Анхны люкс зэрэглэлийн Toyota Alphard-ыг 2002 оноос үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд эхэндээ зөвхөн Японд борлуулахаар төлөвлөж байжээ. Улмаар 2005 онд уг автомашиныг шинэчилсний үр дүнд гаднах төрх, дотоод заслыг нь бага зэрэг өөрчилсөн байлаа. Мөн үед hybrid хувилбар гарч ирсэн.
Эхний үеийн Toyota Alphard гурван төрлийн хөдөлгүүртэй, бас төдий тооны хурдны хайрцагтай. 2.4 литрийн багтаамжтай, 160 морины хүчтэй V4-ийг үндсэн хөдөлгүүрт тооцдог ба энэ нь дөрвөн шатлалтай автомат хурдны хайрцагны тусламжтайгаар 221 Нм эргүүлэх дээд хүчээ урд дугуй руу дамжуулна. Топ хөдөлгүүр нь 3.0 литрийн багтаамжтай энгийн V6 бөгөөд 220 “морь”-той, 304 Нм эргүүлэх дээд хүчтэй. Уг хөдөлгүүртэй цуг таван шатлалт автомат хурдны хайрцаг болон бүх дугуйн хөтлөгчийн технологи хослуулдаг. Харин анхны Alphard-ын hybrid хувилбарын иж бүрдэлд 2.4 литрийн багтаамжтай, 130 морины хүчтэй, 190 Нм эргүүлэх дээд хүч бүхий нэг бензин хөдөлгүүр, урд хойд тэнхлэг хариуцсан хоёр цахилгаан хөдөлгүүр болон CVT хурдны хайрцаг багтана.
Toyota Alphard минивэны хоёр дахь үеийг 2008 онд танилцуулж байлаа. Уг автомашин орчин үед илүү нийцсэн загвар, сайжруулсан арал ангитай байсны зэрэгцээ Toyota Vellfire гэсэн спорт хувилбартай болсон байв. Хоёр дахь үеийн Alphard долоо эсвэл найман хүний суудалтай, саруулхан, гэрэл гэгээ сайн нэвтрүүлдэг салонтой ба суудал болон хаалганы хавтаснуудыг нь нүхтэй савхиар бүрсэн байдаг. Ер нь Toyota Alphard-ын гол давуу тал нь суудлын тоо, чанарт хамааралтай. Жолооч болон зорчигчдод зориулан суурилуулсан суудлыг нь магтахад дуу зохиосон ч багадна.
Жолоочийн суудал гэхэд л найман төрлийн цахилгаан тохируулгатай. Харин урд зорчигч нь зургаан төрлийн тохируулга, хөлний түшлэг болон массажны үйлдэл бүхий OTTOMAN сандалд тухлан явна. Хоёрдугаар эгнээний зорчигчид ч дөрвөн төрлийн тохируулга, хөлний түшлэг болон массажны үйлдэл бүхий OTTOMAN суудлынхаа цахилгаан хүчлүүрийн ачаар биеэ амрааж явах боломжтой. Харин гуравдугаар эгнээний суудлууд энгийн хэдий ч бас л тохилог.
2015 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр шинэ төрхтэй, 2.5 болон 3.5 литрийн багтаамж бүхий шинэ бензин хөдөлгүүрүүдтэй гурав дахь үеийн Alphard-ыг танилцуулж байв. Уг автомашиныг Япон болон Азийн зарим орноос, тэр дундаа Индонези, Тайланд, Филиппин, Хонконг, Монгол Улсаас худалдан авах боломжтой. Шинэ үеийн Alphard-ын радиаторын тор нь Toyota Crown шиг зузаан хээтэй. Өмнөх үетэй нь харьцуулахад энэхүү Alphard-ын кузовын урт нь 60 мм-ээр, өргөн нь 20 мм-ээр нэмэгдэж, дугуйн бааз нь 50 мм-ээр уртассан хэдий ч машины өндөр нь 10 мм-ээр намссан байв. Alphard-ын өрсөлдөгчөөр гурав дахь үеийн Nissan Elgrand болон тав дахь үеийн Honda Odyssey гэсэн MPV (Multi-Purpose Vehicle; олон зорилгот тээврийн хэрэгсэл буюу багтаах чадвар өндөртэй универсал) машинуудыг нэрлэдэг.
Хоёр дахь үеийн Toyota Vellfire хэмээх люкс зэрэглэлтэй том оврын минивэныг 2015 оноос Японд үйлдвэрлэж, дотоодын зах зээл дээр болон Азийн зарим оронд борлуулж эхэлжээ. Энэхүү шинэ автомашин нь Toyota Alphard-ыг бүрэн хуулбарласан загвартай хэдий ч хамар хэсгээрээ түүнээс тэс өөр. Салон нь хувилбараасаа шалтгаалан долоо болон найман хүний суудалтай.
Toyota Vellfire-ыг 2.5 (182 м. х.) болон V6 3.5 (280 м. х.) гэсэн хоёр төрлийн бензин хөдөлгүүрээр тоноглож байгаа бөгөөд эхнийх нь CVT-тэй, нөгөө нь зургаан шатлалт автомат хурдны хайрцагтай хослон ажиллана. Уг автомашиныг зөвхөн урд эсвэл бүх дугуйн хөтлөгчтэйгээр үйлдвэрлэж байна. Түүнчлэн энэхүү минивэнд 2.5 литрийн бензин болон урд хойд тэнхлэгт суурилуулдаг хоёр цахилгаан хөдөлгүүр бүхий hybrid хувилбар бий. Бүх хөдөлгүүр нийлбэр дүнгээрээ 197 морины хүч гаргана.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!