Барилгын салбарт орон сууцны эрэлт их, барилга угсралтын үйлдвэрлэл түүнтэй харьцуулахад бага учраас Захиалагчийн санал бодлыг харгалзан үзэх, түүний өмнө хүлээх хариуцлага тааруу байдаг. Та байрныхаа сонголтыг зөв хийж, барилга баригдах явцад нь хяналт сайн тавиагүй тохиолдолд ашиглалтын явцад гарах засвар үйлчилгээ, доголдол зэрэг нь их болохын зэрэгцээ үүнийг гүйцэтгэгч компани засаж өгнө гэдэгт найдах хэрэггүй юм. Иймд байр худалдан авах гэж байгаа танд зориулан энэхүү зөвлөгөөг бэлтгэлээ.
Хэрэв та метр квадрат нь дунджаар 900-1000 долларын үнэтэй орон сууц сонгох гэж байгаа бол "Зайсан" эсвэл хотын төвд, "Элит" гэгдэх газруудаар хайгаад хэрэггүй байх. Цагаа гарздахын нэмэр. Мөн хотын захад, инженерийн шугам сүлжээ хүрээгүй газарт боломжийн хямд үнэтэй байр авсан ч ашиглалтын зардал өндөр гарна.
Авто замын ачаалал бол бидний зайлшгүй бодолцох ёстой зүйл. Ялангуяа цаг нартай уралдах болсон энэ үед өглөө гэрээсээ гараад 1 цаг, орой гэр лүүгээ бас л 1 цаг явж, "ажлын 8 цаг"-ийг бүтэн 2 цагаар нэмэх том асуудал гарна.
Хамгийн их замын түгжирэлтэй байдаг зам, уулзварууд:
Агаарын бохирдол гэдэг зүйл их уртдаа л 10 жилийн дараа мартагдах зүйл. Энэ үед хотын хойд хэсэг эргээд "үнэд" орно. Орос ах нар 3, 4 болон 1 дүгээр хорооллуудыг хотын хойд хэсэгт барьсан нь санаандгүй тохиолдол биш юм шүү.
“Голын эрэг дээрх байшинг газар хөдлөлийн 8 баллд тэсвэртэй гэж сурталчилж байгаа нь гэнэн зүйл”
Энэ хэсэгт та бүхэн маш сайн анхаарал хандуулаарай. Улаанбаатар хотын геологийн тогтоц нь эргэн тойрондоо уулархаг, өмнө, төв хэсгээрээ хөндлөн болон дагуу голын ай савтай. Туул, Дунд гол, Сэлбэ голын дагуух газруудад газар хөдлөлийн эрчим илүү байна.
Харин Богд уул, Баянхошуу, Сүхбаатар дүүргийн Зуслангийн амнууд, Баянгол дүүргийн 3, 4 дүгээр хороолол, 1 дүгээр хорооллын хойд хэсэг, Сансар, Хотын төвийн зарим хэсэг өндөрлөг газар юм.
Голын эрэг дээрх байшинг газар хөдлөлийн 8 баллд тэсвэртэй гэж сурталчилж байгаа нь гэнэн зүйл. Түүнчлэн зөвхөн газар хөдлөлт гэлтгүй хөрсний устай, эсвэл тогтворгүй бүтэцтэй хөрстэй эсэхийг мэдэх шаардлагатай болно. Энэ тохиолдолд өгөх хамгийн шилдэг зөвлөгөө гэвэл ойр хавийн барилгуудыг хар. Ил харагдах гэмтэл байгаа эсэх, ямарваа нэг хагарал буй эсэх, подвалд нь ус байгаа эсэх, ус гарч байсан ор мөр бий эсэх гээд л бүгдийг нь судал. Тэгээд асуудалтай бол мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваарай.
“Ялангуяа манай барилгын салбар шиг стандарт, норм дүрмүүд нь амьдрал дээр хатуу мөрдөгддөггүй, тогтсон инженер техникийн болон мэргэжлийн ажилчид цөөн, хуучирсан технологиос салаагүй, салбарын бус удирдлага, эздүүд олонтой, төрийн байгууллага нь "хойд эцэг" шиг чанга, ийм нөхцөлд чанартай барилга баригдах магадлал буурдаг.”
Зах зээлд “Брэнд” гэдэг ойлголт бидний ой ухаанд чанар, эдэлгээ гэсэнтэй ижил сонсогддог. Брэндийг эзэгнэгч үйлдвэрлэгч үүнийг сайн ойлгосон байдаг тул чанартай, эдэлгээтэй байхад бүх анхаарлаа хандуулдаг. Түүнтэй адил барилгын салбарт брэндүүд бий, гэхдээ нэг биш хэдэн зуун ажилбар, олон хүнийг зохион байгуулж менежмент хийсний үр дүнд босдог барилга гэдэг бол ямар нэг брэнд бараа шиг төгс сайхан болоод байдаг зүйл биш юм.
Ялангуяа манай барилгын салбар шиг стандарт, норм дүрмүүд нь амьдрал дээр хатуу мөрдөгддөггүй, тогтсон инженер техникийн болон мэргэжлийн ажилчид цөөхөнтэй, хуучирсан технологиосоо салаагүй, мэргэжлийн бус удирдлага, эздүүд олонтой, төрийн байгууллага нь "хойд эцэг" шиг чанга, ийм нөхцөлд чанартай барилга баригдах магадлал буурдаг.
Зах зээлийн нэр хүнд гэдэгт юу ойлгох вэ? Хамгийн түрүүнд зурагт үз, үл хөдлөхийн реалторууд юу зөвлөж байна, тэдгээрийг хар. Мөнгө муутай, эсвэл муу менежменттэй компани барилгаа чанар муутай барьдагтай адилхан зар сурталчилгааны менежментээ ч тааруухан хийдэг. Сайн нь бол мэдээж эсрэгээр. Таныг байр сонгох гэж байгаа үед аз таарч барилга, орон сууцны үзэсгэлэнгүүд зохион байгуулагдвал тэдгээрийг үз, судал. Тэндээс хэн нь хэн бэ гэдгийг зэрэгцүүлж харах сайхан боломж бий.
Монголд баригдаж байгаа, баригдсан орон сууцнуудыг дараах хэдэн төрөлд хувааж үзнэ.
Даацын тоосгон хана бүхий модон хучилттай барилга, Даацын тоосгон хана бүхий төмөр бетон хучилттай барилга
Энэхүү барилгууд нь үндсэн түр ачаа, тогтмол ачаагаа хучилтаар дамжуулж хананд өгч, хана нь барилгын сууринд шилжүүлдэг ачааллын систем бүхий барилгууд. Хамгийн энгийн хийцлэл бөгөөд зарим оронд орон сууцны зориулалтаас хассан. Учир нь ширхгийн материалаар хийдгээс энэ нь өртөг өндөр байдаг. Ширхгийн материал нь даац дамжуулах, дулаан үл дамжуулах, эдэлгээний хувьд харьцангуй өндөр ч гэсэн ийм бүтээгдэхүүнээр барьсан барилга нь аливаа механик үйлчлэл буюу газар хөдлөлт, чичирхийлэлд тэсвэр бага байдаг.
Угсармал төмөр бетон барилга
Энэ төрлийн барилга нь Улаанбаатар хотын орон сууцны барилгуудын дийлэнх хувийг бүрдүүлдэг. Энгийн үгээр тайлбарлавал тоосгоны оронд төмөр бетон хавтгайлж хэрэглэсэн юм. Ачаалал авах, дамжуулах шинж чанар нь өмнөхтэй ижил. Тоосгон барилгыг бодвол гадна агаарын үйлчлэлд хамаагүй урт настай бас 5-аас дээш давхар барьж болдог ачаалал даах чадвартай.
Араг бүтээц хийц бүхий төмөр бетон барилга, металл каркас /араг бүтээц/ барилга
Төмөр бетон араг бүтээц хийц бүхий, блокон ханатай барилга манайд ид моодонд ороод байгаа. 1990-ээд оноос хойш угсармал барилгын үйлдвэрлэл явуулдаг аж ахуйн нэгж, үйлдвэр, трестүүд зах зээлийн шуурганд үүдээ барьснаар үйлдвэрээс гардаг бэлэн угсармал эдлэлүүд үгүй болж тэдгээрийг газар дээр нь өрж, цутгаж хийх шаардлага гарсан. Чухам энэ шаардлагын үүднээс уг технологи Орос, Хятад барилгачдын туршлагаар манайд хөгжиж байна.
Энэ бүтээцийн давуу тал нь орон зайн болон интерьер, экстерьерийн төрөл бүрийн шийдэл чөлөөтэй хийж болдог, газар хөдлөлтөд өмнө дурдсан хийцлэлтэй барилгуудыг бодвол харьцангуй тэсвэртэй. Хучилтад ирсэн ачааг дам нуруугаар дамжуулан багана хүлээж авах бөгөөд харин багана нь суурь луу ачааллыг шилжүүлдэг байна. Ханан бүтэцтэй барилгыг бодвол ачааллыг тэгш хэмтэй хуваагдсан багана, дам нурууны систем жигдхэн хувааж авдаг нь нэгж хэсэг дээр ирэх түр болон тогтмол ачааг багасгадаг. Чухам энэ шинж чанар нь түүнийг газар хөдлөлтөд харьцангуй тэсвэртэй болгодог. Энэ барилга тооцоолсноос илүү хүчтэй газар хөдлөлтөд бүрэн нурахгүй. Эвдрэлийн шалтгаан түүний геометр хэмжээс, үйлдвэрлэлийн чанар, газар хөдлөлийн эрчим, чиглэл, давтамжаас хамаарна. Чухам ийм л барилгуудын нурангинд дарагдагсад их гарч аврагддаг. Арагт бүтээцэн барилгыг материалынх нь төрлөөр дан төмөр бетон, металл каркас, хосолмол гэж ангилна.
Бүрэн цутгамал ханан бүтэц бүхий төмөр бетон барилга
Манайханд "Солонгос барилга" нэрээр танил болсон. Энэ барилгын хамгийн анхны төлөөлөгч нь "ROYAL хотхон" юм. Үндсэндээ ханан бүтэцтэй барилгын ачаалал авах системтэй адил боловч давуу тал нь нэгдмэл цул төмөр бетоноор хийсэн байдаг ба барилгын зарим хэсэгт арагт бүтээцтэй адилхан зарчмаар хийгддэг баганан систем бас оруулж болдог нь энэ технологийн давуу тал юм. Энэ барилга тооцоолсноос илүү хүчтэй газар хөдлөлтөд бүрэн нурахгүй. Бүхлээрээ эсвэл тасарч хажуу руугаа унаж эвдэрдэг.
Газар дээр нь очиж судлах. Байршил хэсэгт өгүүлж байсанчлан ойр орчны барилга, хөрсний онцлогийг нэг харчих хэрэгтэй. Мөн та мэдээж тухайн компанийн борлуулалтын албаны менежертэй уулзсан л байх, түүний өгсөн эхний мэдээллүүдийг бас шалгаад үзчихэд гэмгүй.
Гадна тохижилт буюу машины зогсоол, салхилах цэцэрлэг, хүүхэд тоглох талбай бусад бусад байж болох зүйлд зориулсан зай талбай нь үнэхээр байгаа эсэх, тэдгээрийг хийх боломжтой хоосон талбай байна уу?
Ойрхон шатахуун түгээх станц, цэцэрлэг сургууль, төв зам, төмөр зам, автобусны буудал гээд гэртээ байхад тань тух алдуулж болзошгүй хүчин зүйлс байна уу? Эсвэл ямар нэг үйлдвэрлэл явуулдаг аж ахуйн хашаа, бүсэд ойрхон байгаа юм биш биз? Барилга баригдаж байгаа газрын орчин нь ямар байна. Баар сав, тэнүүлчин, тонуулч ихтэй юм биш биз? энэ мэт бүх зүйлийг нарийвчлан судална. Бас барилга руу төв замаасаа орох орц, гарц байгаа эсэх, явган болон автомашинаар чөлөөтэй зорчиж болох зам нь чөлөөтэй, аюулгүй эсэх зэргийг анзаарахаа мартав.
Барилгын чинь аль нэг талд хоосон талбай байвал баярлах эрт байна шүү. Яг түүн дээр чинь тулгаад таны цонхыг хаасан барилга барьчих харин ч өндөр эрсдэлтэйд тооцоорой.
Төлбөр төлөх боломжууд, хувилбарууд. Урьдчилгааг өндөр авна гэсэн компаниас зайлсхийх хэрэгтэй. Учир нь энэ шаардлага нь ихэнх тохиолдолд тэд барилгаа захиалагч нарын өгсөн мөнгөөр барих ажлыг санхүүжүүлж байгааг л илтгэнэ. Мөн урьдчилгаа хэдий санаанд чинь таарч байсан ч хоёр юм уу гуравхан хуваагаад төл гэсэн шаардлагатай компанийг "анзаарчхад" гэмгүй.
Харин миний санал болгох хувилбар бол барилгын ажлын явцаас шалтгаалсан төлбөр төлөх нөхцөлтэй бол их сайн.
Жишээ нь: Барилга үндсэн хийц дуусаад 30 хувь, хана битүүрч 20 хувь, шугам сүлжээ дуусахад 15 хувь, дотор засал эхлэхэд 15 хувь, барилга захиалагчид хүлээлгэн өгөхөд 10 хувь, Улсын комиссын дараа 10 хувь байвал тун сайн, найдлагатай гэрээ хийжээ гэж үнэлье.
Бас нэг зүйл манай ихэнх иргэд хөрөнгө оруулалтынхаа тодорхой хувийг зээлээр шийддэг. Тиймээс барилгын компанитай гэрээ хийхээс өмнө өөрийгөө орон сууцны зээл авахад санхүүгийн хувьд тэнцэж байгаа эсэхээ сайтар судалчхад гэмгүй шүү. Зээл нь бүтэхээ байснаас гэрээ цуцлагдаж, өгсөн урьдчилгаагаа хүртэл талыг нь гэрээний дагуу өнөөх компанидаа хураалгадаг.
Хамгийн түрүүнд тухайн барилга, хотхонд амьдрах айлын тоог болон байршил, орчинг анхаарах хэрэгтэй.
Барилгын норм дүрмээр 9-н давхраас дээш барилгад 2 лифт төлөвлөгддөг. Мөн шатны хонгилд галын нормынхоо дагуу амрах талбай нь гадагшаа гарцтай байхаар төлөвлөгдсөн байх шаардлагатай байдаг. Мөн 5-н давхраас дээших барилгад айлын тагтны хэсэгт дээд, доод айлруугаа орох боломжтой төмөр шат, жижиг нүх төлөвлөгдсөн байдаг. Энэ нь мөн адил гал гарах үед галын машины сундаг шат 5-с дээш давхарт хүрэх боломжгүй байдаг тул дээд давхрын айлууд тагтан дахь шатаараа доош буух, гарах нөхцөлийг бүрдүүлдэг галын гарц юм.
Айл хоорондын болон өрөө хоорондын ханын дуу чимээ тусгаарлалт, хийгдсэн материалыг шалгах. Шинэ барилгуудад яригддаг бас нэг зүйл нь хамар ханын асуудал. Зарим барилгад өрөө хоорондын хананаас гадна айл хоорондын хананд хөнгөн цагаан арам зангидаад 2 талаас нь гипскартон хийгээд голд нь хөөсөнцөр, шилэн хөвөн хийчихсэн байдаг. Энэ нь дуу тусгаарлалт ч муу, дээрээс нь маш хэврэг, хажуу айл нь хэрэлдэж байхад яг л дэргэд нь байгаа юм шиг сонсогддог ба ширүүхэн өшиглөчихвөл цөмрөөд орчихоор байдаг. Түүнчлэн айл хоорондын ханыг тогшиж үзэн хөндий дуугарч буй эсэхийг шалгаарай.
Дотор сан техник, агааржуулалтыг шалгах. Агааржуулалтын нүх нь ариун цэврийн өрөө, гал тогоо зэрэгт зайлшгүй байх шаардлагатай. Бусад өрөөнд байгаа бол бүр сайн. Агааржуулалтын нүхнийхээ ойролцоо асаагуур барих, эсвэл цаас барьж үзэж шалгаж болно. Дулаан болон цэвэр бохирын шугамыг сайн мууг нь хараад хэлэхэд хүндрэлтэй л дээ. Цэвэр бохирын шугам хоолойг хаагуур явж байгааг ажигла, ил задгай эмх цэгцгүй байвал нэг л ёозгүй гэж ойлгож болно.
Хогийн цэгийн байрлал. Сүүлийн үед шинэ барилгуудын хашаанд илдэв үнэр ханхлуулж хог хийссэн, хогийн цэг ил болон хогийн том савтайгаар байрлах нь илбэг харагддаг. Тэгэхээр хогийн цэг хаана байрлаж байна, хэр цэвэрхэн шийдсэн байна, СӨХ нь хэр цэвэрлэгээ, хог ачилтыг хийдэг талаар оршин суугч, гадаа нарлаж суугаа хөгшчүүлээс асуучихаж болох юм.
Гадна үзэмж. Хэрэв та цэвэр, өнгө үзэмж сайтай орон сууцанд амьдрахыг хүсдэг бол, тухайн барилгаа үнэ цэнээ алдахгүй байгаасай гэж хүсдэг бол гадна фасадны материалыг аль болох чулуу, тоосго гэх мэт гандаж өнгөө алдахгүй, хуурч унахааргүй материалаар хийгдсэн барилгыг сонгоорой.
Эх сурвалж: www.barilga.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!