НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллага /ДАЖБ/, Монгол Улсын БОАЖЯ хамтран “Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны замын аялал жуулчлалын олон улсын анхдугаар бага хурлыг энэ сарын 13-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
Анх 2015 оны зургаадугаар сарын 19-ний өдөр БНХАУ-ын Сиань хотод хийсэн уулзалтын үеэр НҮБ-ын ДАЖБ /UNWTO/-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Талеб Рифаигаас Монгол Улсын БОАЖ-ын сайд Д.Оюунхоролд ДАЖБ-ын Торгоны замын аялал жуулчлалын хөтөлбөрийн хүрээнд “Нүүдэлчдийн замаар аялахуй” төсөл санаачилгыг эхлүүлж, олон улсын аялал жуулчлалын зах зээлд манлайлагч улс болон, дэмжиж ажиллах санал тавьсан. Монгол Улсын аялал жуулчлалын салбарт нүүдлийн буюу “nomadic” хэмээх брэнд томоохон байр суурь эзэлдэг. Тиймээс бид энэхүү брэндээ дэлхийд сурталчлан таниулах, энэхүү брэндийг олон улсын аялал жуулчлалын зах зээлд “өмчилж авахад” энэхүү хурлын гол зорилго оршиж байгаа юм.
Мөн энэхүү хурлыг зохион байгуулах нь Монгол Улсын хувьд дараахь ач холбогдолтой болно. Үүнд:
Уг хуралд Торгоны замын гишүүн улс орон, НҮБ –ын ах дүү хотуудын холбоо, НҮБ –ын ДАЖБ-ын гишүүн орнууд болон олон улс, бүс нутгийн аялал жуулчлалын холбогдох байгууллагуудын төлөөллүүд, нийтдээ 300 гаруй зочид төлөөлөгчид оролцох юм. Мөн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, НҮБ-ын ДАЖБ-ын “Торгоны зам” хөтөлбөрийн 33 гишүүн улсуудын сайд нарын төлөөлөл болон хандивлагч олон улсын байгууллагууд хамрагдахаар түрүүчээсээ ирж байна.
Дэлхий нийтээр даяаршиж буй өнөө үед нийгэм өөрөө аялал жуулчлалын хүчирхэг эрэлтийг бий болгож, эдүгээ дэлхийн эдийн засгийн хамгийн хурдацтай өсч байгаа салбарын нэг бөгөөд олон сая ажлын байрыг бий болгож, экспорт, хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлдэг, ард иргэдэд шууд үр шимээ өгдөг салбар болсон юм.
Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын тайланд 2015 онд дэлхий дахинд 1.1 тэрбум гаруй хүн аялж, салбарын өсөлт 5 хувьд хүрсэн бөгөөд 2030 он гэхэд дэлхий дахинд 1.8 тэрбум хүн аялах урьдчилсан таамаглалтай байна.
Иймээс бид 2015 онд олон улсын аялал жуулчлалын “Ай Ти Би” үзэсгэлэнд түнш орноор амжилттай оролцон, мөн “Нүүдэлчдийн замаар аялахуй” хэмээх аяллын төрөлд манлайлагч орон байх, бусад улс орнуудаас түрүүлэн энэхүү брэндийг Монголын гэсэн тодотголтой болгож, улмаар олон улсад өрсөлдөх чадвартай аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх тал дээр тууштай ажиллаж ирлээ гэж БОАЖЯ-ны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!