Монгол-Хятад-Орос гурван улсын эдийн засаг худалдааны чуулга уулзалт БНХАУ-ын Эрээн хотноо энэ сарын 3-7-ны хооронд зохиогдсон билээ. Энэ үеэр МХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважавтай ярилцсанаа хүргэе.
-Гурван улсын эдийн засгийн форумын ач холбогдол нь юу вэ. Энэ удаагийн форумын онцлог нь юу байв?
-Хятад-Монгол-Оросын худалдаа, эдийн засгийн форум жил бүр өөрийн өнгө, агуулгатай болдог. Анх есөн жилийн өмнө Эрээн хотын худалдааны танхимтай хамтарч зочид буудлын өрөөнд хурал зохион байгуулж байсан түүх бий. Тэр үед манай улсаас 30 орчим төлөөлөгч оролцож байсан.
Гурван улс хооронд эдийн засгийн коридор байгуулах хамтын шийдэлд хүрснээр уламжлал болсон хуралдаан өргөн цар хүрээг хамарч байна. Тиймээс сүүлийн хоёр жил энэхүү уулзалт Өвөрмонгол болон Хятад улсын Засгийн газрын хэмжээнд авч үздэг болсноор оролцогчид нэмэгдэн, ач холбогдол, үр дүн ч өсч байна. Энэ удаагийн уулзалтад манай улсаас УИХ, Засгийн газар болон орон нутгийн төлөөлөл, бизнес эрхлэгчид оролцлоо.
Ер нь энэ форумын гол зорилго нь бизнес эрхлэгчид болон эдийн засагт нөлөөлөх хүчин зүйлийн замыг засч бартааг арилгахад чиглэж байсан юм. Манай байгууллагын хувьд үүргээ сайн биелүүлсэн гэж бодож байна.
-Уулзалтын үеэр талууд ямар асуудлаар голчлон ярилцав?
-Энэ удаагийн уулзалтаар Хятадын тал Эрээн хотыг хөгжүүлж, хөрөнгө оруулалт хийхээс илүү Замын-Үүдэд хөрөнгө оруулах сонирхолтой гэдгээ илэрхийллээ. “Замын-Үүд” чөлөөт бүс татваргүй учраас дэлхийн зах зээлд гарах бүрэн боломжтой гэж харж байгаагаа хэлж байсан.
Өөрөөр хэлбэл, Замын-Үүдийн дэд бүтэц, цахилгаан станцыг нь барьж өгөх боломж байгаа юм байна. Энэ ажлын явц ямар байх нь чөлөөт бүсийн шинэ удирдлагуудаас шалтгаална. Мөн “Алтанбулаг” чөлөөт бүсийн асуудлыг хойд хөрштэйгээ тохиролцон шийдвэрлэх боломж бий.
ОХУ-д сая км автозам байна. БНХАУ ч гэсэн сая км замтай. Тэгэхээр энэ хоёр сая км замыг Монголоор холбох нь чухал байна. Ингэхийн тулд нэн даруй 1,000 км үргэлжлэх автозамыг барих ажлыг түргэвчлүүлэх хэрэгтэй. Үүний тулд холбогдох яамд болон Засгийн газар яаралтай шийдвэр гарган тэнд ажиллах аж ахуйн нэгжийг авлига, хээл хахуульгүй, арын хаалгагүйгээр сонгон шалгаруулах учиртай. Одоогоор энэ бүх ажил биднээс шалтгаалж байгаа юм.
-Замын-Үүдэд чөлөөт бүс байгуулах асуудлын манайх ярьдаг ч ажил хэрэг болдоггүй. Гэтэл Эрээнд хувь хүний хөрөнгө оруулалтаар чөлөөт бүс байгуулагдаад нээлтээ хийчихлээ?
-“Замын-Үүд", “Алтанбулаг” чөлөөт бүсийг төрийн оролцоотой хийх гэж 20 жил оролдсон ч амжилтад хүрээгүй юм шүү дээ. Тэгэхээр хоёр чөлөөт бүсийг хөгжүүлэх эрхийг хувийн хэвшилд олгож, эрх зүйн орчныг нь бүрдүүлэх нь үр өгөөжтэй гэж харж байна.
Хэрэв энэ зарчмаар ажиллавал хоёр жилийн дараа эдгээр бүс идэвхтэй ажиллагаатай болох юм. Ялангуяа, “Замын-Үүд” чөлөөт бүсийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг Өвөрмонголын өөртөө засах орноос гаргах санаачилгыг манай талд тавьж байгаа.
Түүнчлэн банк санхүүгийн системд нээлттэй харилцаатай байх сонирхлоо илэрхийлсэн. Манай улсын хувьд давуу эрхтэй компаниуд зах зээлийн зарчмаар ажиллах боломж олговол орж ирэх боломж бий. Энэ бүхэн эдийн засгийн коридороор дамжина. Хаалгаа нээгээд оруулах эсэх нь манай улсаас шалтгаалж байна.
-Энэ удаагийн форумын үр дүнгийн талаар дүгнэвэл?
-Манай байгууллагын зүгээс хөрөнгө оруулалт, харилцан, хамтран ажиллах замыг нь засах ажлаа маш сайн хийсэн гэж болно. Бид Өвөрмонголын худалдааны танхимтай нягт ажиллаж өөрсдийн зүгээс шалтгаалах бүхий л зүйлийг амжилттай биелүүлсэн.
Тиймээс бизнес эрхлэгч болон албаныхан хэрхэн хамтран ажиллах вэ гэдгээ оновчтой, зөв тодорхойлох хэрэгтэй. Үүнийг дагаад эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалт орж ирнэ.
ОХУ, БНХАУ-ын хоёр сая км авто замыг Монголоор холбох нь чухал
Гэхдээ манай бизнес эрхлэгчид нэг дутагдлаа засахгүй байгаа нь анзаарагддаг. Өөрөөр хэлбэл, борлуулж буй барааныхаа шошгийг үзэсгэлэн болж буй орны хэл дээр бичих хэрэгтэй шүү дээ. Энэхүү чуулга уулзалт, үзэсгэлэн худалдаанд оролцохдоо жил бүр 50-100 бизнес эрхлэгчтэй оролцдог байсан. Энэ жил 180 гаруй аж ахуй нэгж, 300 гаруй бизнес эрхлэгч оролцлоо.
Түүнээс гадна өөрсдийнхөө бизнест тохирсон маркетинг, менежментийг хийж хэвших ёстой. Хэдийгээр манай улсад энэ төрлийн бизнес эрхэлдэг компани цөөхөн байдаг ч тэднийг ашиглах хэрэгтэй. Учир нь олон улсын үзэсгэлэн худалдаанд оролцохдоо тухайн үед олох ашгаас илүүтэй ирээдүйд хөрөнгө оруулалт татах боломж болон хамтарч ажиллах нөхцөл бололцоог сонирхох нь чухал. Харамсалтай нь энэ боломжийг төдийлөн ашиглахгүй байна.
Уг нь үзэсгэлэн худалдаа гэдэг нь өөрийн бүх бололцоог гадны хөрөнгө оруулагч, худалдан авагчдад дэлгэж үзүүлэхийг хэлдэг. Хамгийн гол нь тогооноосоо хальж сэтгэн өөрийн бизнесийг өргөжүүлэх боломжийг ашигладаг байгаасай гэж хүсч байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!