Гэр хорооллын дахин төлөвлөлтийн улмаас хохирсон Баянзүрх дүүргийн иргэд өнөөдөр хэвлэлийнхэнд хандан мэдээлэл хийлээ.
Энэ удаагийн хэвлэлийн бага хуралд БЗД-т гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж буй "Моннис", "Бүрд", "Их Өргөө" компаниудын төсөл хэрэгжүүлж буй байршилд амьдарч байсан иргэд оролцож байгаагаа хэлсэн юм.
Нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газар, барилгын компани, иргэн гэсэн гурвалсан гэрээ хийж, иргэд газраа чөлөөлсөн хэдий ч барилгын ажил гэрээнд заасан хугацаанд дуусаагүй байна. Түүнчлэн барилгын компаниуд иргэдэд байр ашиглалтад ортол олгох түрээсийн мөнгөө бүрэн, цаг хугацаандаа өгдөггүйгээс иргэд хохирч, өр зээлэнд баригдсан хэмээн иргэд ярьж байна.
БЗД-ийн 14 дүгээр хорооны иргэн Г.Ринчендаваа "2015 оны долоодугаар сард байранд орохоор "Моннис" компанитай гэрээ хийсэн. 15 давхар орон сууц барих юм билээ. Одоо дөнгөж найм, ес дэх давхар дээрээ ажил нь явж байгаа. Гурван жил гаруй болоход ийм л байдалтай байна.
Дарга нарын яриад байгаа тэр сайхан бүтээн байгуулалт чинь хаана байгаа юм бэ.
Энэ хугацаанд түрээсийн мөнгийг ч бүрэн өгөөгүй. Түрээсийн мөнгө сарын 700,000 төгрөг байхаар тохиролцсон ч үүнээсээ 10 хувийн шимтгэл аваад эхний жил 630,000 төгрөгөөр тооцож түрээсийн мөнгө өгсөн. Дараагийн жил нь компани дур мэдэн гэрээндээ өөрчлөлт оруулж 300,000-350,000 төгрөг өгөх болсон. Энэ мөнгөнд таарах түрээсийн байр алга дээрээс нь цаг хугацаандаа өгөхгүй юм.
Энэ хотын удирдлага, эрх мэдэлтэй хүмүүс биднийг хүлээж авч уулзаач ээ. Дарга нарын яриад байгаа тэр сайхан бүтээн байгуулалт чинь хаана байгаа юм бэ. Эх орныхоо хөгжлийн төлөө, бүтээн байгуулалтыг дэмжснийхээ төлөө гудамжинд гурван жил зовж амьдарч байна" гэлээ.
Мөн иргэдийн зүгээс хотын удирдлага солигдоод Нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газрыг татан буулгасныг хэллээ. Ингэснээр гурван талт гэрээнд төрийг төлөөлж оролцсон тал байхгүй болж, өрөөсгөл болчихлоо. Одоо бид нар заргалдаад явахад магадгүй гэрээ хүчингүй гэх үндэслэл үүсчихээд байна хэмээн ярьж байлаа.
Гэрэл зургийг mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!