Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

Охидыг хүчирхийлэгч хохирогчтой гэрлэвэл ялаас чөлөөлөгдөх хууль Туркэд батлагдах гэж байна

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Насанд хүрээгүй хүнийг хүчирхийлсэн эрэгтэй тухайн хохирогчтойгоо гэрлэвэл ялгүйд тооцогдох хуулийг Туркийн эрх баригчид хэлэлцэж байгаа нь сөрөг хүчнийхэн, алдартнууд, хүний эрхийн байгууллагын ширүүн эсэргүүцэлтэй тулгарлаа.

Эрх баригчид уг хуулийн төслийг тайлбарлахдаа тус улсад өргөн дэлгэрсэн насанд хүрээгүй охидтой гэрлэх ёс заншлыг зохицуулах зорилготой гэжээ. Хуулийн төслийг Пүрэв гарагт анх удаа хэлэлцсэн ба дараагийн хэлэлцүүлгийг удахгүй хийж санал хураалт явуулах юм.

Туркэд хуулиар 18 наснаас эхлэн иргэдийг насанд хүрсэнд тооцдог боловч насанд хүрээгүй хүнтэй гэрлэх ёс түгээмэл. Шинэ хууль нь хүчирхийллийг өөгшүүлж, насанд хүрээгүй хүмүүсийн эрхийг ноцтой зөрчиж байна хэмээн эсэргүүцэгчид үзэж байгаа юм.

Өчигдөр Истанбул хотын төвд эсэргүүцлийн жагсаал болжээ. Твиттер сүлжээнд TecavuzMestrulastirilamaz (хүчирхийлэл хуульчлагдах ёсгүй) гэсэн хаштаг ашиглан иргэд бухимдлаа илэрхийлж байна.

Change.org сайтын гарын үсэг цуглуулах хөдөлгөөнд 600,000 гаруй хүн нэгдээд байгаа юм.

Эрх баригч AKP (Шударга ёс, Хөгжлийн Нам) намын санаачилсан хуулинд зөвхөн гэрлэх бус, мөн хохирогч нь эсэргүүцээгүй, зөвшөөрсөн тохиолдолд ялаас чөлөөлөгдөхийг заажээ.

Эмнести Интернэшнл байгууллагын Европын салбарын захирал Гаури ван Гулик уг хуулийг “нийгэмд буруу ойлголт өгч, хүчирхийллийг нэмэгдүүлэх” эрсдэлтэй хэмээн үзэж байгаагаа мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: The Guardian