Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын эмнэлэг нээлтээ хийлээ. Уг эмнэлгийг барихад Өмнөговь аймгийн “Суварган говь” компани гүйцэтгэгчээр ажилласан байна.
Харин “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” барилгыг санхүүжүүлжээ.
Тендер, сонгон шалгаруулалт болон гэрээ байгуулагдаж барилга угсралт 2016 оны 6 дугаар сард эхэлж энэ оны 10 дугаар сард дууссан ба Улсын Комисс 10 дугаар сарын 18-ны өдөр ажиллаж ашиглалтанд хүлээн авсан юм.
Шинэ эмнэлэг гарашийн болон бусад барилга байгууламжтай, 10 ортой, 2 давхар эмнэлэг ба нийт 18 эмч, сувилагч, асрагч ажиллаж байна.
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар эмнэлгийн нээлтийн ёслолын үеэр “Баян-Овоо сумын иргэдийн эрүүл мэндэд томоохон хөрөнгө оруулалт хийж хамтран ажилласанд “Оюу толгой” компанийн хамт олонд аймгийн удирдлага мөн ард иргэдийн өмнөөс талархал илэрхийлж байна” гэв.
Өмнөговь аймгийн Эрүүл Мэндийн Газрын дарга Ч. Баяржаргал: “Баян-Овоо сум маань нийт 1,700 гаруй хүн амтай, 10 ортой 400 м.кв талбайтай шинэ эмнэлгийн барилга ашиглалтанд орж, төвлөрсөн цэвэр бохир усны шугамтай мөн төвлөрсөн цэвэр бохирд холбогдсон, халдвар, төрөх, хагалгааны өрөөнүүд нь стандартын шаардлага хангасан эмнэлэгтэй болсонд их баяртай байна” гэлээ.
Эмнэлгийн нээлтийн ёслолд Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, Аймгийн Засаг даргын орлогч Х.Батболд болон ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ү. Энхцацрал, Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ч.Баяржаргал, Баян-Овоо сумын Засаг дарга О.Мандахбаяр, Баян-Овоо сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дарга Ц.Энх-Амгалан, “Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Стивен Жонс, Орон нутгийн харилцаа хариуцсан ерөнхий менежер Ш. Байгалмаа болон иргэдийн төлөөлөл оролцов.
“Оюу толгой” ХХК, Өмнөговь аймаг, Ханбогд болон бусад сумдын хооронд байгуулсан “Хамтын ажиллагааны гэрээ”-ний дагуу “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-г 2015 онд үүсгэн байгуулсан юм. Тус сангаас санхүүжүүлсэн эхний төсөл болох Даланзадгад сумын 25, 26 дугаар цэцэрлэг энэ оны 4 дүгээр сарын 20-нд нээлтээ хийсэн билээ.
“Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн удирдах зөвлөлийн анхны хурлаар 2015 онд “Оюу толгой” компанийн санхүүжилтээр дээрх хоёр цэцэрлэгийг барихаар шийдвэрлэж байсан аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!