Өнгөрсөн долдугаар сард Туркэд гарсан төрийн эргэлт хийх оролдлогын дараа НАТО-д алба хааж буй хэд хэдэн Турк офицер улс төрийн орогнол хүссэн талаар тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга өчигдөр мэдээлжээ.
Офицерууд нь өөр өөрийн ажиллаж байгаа улс орнуудаас орогнол хүссэн тухай Иенс Столтенберг хэлээд тэдний нэр ус, тоо зэргийг дэлгээгүй байна. Хүсэлтийг хүлээж авсан улс бүр тус тусдаа шийдвэрээ гаргах гэнэ.
Өнгөрсөн долдугаар сарын хэрэг явдлын дараа Туркийн эрх баригчид олон арван мянган хүнийг баривчлаад байгаа. Тэдгээрийн дотор цэргийнхнээс гадна багш, цагдаа, хуульч, сэтгүүлчид байгаа юм.
Төрийн эргэлтийн үеэр 240 гаруй хүн амиа алдсан. Иенс Столтенберг өчигдөр хэлэхдээ “НАТО-гийн командлалын бүтцэд ажиллаж байгаа зарим Турк офицерууд өөр өөрийн ажиллаж байгаа орнуудаас улс төрийн орогнол хүссэн” гэжээ.
Ирэх Ням гарагт Истанбулд айлчлах Столтенберг дээрх шалтгаанаар НАТО-гийн командлалын бүтцэд өөрчлөлт гарсан тул суларсан албан тушаалууд дээр Турк улсыг шинэ томилгоо хийнэ гэдэгт итгэж байгаагаа хэлсэн байна.
Өчигдөр мөн Германы цагаачлал, дүрвэгсдийн албаны мэдэгдэлд энэ оны эхний арван сарын байдлаар тус улс Туркээс 4,437 улс төрийн орогнолын хүсэлт хүлээж аваад байгаагаа дурдсан нь өнгөрсөн бүтэн жилийн туршид 1,767 байснаас огцом өссөн дүн болжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!