Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Жалайр М.Баттөгс: Сайхан монгол хэл хуучны бүтээлүүдэд л бий

Т.Батсайхан, Зууны мэдээ
2016 оны 9 сарын 16
Зууны мэдээ
Зураг зураг

Хүүхдийн номын ордон, “Номус” компанитай хамтран цахим номын сан, аплипкейшн бүтээжээ.  Энэхүү цахим номын сан  /https://e-nom.mn// өнөөдрөөс уншигч танд хүрч байна. Энэ талаар “Номус” компанийн захирал, цахим номын сангийн  бүтээгч Жалайр М.Баттөгстэй ярилцлаа. 

-Та цахим номын санг цаг үеэ мэдэрч нээлээ. Номонд дурлагчид их сайхан хүлээн авч байна?

-Би энэ ажлыг 20 жил хөөцөлдөж сая нэг биеллээ олж байна. 1996 оноос эхлэн цаасан номыг цахим хэлбэрт шилжүүлж хэрэглэгчдэд хэрхэн хүргэж болох вэ гэж бодож явсаар эхний алхмаа хийж байлаа.

2000 онд сургуулийн өмнөх насны хүүхдэд зориулан “Цахим цагаан толгой” гаргасан.  Одоо бүх зүйл шинэ үе рүү шилжиж байна.  Компьютер дээр хийдэг байсан зүйлийг гар утаснаасаа хийж болдог болсон.

Тиймээс номыг ч гэсэн гар утас руу шилжүүлэх нь зайлшгүй шаардлага гэж болно. Гэхдээ шаардлага нь гарсан ч хууль эрх зүйн орчин бүрдэхгүй нэг хэсэг явлаа.

Зохиогчийн эрхийн тухай хууль 1993 онд гарсан боловч номын сангийн төлбөртэй үйлчилгээ эрхлэх эрх зүйн орчин байхгүй байсан. Харин 2014 оны арванхоёрдугаар сард “Номын сангийн тухай хууль” батлагдсанаар номын сан хэрхэн төлбөртэй үйлчилгээ эрхэлж болох, цахим уншлага гэж юу болох талаар  ойлголтыг тодорхой болгосон.

-Хууль эрхзүйн орчин нь бүрдлээ гэхэд түүнийг ажил хэрэг болгоход мэдээж хүндрэлтэй зүйл их байсан байх даа? 

-Тийм ээ. Хийх арга, технологийг олоход хэцүү байсан.  Олон ч арга туршиж, хамтарч ажиллах байгууллагуудтай уулзсан. Санал санаачилга нь манайхаас гарч “Хүүхдийн төв номын сан” бидний санааг дэмжиж хамтран бүтээлээ. Бид аппликэйшнийг хэрхэн хийх вэ, төлбөр тооцоо, хамгаалалтын асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдгийг маш сайн судалсан.

“Чадна чадна” гэх компаниудтай олон ч удаа таарсан.  Манай компани хэвлэлийн газар учраас хүнд номыг хэрхэн гоё сайхан харагдахаар хийх вэ, хэрхэн уншигчдад номыг хүргэж номд дуртай болгох вэ гэдэг талаас нь нэлээд бодож төлөвлөсөн. Харин программыг нь Монголын анхны агрегатор компани болох “Монотт” хийж гүйцэтгэлээ.

-Энэхүү номын санд ховор содон хуучин номууд бий гэсэн. Тухайлбал ямар бүтээлүүдийг танайхаас уншиж болох вэ?

-Робин Гүүдийн домог 1960-аад онд гарсан, Винни Пүүхийг бид “Уолт дисней”-н хүүхэлдэйн кино л гэж ойлгодог. Гэтэл энэ бүтээлүүд 1950-аад оны үед Монгол хэл дээр гарчихсан байх жишээтэй.

Мөн алтан үеийн  ном зохиолуудыг нэгийг ч үлдээлгүй номын сандаа оруулахыг хичээж байна. Эдгээр номууд нь архивд ганцхан хувь байдаг  учраас уншилтад гардаггүй. Тэгэхээр хүмүүст сонирхолтой байх болов уу.

“100 ном уншихад хүний хэл ярианы баялаг нэмэгдэж, ярих үг өөрөө ундарна” гэсэн үг фэйсбүүкээр явж байсан. Энэ үнэхээр үнэн юм шүү.

-Одоо танай цахим номын санд 800 гаруй ном байна. Цаашдаа нэмэгдээд явах боломжтой юу?

-Тийм ээ. Ном нэмэгдсээр л байна. Өдөрт 5-10 ном орж байна. Номын сан бол оюуны өвийг хадгалах үүрэгтэй. Тийм ч учраас бид шинэ ном оруулахаасаа илүүтэй хуучны 1950, 60-аад оны бүтээлүүдийг түүж оруулж байгаа.

Эрүүл ахуйн шаардлага хангахгүй хуудаснууд нь дутуу болон урагдчихсан, хавтас нь байхгүй зэрэг ном  байдаг. Тэднийг цахимд оруулснаар дэлхийн хаанаас ч, эх орныхоо өнцөг булан бүрээс эх хэлээрээ сайхан зохиолуудыг унших боломжийг нээж байна. Энэ номын санг хэрэглэхэд танд ухаалаг төхөөрөмж, интернет сүлжээ байхад л хангалттай.

-Залуу үеэ эртний зохиолуудтай танилцуулж байгаа нь бас нэгэн давуу тал юм даа?

-Мэдээж залуу үе маань эх хэлээрээ ном зохиолтой танилцах хэрэгтэй. Жинхэнэ монгол хэл хуучны зохиолуудад л байна. Мөн бид дунд сургуулийн хичээлийн програмын дагуу унших эсвэл хичээлээс гадуур унших шаардлагатай уран зохиол, нийгэм ухаан, түүхийн холбогдолтой номын сандаа багтаасан байгаа. 

-Номын сангийн тухай хууль гэж та дээр ярьсан.  Мэдээж танай номын санд орж байгаа бүтээлүүд бүгд зохиолчийн зөвшөөрөлтэй байх?

-Бид хуучны ном оруулж байгаа нь учиртай. Номын сангийн тухай хуульд “Зохиогчийн эрх нь улсад шилжсэн номуудыг төсвийн санхүүжилттэй номын сан цахимд оруулж болно” гэж заачихсан юм.

Тэр нь юу байв аа гэхээр 1993 оноос өмнө буюу зохиогчийн эрхийн тухай хууль гарахаас өмнө “Улсын хэвлэлийн газар” эрхлэн хэвлэж байсан номууд юм л даа. Тийм учраас хуучин хэвлэлийн номууд түрүүлж ороод байгаа юм.

Нэг шалтгаан нь энэ хэдий ч нөгөө талаасаа хуучин хэвлэлтийн номууд хамаагүй уншууртай баялаг юм шүү дээ.

-Та бүхэн улсын архиваас хуучны номуудыг цахим сандаа татан авсан байна. Үүнийг дахин цаасан хэвлэлээр гаргаж ирэх боломж бий болов уу?

-Боломжгүй шүү дээ.  Хүмүүс “Тэр хуучны номыг дахиж хэвлэх үү” гэж их асуудаг. Манай орон өргөн газар нутагтай хүн ам нь маш таруу аж төрдөг.

Тэгээд бүх аймаг суманд Нацагдоржийн бүрэн зохиолыг хэвлээд тараая гэхэд хэвлэлтийнхээ зардлаас илүүтэй тээврийн зардал гэх том зардал гарна.

Гэтэл энэ номыг тээвэрлэхгүйгээр цахимаар хаа сайгүй уншиж, үзэх боломжтой. Яагаад боломж гэж байгаа вэ гэхээр Монголд хоёр хүн тутмын нэг нь ухаалаг төхөөрөмж ашиглаж байна. Тиймээс цахим номыг цаасан болгох ямар ч шаардлага байхгүй.

-Тэгвэл цаасан ном унших сонирхолтой хүмүүс байдаг. Тэд яах вэ?

-“Тунгалаг тамир”, “Үүрийн туяа”, “Газар шороо” зэрэг романыг хэвлэсэн байгаа. “Газар шороо” роман гэхэд гурван боть нь 60 мянган төгрөг. Гэтэл тэр гурван ботийг гурван мянган төгрөгөөр уншиж болно.

Гэхдээ үргэлж хэрэглэгчдэд сонголт бий. Та цаасан номоо худалдаж авах юм уу, номын санд очиж уншиж болно. Гэхдээ манай  цахим номын санд байгаа 800 номыг бүгдийг уншлаа гэхэд 2600 цаг хэрэгтэй болно. Энд бас цаг хугацааг хэмнэж байгаа юм.

-Ямар ч салбарт үнийн бодлого асуудал дагуулдаг.  Тэгэхээр цахим номын сангийн үнэ цаашид нэмэгдэх үү.  Бизнесийн салбарынхан хэрэглэгчээ татчихвал үнээ өсгөх хандлага их байдаг?

-Би харин ч бууруулна гэж бодож байна. Яагаад гэвэл цахим орчин хэрэглэгч олон байх тусмаа үнээ бууруулах боломжтой болж ирдэг. Хэрвээ цаасан номыг худалдан авагч нь их болох тусмаа олныг хэвлэх шаардлагатай болдог.

Гэтэл цахим бол эсрэгээрээ. Нэг номын эх бэлэн байхад олон хүн унших тусмаа өртөг, үйлчилгээний зардал багасаад эхэлдэг. Интернетийн төлбөрийг үүнтэй харьцуулж болно.

Анх интернет ямар үнэтэй байлаа одоо хэрэглэгч нь олон болох тусмаа үнээ багасгасаар л байгаа. Зарим орнуудад интернетийн төхөөрөмжөө л худалдаад авчихвал үнэгүй болсон байх жишээтэй. Үүнтэй адил хэрэглэгч олон болох тусмаа л манай номын сангийн үнэ багасна.

Зураг