Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хараал битгий хэлж бай гэж Дутертэд бурхан хэлсэн гэнэ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 10 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Задгай хэл амтай Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутертэ дахиж хүмүүсийг хэл амаар доромжлох, хараал хэлэхээ болино гэж амлажээ.

Тэрээр өмнө нь Ромын Пап лам, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүн нарыг элдвээр хэлж, дуулиан тарьж байв.

Тэрээр Японд хийсэн айлчлалаа өндөрлөөд өчигдөр орой өөрийн төрөлх хот Даваод иржээ.

Ирээд олны өмнө үг хэлэхдээ түүнийг онгоцонд тэнгэр ширтэж явах үед нь хэн нэгэн “хэрвээ чи муу үг хэлэхээ зогсохгүй бол онгоцыг чинь унагалаа” гэж хэлэхийг сонссон гэнэ.

“Хэн ингэж хэлэх вэ? мэдээж Бурхан” гэж Дутертэ ярьжээ.

“Тиймээс би дахин хараал, бүдүүлэг үг хэлэхээ больж байгаагаа Бурхны өмнө андгайлж байна. Та нар зөв сонслоо, бурхны өмнө амласан амлалт бол Филиппин хүмүүст амлаж байгаа гэсэн үг” гэсэн байна.

Дутертэгийн энэ мэдэгдлийг хүмүүс алга ташин хүлээж авчээ. Харин тэр “Хэт чанга алга таших хэрэггүй, өрөөг нураах нь байна шүү” гэж байсан гэнэ.

Өнгөрсөн жил Ромын Пап лам Манилад айлчлах үеэр асар том хэмжээний замын бөглөрөл үүссэн бөгөөд энэ үеэр замд гацсан Дутертэ “Пап ламд “зулбасга” минь гэртээ харь! Дахиж битгий энд ирээрэй!” гэж хэлмээр байснаа сүүлд ярьж байжээ.

Үүнээс болоод Филиппиний шашны зүтгэлтнүүд түүнийг хатуу шүүмжилж эхэлсэн тул хэлсэн үгэндээ уучлал гуйж байсан юм.

Гэхдээ тэр өчигдөр орой хараал хэлээгүй ч шүүмжлэлийн үг хэлсэн хэвээр байжээ. Саяхан Олон Улсын Миссийн тэмцээнд түрүүлсэн Филиппиний гоо бүсгүйд мэндчилгээ хүргэхийг хүсэхэд Дутертэ “Филиппинд олон хөөрхөн хүүхэн бий. Гэхдээ хүний эрхийн комиссынхон бүгдээрээ муухай шүү” гэсэн байна.

 

Эх сурвалж: Japan Today