Zara брэндийн үүсгэн байгуулагч Amancio Ortega загварын ертөнцөд нэртэй дизайнер гэдгээсээ илүүтэй амжилттай бизнесмэн гэдгээрээ алдартай. Тэрбээр Calvin Klein, Tommy Hilfiger юмуу Dolce Gabbana нарыг дизайнерын нэр хүндээрээ гүйцэхгүй ч тэднийг бүгдийг нь нийлүүлснээс ч илүү баян билээ.
Тэрээр “Форбес” сэтгүүлээс гаргадаг дэлхийн тэргүүн баячуудын тоонд 9 тэрбум доллараар нилээд дээгүүр бичигддэг. Мөн Испанийн тэргүүн баян хүн. Тэрбээр Inditex компани, мөн эзэндээ үндсэн ашиг орлого авчирдаг охин компани болох Zara-г үүсгэн байгуулагч бөгөөд Ерөнхийлөгч нь юм.
1975 онд Zara анхны дэлгүүрээ Испанийн захын жижиг муж болох Галицын Arteixo La Coruna боомт хотын төв гудамжинд нээж байжээ. Энэхүү анхны дэлгүүр нь бүтээгдэхүүндээ хямд үнэ санал болгодогоос гадна хувцасны загвар нь дээд зэргийнх гэдгээрээ өвөрмөц онцлогтой байжээ. Сонирхолтой нь Zara-гийн төв байр Мадридад биш, анх байгуулагдсан тэр л хотдоо одоог хүртэл байрладаг.
Анхны дэлгүүр нь маш амжилттай борлуулалт хийж эхэлснээр Zara-гийн амжилт болон фирм нь томрох, нэмэлт салбар дэлгүүрүүдээ нээх эхлэл болсон байна. 1988 онд Португалийн Oporto-д анхны гадаад дахь дэлгүүрээ нээсэн. 1989 онд АНУ, 1990 онд Франц, 1992 онд Мексикт, 1993 онд Грект, 1994 онд Швед болон Бельгид, 1995 онд Мальтад гэх мэтчилэн хүрээгээ улам тэлсэн байна.
Zara брэнд дэлхийн 68 улсад 1100 орчим сүлжээ дэлгүүртэй болжээ. Zara дэлгүүр нь дунджаар 1500 м2 талбайтай байдаг. Дэлхийн бүх л томоохон хотуудад тус брэндийн дэлгүүр байдаг. Жижиглэн худалдаа хийх боломж өндөртэй хөгжиж буй улсуудад шинээр дэлгүүрүүд нээх стратеги баримталж байгаа.
Ortega хэрэглэгчийн сонирхол болон шинээр гарч ирж буй хандлагад хурдан шилжих боломжтой “агшин зуурын моод” гэж нэрлэсэн олон нийтийн загварын үндсийг тавьж, хувцас загварын ертөнцөд хувьсгал хийсэн юм. Түүнд ийм боломжийг түүний хамтрагч Jose Maria Castellano олгосон бөгөөд компьютерийн мэргэжилтэн Castellano нь 1984 оноос компьютержсэн системийн доор компани 10-15 хоногт загвараа өөрчлөх боломжийг бүрдүүлжээ.
Ганцаараа ажиллаж дадсан загвар зохион бүтээгчдийг багаар ажиллуулж, дизайнер, үйлдвэр болон олноор бий болж байгаа дэлгүүрүүдийг компьютержсэн системээр холбосноор зардлыг бууруулж, хэрэглэгчдийн хандлагад хурдан хариу үйлдэл үзүүлэх боломжийг бий болгож чаджээ.
Zara брэндийн амжилтын нууц хэв загварынх нь өвөрмөц бөгөөд хүртээмжтэй байдалд оршино. Тэдний давуу тал нь бүтээгдэхүүнээ Gap, H&M зэрэг өрсөлдөгч компаниудаас хямд үнээр хурдтай борлуулдаг явдал юм. Мөн Zara бараагаа маш хурдтай шинэчилж чаддаг бөгөөд жилд зах зээлд 11,000 төрлийн загвар гаргадаг. Энэ нь тус компанид хэрэглэгчдээ уйдаахгүй байж, жижиглэн худалдаачдынхаа ашиг орлогыг бууруулахгүй байх боломжийг бүрдүүлдэг. Дунджаар бусад брэндийн дэлгүүрүүд бараагаа жилд 3 удаа татаж авдаг. Zara-гийн хувьд бүтээгдэхүүн нь байнга шинэчлэгддэг тул үйлчлүүлэгчид нь жилд дунджаар 17 удаа ирдэг байна.
Тус компани зах зээлийн идэвхижсэн байдлаа хязгаарлаж, хэвлэлийнхэнтэй аль болох бага харьцаж, шинэ загварын цуглуулгаа нийтэд танилцуулах хүртлээ нууцлан хав дардаг. Гэвч загварын ертөнцөд толгой цохидог хэвлэл болох Их Британийн Vogue сэтгүүл сурталчилгаанд ашиглаж буй загварынхаа 70 хувийг Zara-гийн цуглуулгаас авдаг байна. Энэ нь тус брэндийн загварлаг байдлаас гадна илүү нууцлаг байснаар бусдын анхаарлыг татах бодлогынх нь бас нэг үр дүн юм. Ингээд дам яриа, мөн сэтгүүлээс сэтгүүл дамжсан хэсэг бусаг мэдээлэл тус компанийг сонирхох сонирхлыг улам нэмэгдүүлдэг ажээ. Маркетингийн энэ бодлогын бас нэг давуу тал нь зардал маш бага гардаг бөгөөд 2012 оны байдлаар нийт зардлын ердөө 1 хувийг маркетингд зарцуулсан нь бусад компанитай харьцуулахад маш бага үзүүлэлт байжээ. Маркетингийн болон шинэ загвар боловсруулах зардал бага байдаг нь үнэ тогтвортой байхад нөлөөлдөг.
Zara хувцасныхаа бараг тал хувийг Азийн хямд өртөгтэй хувцасны үйлдвэрлэгч нартай гэрээлэн хямд үнэтэйгээр үйлдвэрлэдэг. Эдгээр улсуудад гол төлөв цуглуулгын төрлүүд болон гүйлгээтэй хувцаснууд болох эрэгтэй, эмэгтэй хүний дотуур хувцас, ноосон хувцаснуудаа үйлдвэрлэдэг. Илүү загварлаг, нарийн хийц шаардсан хувцсаа Испани дахь өөрийн үйлдвэрүүд болон хөрш орнууд дахь өөрийн үйлдвэрүүддээ хийдэг байна.
Zara брэнд бизнесийн энэхүү амжилтанд хүрэхдээ дижитал технологи, мэдээллийн технологийг хэрхэн ашигласныг дараагийн дугаарт хүргэх болно.
Бизнесүүдэд дижитал технологи хэрхэн амжилт авчирч, бизнесийн загварыг нь өөрчилж байгааг мэдэхийг хүсвэл 2016 оны 10 сарын 21-нд Мэдээллийн Технологийн Шинжлэх Ухааны Паркд болох Digital Business Conference 2016 (https://www.facebook.com/events/951064645023140/ эвентийг холбож өгөх) -д хүрэлцэн ирээрэй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!