Өнөөдөр буюу Бямба гарагт Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хэг огцруулахын төлөө иргэдийн жагсаал дөрөв дэх удаагаа Сөүлийн төвд болох гэж байна.
Энэ удаагийн эсэргүүцлийн жагсаалд элсэлтийн шалгалтаа өгөөд байгаа дунд сургуулийн төгсөгчид нэмэгдэнэ гэсэн тооцоотой байгаа аж. Орон даяар нэг сая хүн, Сөүлд 500 мянган хүн жагсана гэсэн тооцоо гаргажээ.
Үүнээс гадна ерөнхийлөгчийг дэмжигчдийн “Паксамо” нэртэй хөдөлгөөн энэ өдөр жагсаал хийх гэж байна. 5,000 орчим хүн оролцох энэхүү сөрөг жагсаалын болох газар, цаг нь эсэргүүцлийн жагсаалаас зөрөх тул мөргөлдөөн гарахгүй гэж үзэж байгаагаа цагдаагийн албаныхан хэлсэн байна. Гэхдээ цагдаа нар анхаарлаа холдуулахгүй гэдгээ мэдэгджээ.
Сүүлийн үед Бямба гараг бүрт зохион байгуулагдаж байгаа эсэргүүцлийн жагсаалын дараа ерөнхийлөгч Пак Гын Хэгийн рэйтинг 5 орчим хувьтай байгаа нь түүнийг Солонгосын түүхэн дэх хамгийн нэр хүнд муутай ерөнхийлөгч болгож байгаа юм.
Одоогоор ерөнхийлөгчийн огцрох магадлал 70 хувьтай болоод байгааг эрсдлийн шинжилгээний Eurasia Group гаргасан тухай Washington Post сонинд мэдээлжээ.
Эх сурвалж: Korea Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!