Ардчилсан намын нэр дэвшигч Хиллари Клинтоны албан ажилдаа хувийн мэйл сервэр ашиглаж байсан хэрэгтэй холбоотой шинэ материалыг шалгахаар болсноо АНУ-ын Холбооны Мөрдөх Товчоо (ХМТ) өчигдөр зарлалаа.
Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болохоос 10 гаруй хоногийн өмнө ХМТ-ы захирал Жэймс Комей энэ шийдвэрээ Конгресст илгээсэн захидалдаа мэдэгдсэн байна.
Өмнө нь ХМТ нэр дэвшигч Клинтоны төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байх үедээ хувийн имэйл сервэр ашиглаж байсан хэргийг шалгаж байсан юм. Шалгах болсон шалтгаан нь төрийн нууц мэдээллийг эрсдэлд оруулсан эсэхийг нягтлах байв.
Өнгөрсөн долдугаар сард мөрдөгчид ямар нэг хууль бус зүйл илрүүлээгүйгээ зарлаж, гэхдээ Клинтоны гаргасан шийдвэрийг зэмлэн буруутгаж байсан юм.
Хиллари Клинтон үүний дараа албан ёсоор уучлал гуйж байв.
Харин энэ удаа мөрдөгчдийн илрүүлсэн шинэ имэйл, материалууд ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлөхүйц зүйл болж байна.
Өрсөлдөгч Дональд Трамп имэйлийн асуудлаар Клинтоныг байнга буруутган шүүмжилж, бүр тусгай шалгах ажиллагаа явуулах хэрэгтэй гэж үзэж байгаагаа илэрхийлдэг.
Сүүлийн үеийн гол судалгааны үр дүнгүүд Хиллари Клинтоныг Трампаас илүү рэйтингтэй байгааг харуулаад байна.
Харин шинэ дуулиан уг хандлагыг эргүүлж болзошгүй байгаа юм.
Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!