч удаа (1305 болон 1308 онд) Москва руу довтолсон боловч эзэлж чадалгүй ухарсан байдаг.

Харин Москвагийн Юрий 1311 онд Новгородыг довтлон эзлээд захирагчаар нь өөрийн дүү Борисыг суулгажээ. Улмаар 1317 онд Алтан ордын Узбек хааны дүү охин Комчактай гэрлэн Чингис хааны удмынхны хүргэн болж чаджээ.

Тэрбээр ийнхүү нэр хүнд, нөлөөгөө нэмэгдүүлсэн өөртөө хэт бардсанаар 1317 оны арванхоёрдугаар сарын 22-нд Твериэс холгүй орших Бортенев тосгоны ойролцоо болсон тулалдаанд Тверийн Михаилийн цэрэгт бут цохигдон Алтан Ордын нийслэл Сарай Бэрх рүү зугтсан байна. Тэрбээр Узбек хаанд бараалхахдаа өөрийн өрсөлдөгч Тверийн Михаилыг эхнэр Кончакийг нь хорлосонд буруутган шийтгэхийг хүсчээ.

Узбек хааны зарлигийн дагуу Тверийн Михаил Сарай Бэрхэд хүрэлцэн ирэхэд Юрий вангийн хүмүүс түүнийг тамлан байцаасны эцэст хороожээ. Эцгээ ийн алуулсны дараа Алтан ордын хуулийн дагуу Тверь мужийг залгамжлан захирах ёстой байсан залуу ван Дмитрий энэхүү эрхээ Москвагийн Юрийд аргагүй шилжүүлэхэд хүрсэн байна.

Гэвч Юрий ван Алтан ордод оргох ёстой Тверийн татварын эд хөрөнгийг Сарай Бэрхэд шууд хүргэлгүй наймаанд эргэлдүүлснээр Узбек хааныг хилэгнүүлжээ. Хааны зарлигаар Юрий Тверийг захирах эрхээ Дмитрийд эргүүлэн өгөхөд хүрсэн аж.

Ингээд, 1325 оны арваннэгдүгээр сарын 21-нд Сарай Бэрхэд болсон Алтан ордын чуулганы үеэр Тверийн Дмитрий эцгийнхээ өшөөг аван олны нүдэн дээр Москвагийн Юрий ванг цавчин алж саатуулагдан жил гаруй хоригдсоны эцэст цаазлуулжээ.
 

  • 1831 он  Францын Лион хотын торгон даавууны үйлдвэрийн эзэд хоорондоо тохиролцон ажлын хөлсийг огцом бууруулсны дараа ажилчид нэгдсэн зохион байгуулалттайгаар эсэргүүцэн жагсчээ. Тус хотын гарнизоны цэргүүд ажилчдын эсрэг хөдлөхөөс татгалзсан тул Орлеанаас 36 мянган цэрэг татан ажилчдын жагсаалыг цус урсган даржээ. Энэ үйл явдлыг анхны пролетарийн бослого байсан гэж үздэг байна.
  • 1835 он АНУ-д дэлхийн анхны тэрбумтан эмэгтэй, “Волл Стритийн шулам” нэр авсан Хемриетта Грин төржээ.
  • 1898 он Бельгийн сюрреалист зураач, дүрслэх урлагт поп-артын урсгалыг үндэслэсэн Рене Маргерит төрсөн байна.
  • 1962 он БНХАУ-ын удирдагч Мао Зедун Хятад Энэтхэгийн хил дээрх байлдааны ажиллагааг зогсоох саналыг хүлээн авснаар, сөргөлдөгч талууд хилийн шугамаас цэргээ харилцан татаж эхэлжээ.
Зураг