Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

НДШ-ийг нэмэх эсэхийг сонгуулийн дараа шийдэх бололтой

Б.Бадамгарав, IKon.mn
2016 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Нийгмийн даатгал төллөө гээд ямар хэрэг байгаа юм. Тэр тэтгэврийг нь авах гэсээр байтал үхэх биз"... Ийн уурсах ярих Цэцэгдэлгэр нэгэн байгууллагад үйлчлэгч хийдэг. Сардаа 500 мянган төгрөгийн цалин авах бөгөөд түүнийх нь 10 хувийг нийгмийн даатгалын шимтгэл авна.

Тэрбээр хүүхдүүдээ хүний доор оруулахгүйг хичээх боловч сарын цалин нь даанч бага. "Уг нь хүүхдүүддээ идэх, өмсөхөөр дутаахгүйг бодох юм. Гэхдээ хүний амьдрал хүссэнээр болох биш. Цалингаа бүтэн авдаг бол ядаж хоолны мөнгөнд нэмэртэй юм уу гэж боддог" гэлээ. Зуны цагт зардал харьцангуй бага байдаг ч хүйтний цагт түлээ, нүүрс гээд ихээхэн зардал ордог аж. 

Цэцэгдэлгэр нийгмийн даатгалын шимтгэл төлөх нь яг ямар ач холбогдолтой эсэхийг төдий л мэддэггүй гэсэн бөгөөд 10 гаруй жил нийгмийн даатгал төлөхдөө амаржсаны өмнө болон дараа тэтгэмж авснаас илүү ашиг өгсөн зүйлгүй гэж байлаа.

Түүнтэй адил бодолтой хэр олон хүн байдаг бол. Нийгмийн даатгалын тухай сурвалжлага бэлтгэхдээ бид энэ талаар иргэдээс асуусан юм. Иргэдийн нэлээд хувь нь нийгмийн даатглыг ирээдүйд тэтгэвэр авах болон цалингийн зээл, лизинг авахад л хэрэгтэй гэв. Үнэхэээр ч тийм. Бид нийгмийн даатгалын тухай төдий л сайн ойлголтгүйн дээр төлсөн шимтгэл хэрхэн зарцуулагддаг гэдгийг огт мэддэггүй аж. 

Тиймээс төлж буй нийгмийн даатгалын шимтгэл хэрхэн юунд зарцуулагддаг, шимтгэл төлснөөр ямар ач холбогдолтой байдаг талаар тодруулахаар Нийгмийн даатгалын ерөнхий газрыг зорьсон юм. 

Тус газрын хэвлэл мэдээллийн ажилтан Г.Баасанжалба “Нийгмийн даатгал нь тэтгэврийн даатгал, тэтгэмжийн даатгал, эрүүл мэндийн даатгал, үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний даатгал, ажилгүйдлийн даатгал гэсэн таван сантай.

Эдгээр таван санд таны шимтгэлийг төвлөрүүлж, зориулалтынх нь дагуу санхүүжүүлдэг. Ингэхдээ нэг сангийн мөнгийг нөгөөд шилжүүлдэггүй бөгөөд зориулалтын бусаар ашиглах ямар ч боломжгүй” гэлээ. Түүнчлэн нийгмийн даатгалын орлого зарлага, тусламж үйлчилгээний жагсаалт бүгд нийтэд нээлттэй байдгийг тодотгож байв. 

Монгол Улсын хэмжээнд 2015 оны жилийн эцсийн байдлаар нийгмийн даатгалд бүртгэлтэй 41.6 мянган ажил олгогч байна гэсэн дүн гарчээ. Түүнчлэн албан журмын даатгуулагчийн тоо 799.8 мянга, сайн дурын даатгуулагч 189.2 мянгад хүрсэн байна.

Мөн жил ирэх тусам даатгуулагчдын тоо нэмэгдэж буйг албаныхан онцолж байгаа юм. Сүүлийн таван жилд гэхэд сайн дураар даатгуулагчдын тоо 2.3 дахин өссөн аж. Нийт даатгуулагч өнгөрсөн жил нэг их наяд 480 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна. 

Албан байгууллагын ажилтан цалин хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоосоо нийгмийн даатгалд 21 хувийн шимтгэлийг, хэрвээ эрсдэл өндөртэй ажлын байранд ажилладаг бол 22, 23 хувийн шимтгэлийг төлдөг. Гэхдээ үүний 10 хувийг л даатгуулагч өөрөө төлөх ба үлдсэнийг нь ажил олгогч хариуцан төлдөг. 

Тодруулбал тэтгэврийн даатгалд 7, тэтгэмжийн даатгалд 0.8, ажилгүйдлийн даатгалд 0.2, эрүүл мэндийн даатгалд 2 хувь нь хуваарилагддаг юм.

Харин сайн дурын даатгуулагчийн тухайд тэтгэврийн даатгалд 10, тэтгэмжийн даатгалд 1, үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалд 1 нийт 12 хувийн шимтгэлийг тухай үед мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй, түүнийг 10 дахин нэмэгдүүлснээс ихгүй байхаар тооцон төлдөг байна.

Нийгмийн даатгал төлснөөр дараах боломжуудыг эдэлдэг

 
Гэрэл зургийг mpa.mn

Ийнхүү шимтгэл төлсний үр шимийн хэзээ хүртдэг вэ? Үүнд Нийгмийн даатгалын газрын мэргэжилтэн жишээ аван тайлбарласныг хүргэж байна. 

“Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр даатгуулагч та хэдий хэмжээний зардлыг Нийгмийн даатгалын сангаас гаргуулахыг жишээн доор тооцоолж үзье л дээ. Иргэн Ц нийт 20 жил ажиллахдаа 500 мянган төгрөгийн цалинтай байсан гэж үзвэл сар бүр нийгмийн даатгалын шимтгэлд 50.000 төгрөг төлнө. Ингэхээр жилд 600.000₮, 20 жилд 12.000.000₮ төгрөг төлөх юм.

Эрүүл мэндийн даатгал

Даатгуулагчид эрүүл мэндийн даатгалын сангаас үзүүлэх тусламж үйлчилгээний санхүүжилтийн дээд хэмжээ жилд 2.000.000 төгрөг байдаг.
Даатгуулагч жил бүр ийм хэмжээний эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байсан гэж тооцвол 
40.000.000₮ болж байна.

Жирэмсэн амаржсаны тэтгэмж 

Монгол эмэгтэйн дундаж төрөлтийн тоо 3. Даатгуулагч 3 хүүхэд төрүүлсэн гэвэл нэг удаагийн жирэмсэн амаржсаны тэтгэмжид 2.000.000₮, 3 удаа амаржихдаа  нийт 6.000.000₮ жирэмсэн амаржсаны тэтгэмж хэлбэрээр нийгмийн даатгалын сангаас авсан байна. 

Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж 

Даатгуулагч Ц 20 жил ажиллахдаа 10 удаа эрүүл мэндийн шалтгааны улмаас тус бүрт 10 хоног эмнэлэгт хэвтсэн гэж тооцвол нэг удаад 124.990₮, нийт 1.249.900₮-ийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авсан байна.

Ажилгүйдлийн тэтгэмж

Даатгуулагч 20 жил нийгмийн даатгал төлж ажиллахдаа 5 удаа ажлаас чөлөөлөгдөж ажилгүйдлийн тэтгэмж авсан гэж тооцвол нэг удаад 806.604₮ нийт таван удаа тэтгэмж авахдаа 4.033.020₮-ийн ажилгүйдлийн тэтгэмж ажилгүйдлийн даатгалын сангаас авах тооцоо гарч байна.

Өндөр настны тэтгэвэр 

Даатгуулагч 55 насандаа тэтгэвэрт гарч Монгол эмэгтэйн дундаж наслалт болох 75.5  насална гэж тооцвол 20.5 жил тэтгэвэр авна. Хэрвээ сар бүр 230.000₮ тэтгэвэр авч байсан гэж тооцвол нийт 56.350.000₮-ийн тэтгэвэр авах юм.  

Энд тахир дутуугийн тэтгэвэр, тэжээгчээ алдсаны тэтгэвэр, хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээхтэй холбоотой зардал, мэргэжлийн сургалтанд суралцах зардал, оршуулгын тэтгэмж зэргийг тооцож үзээгүй боловч даатгуулагч Цэцгээ 20 жил хөдөлмөр эрхлэхдээ 12.000.000 төгрөг шимтгэлд төлөөд хариуд нь 107.632.920 төгрөгийн үйлчилгээг  нийгмийн даатгалын сангаас авах тооцоо гарч байна. 

Энэ бол хийсвэр тооцоолол хүн бүрийн нийгмийн даатгалын сангаас авах үйлчилгээ нь ажилласан жил, төлсөн шимтгэл, авсан үйлчилгээнээс хамааран янз бүр гарна” гэлээ. Мөн нийгмийн даатгалын шимтгэл нь таны ирээдүйн амьдралын баталгаа гэдгийг онцолж байлаа.

Манай улс тэтгэвэр олгож чадахгүйд хүрэх үү?

Хэдхэн хоногийн өмнө иргэдийн дунд гол сэдэв болж байсан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эргэн саная.

Энэхүү төсөлд зарлага бууруулах чиглэлээр тэтгэврийн шимтгэлийг ажил олгогч болон албан хаагчийн тэтгэврийн санд төлөх шимтгэл 7 хувь байсныг 9.5 хувь болгох, түүнчлэн тэтгэврийн насыг нэмэгдүүлэхээр тусгасан байв.

Хэдийгээр иргэдийн хүчтэй эсэргүүцэл, намын бүлгийн гишүүдийн сонгуулиа бодсон шийдвэрийн улмаас буцаан татсан боловч энэхүү асуудал нь орон нутгийн сонгуулийн дараа дахин сөхөгдөхийг үгүйсгэхгүй.

Засгийн газрынхан тэтгэврийн шимтгэлийг нэмэх нь зүйтэй гэх байр сууриа хадгалж байсан ч МАН-ын бүлгийн хуралдаан дээр бусад гишүүд нь сонгуулийн өмнө татвар нэмэх санал оруулж ирсэн нь буруу гэж үзэж байгаа юм. Үндсэндээ ийнхүү буцаан татсан нь орон нутгийн сонгуульд сөргөөр нөлөөлж болзошгүй учраас тэр. 

 

Намын бүлгийн гишүүд нь хэдий хямралыг давах өөр төлөвлөгөө гарга гэсэн даалгавар өгсөн ч Ерөнхий сайд татвар нэмэх нь зүйтэй гэсэн саналтай байсаар байгаа аж. Тодруулбал Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "Миний хувьд татварыг нэмэх байр суурь маань хэвээр байгаа. Гагцхүү намын бүлгээс гаргасан улс төрийн шийдвэрээр энэ удаад татвар нэмээгүй" хэмээн ярьсан нь хэвлэлийн хуудаснаа гарсан байв. 

Хэрэв сонгуулийн дараа тус заалтыг дахин оруулж ирээд, дэмжигдвэл 2017-2018 онд нэг хувь, 2019 онд 0.5 пунктээр нэмэгдүүлэх юм. Ингэснээр Нийгмийн даатгалын санд олгох татаасын зардал буурна хэмээн үзэж байгаа юм. 

Одоогийн хувь хэмжээгээр нийгмийн даатгал төлөгдсөөр байвал 2018 он гэхэд манай улс тэтгэвэр олгож чадахгүйд хүрнэ гэдгийг зарим эх сурвалж хэлж байна

Харин энэхүү сан яагаад алдагдалтай ажилладаг талаар өмнө нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн С.Эрдэнэ "Тэтгэврийн даатгал, Тэтгэмжийн даатгалын сан “0” үзүүлэлттэй байгаа. Энэ хоёр сан угаасаа алдагдалтай явж ирсэн.

Учир нь энэ хоёр санд Сангийн яам 140 гаруй тэрбум төгрөгийн өглөгтэй. Өгөх ёстой хөрөнгөө одоо болтол өгөөгүй байгаа. 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан иргэд болон цэргийнхэн, тусгай албанаас тэтгэвэр гарсан хүмүүсийн  тэтгэврийн даатгалыг төр хариуцна гэж хуульчилсан байдаг" хэмээжээ. 

Ажилтан, албан хаагчид үргэлж нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөөр ирсэн, цаашид ч төлөх болно. Гэвч 2018 он гэхэд тэтгэврийн сан улайж, тэтгэвэр олгож чадахгүйд хүрнэ гэж буй нь ямар шалтгаантай вэ.

Тэтгэвэр авч буй ахмадууд олон ч, шимтгэл төлж буй нь түүнээс хэд дахин илүү. Тиймээс тэтгэврийн санд хуримтлал үүссэн байх ёстой. Гэтэл тэр мөнгө яагаад үгүй байна вэ? Энэхүү асуултад хариулт хайсан боловч хариулах албан тушаалтан өнөөдрийн байдлаар алга.