Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

Азийн интеграци гэж аль вэ, ингэхэд

Г.Гомбо, Засгийн газрын мэдээ
2016 оны 9 сарын 5
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

Монгол Улс газар зүйн байршлаа эрхбиш олж тогтоосон. Харин геополитикийн ба геоэдийн засгийн байршлаа олж тогтооход бодит ба хийсвэр бэрхшээл мундахгүй олон. “АСЕАН ба Зүүн Ази”, “АПЕК” нь Азид манай улсын хандах гол баримжаа байж болох. Тэгнэ ч гэсэн зорилгоо Гадаад бодлогын үзэл баримтлалаараа нотолчихсон.

Энэ үзэл санааг баяжуулах үүднээс 2015 оны арваннэгдүгээр сард Куала Лумпур хотноо тохиосон АСЕАН-ы болон Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтуудаас судалгаа хийж баримт цуглуулснаа эхлээд толилуулъя.

Интеграцийн бодитой хэлбэр гэвэл Азид АСЕАН гарцаагүй тооцогдоно. Европын холбоотой төстэй, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, хөрөнгө, ажиллах хүчний чөлөөтэй хөрвөх тийм орчинг буй болгохоор АСЕАН-ы Эдийн засгийн хамтын нийгэмлэг гэдгээ өмнө нь байгуулсан байсан ба тэд “Хамтдаа хөгжинө-АСЕАН 2025” тунхаглал батлан гаргажээ.

Тэрхүү баримт бичгийн агуулгыг дэлгэвээс, ойрын 10 жилд нэгдүгээрт, улс төрийн эв нэгдэл, хоёрдугаарт, эдийн засгийн интеграци, гуравдугаарт нийгмийн хариуцлага бүхий эдийн засгийн хамтын нийгэмлэг байгуулахаар зарлажээ.

Хэрэв тэгж чадваас нийт 620 сая хүн амтай, 2030 онд 4.7 их наяд ам.доллар буюу дэлхийд дөрөвдүгээрт орох, Европын холбоог давах үлэмж том эдийн засаг бүхий АСЕАН буй болно.

Интеграцийн бодитой хэлбэр гэвэл Азид АСЕАН гарцаагүй тооцогдоно.

Өмнө нь Европынхны жишгээр бараа, үйлчилгээ, ажиллах хүчний урсгалыг 2015 оны арванхоёрдугаар cap гэхэд буй болгочихно хэмээн арваад жилийн тэртээ зорилт болгон дэвшүүлсэн ч биелүүлж чадаагүй тул эл хугацааг нэг жилээр сунгаад энэ оны төгсгөл гэхэд үр дүнг нь тооцох гэж буй.

2015 оны намрын байдлаар төлөвлөсөн ажлынхаа 79.5 хувийг, тэргүүлэх зорилтынхоо 92.7 хувийг биелүүлсэн хэмээн дүгнээд “АСЕАН-2025” тайланд дутуугаа 2016 оны арванхоёрдугаар сард гүйцээхээр тогтсон нь тэр юм.

АСЕАН-ыг яагаад шавдуулаад эхлэв? Хэтдээ аюулгүй байдалд нь тулгарч болзошгүй элдэв сорилт эрсдэлийн эсрэг цэрэг, батлан хамгаалахын чадавхаа бэхжүүлэх замаар АСЕАН нь бүс нутагтаа хүчирхэг гүрнүүдээс үл хамаарах, стратегийн хүчтэй эвсэл болох алхмаа хийж эхлэв гэсэн дүгнэлт хийж болно.

Гэхдээ АСЕАН-ы гишүүн орнууд бүс нутагтаа хүчирхэг цэргийн гүрэн болохыг сонирхдоггүй, газар нутгаа тэлэх санаархалгүйгээс гадна хөгжлийн түвшин, загвар нь харилцан адилгүй тул яг тэгж эвсэж нэгдэх эсэх нь тодорхойгүй. Яваандаа тэдэнд ямар сорилт тулгарах, тэр нь хэр даамжрахаас шалтгаална.

АСЕАН-ы ганц нэг гишүүн улсын аюулгүй байдалд тодорхой сорилт тулгарлаа гэхэд аюулгүй байдлаа хангахаар бүс нутгийн болон эсвэл бусад өөр том гүрэнтэй (АНУ, Япон, Энэтхэг гэх мэт) эвсэхийг үгүйсгэхгүй. АСЕАН нь эдийн засгийн чадавхаа бэхжүүлэх, өөр хоорондын зөрүүтэй байр сууриа шийдвэрлэхэд урт хугацаа шаардлагатай.

Ингэхийн тулд л “2025”-ыг гаргаж ирсэн болов уу. АСЕАН-ы алс хэтийг харсан замын зураглалыг хэлж байна. Тэдний эв нэгдлээ бэхжүүлэх хүсэл эрмэлзэл нь эдийн засгийн интеграциасаа давснаар АСЕАН нь улс төрийн хатуу эвсэл болж төлөвших шинжийг агуулчихлаа. Куала Лумпурын баримт бичгээс эргэж сөхье.

Уг тунхаглалд ийм утга байна: "АСЕАН-2025" бол гаднын түншүүдтэй хамтарч санал санаачилга дэвшүүлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх замаар терроризм, хүний наймаа, далай тэнгисийн маргаант асуудлууд зэрэг аюулгүй байдлын уламжлалт бус сорилтын эсрэг чиглэх ба тарифын саад бэрхшээлээ арилгасан АСЕАН-ы гишүүн 10 улс одоо нэгдсэн зах зээл, үйлдвэрлэлийн бүтэц, бараа, үйлчилгээний чөлөөт урсгал бүхий жинхэнэ нэгдсэн зах зээл бий болгохыг зорино гэв.

Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак ч мөн ийм мэдэгдэл хийсэн. “Гаднын түншүүдтэй хамтарч” гэдэг тодотголд хэн хамрагдав? Чухам л их гүрнүүдийг ярайтал оруулж тооцож байна. Хятадын эдийн засгийн өсөлт саарлаа, Энэтхэгийн эдийн засаг долоон хувиас дээш тогтвортой нэмэгдэх төлөвтэй байна.

Ийм нөхцөлд Азийн энэ хоёр гүрний өрсөлдөөн АСЕАН-ы гишүүдийг ‘АСЕАН-ы Эдийн засгийн хамтын нийгэмлэг” гэдэг рүүгээ түлхүү анхаарахад гарцаагүй хүргэнэ. Цаад хоёр хүчирхгүүдийн хөлд чирэгдэхгүй байя гэвэл тусдаа хамтын нийгэмлэг байхаас аргагүй.

АСЕАН-ы гишүүдийн зарим нь АНУ, Япон руу ойртох, зарим нь хэдэн тийшээ эдийн засгийн хүч чадал нь тэлж буй Хятадтай дотносох чиглэл барьдаг. Гэтэл Хятадтай хуурай газар, тэнгисээр нутаг дэвсгэрийн маргаантай ганц нэг улс бий.

Тэд нь биеэ даах бодлого явуулах, эсвэл АНУ, Япон, бүр ил тодоор Энэтхэг, Австралитай стратегийн түншлэл үүсгэх, ирээдүйд сорилт тулгарахад тэднээрээ баланс хангуулахыг зорьж ч байх шиг.

Өөрөөр хэлбэл улс төрийн эв нэгдлийг хүсэгч АСЕАН нь гурван тал руу харж талцжээ. Энд ТРРР, FTAA, RCEP гэсэн гурван чиглэл гараад ирлээ. 

Чөлөөт худалдааны том орон зайд АСЕАН-ы 10 улс нэгдсэн боловч тус тусдаа бусад улстай худалдаа хөгжүүлэхдээ нэгдмэл бус, зарим нь АНУ-ын хөзөр болгож буй Номхон далайн түншлэлийн гэрээ (Trans Pacific Partnership Pact-TPPP), зарим нь Хятадын дэмждэг Ази, Номхон далайн чөлөөт худалдааны хэлэлцээр (Free Trade Area of the Asia-Pacific-FTAA), зарим нь Энэтхэгийн оролцдог Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийг (Regional Comprehensive Economic Partnership-RCEP) эрхэмлэх хандлагатай байна.

Өөрөөр хэлбэл улс төрийн эв нэгдлийг хүсэгч АСЕАН нь гурван тал руу харж талцжээ. Энд ТРРР, FTAA, RCEP гэсэн гурван чиглэл гараад ирлээ. Энэ гурав нь өнөөдөртөө “худалдаа” гэх тодотголтой явж байгаа ч хэтдээ дэлхий нийтийн өмнө тулгарах элдэв сорилтыг давах болбол хэнтэй хорших, хэний нөмөр нөөлөгт байх вэ гэдгийнх нь ерөнхий баримжаа болох болов уу.

АСЕАН ба Энэтхэгийг дараах сорилт хүлээж байна гээд Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди айлдчихсан. Нэгдүгээрт, терроризмын эсрэг хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёрдугаарт, нутаг дэвсгэрийн маргааныг тайван замаар шийдвэрлэх, гуравдугаарт, усан замын аюулгүй байдлыг хангах, дөрөвдүгээрт, далайн дээрэмчидтэй тэмцэх, тавдугаарт, хүмүүнлэгийн болон гамшгаас авран хамгаалах чиглэлээр хамтарч ажиллах гэжээ.

АСЕАН-тай дээд түвшинд болон гадаад хэрэг, худалдаа, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, байгаль орчин, сэргээгдэх эрчим хүч, холбоо мэдээллийн сайд нарын тэргүүлсэн долоон хороог Энэтхэг нь механизм болгон ашигладаг ба яриа хэлэлцээний 30 сувгаар дамжуулан АСЕАН-д нөлөөлдөг.

Энэтхэг ба АСЕАН-ы эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжсөөр буй, 2015 онд худалдааны нийт эргэлт нь 100 тэрбум ам.долларыг давсан. Энэтхэг нь Өмнөд Хятадын тэнгист Хятадын эсрэг зогсож байдгаараа АСАЕН-ы улс төрийн түншийн статусыг өлхөн авчихаж чадна.

Ерөнхий сайд Модигийн мэдэгдэл байна: “Өмнөд Хятадын тэнгис дэх нутаг дэвсгэрийн маргааны тухайд бол олон улсын эрх зүй, түүний дотор Далайн хуулийн тухай НҮБ-ын 1982 оны конвенцоор хүлээн зөвшөөрөгдсөн зарчмын дагуу навигаци, дамжин өнгөрөх нислэгийн чөлөөтэй байдал, хүндрэл саадгүйгээр худалдаа хийх эрхийн төлөөх АСЕАН-ы тууштай байр суурийг дэмжиж байна” гэжээ.

Нутаг дэвсгэрийн маргаан тайван замаар шийдвэрлэгдэх ёстой гэх мөртлөө Өмнөд Хятадын тэнгис дэх маргаанд оролцогч талуудын ёс зүйн дүрмийг нийтийн зөвшилцлөөр аль болох эрт тохиролцооч гэх учир битүүлэг санал Энэтхэг дэвшүүлдэг.

Хэрэв тусдаа улс дээр аваад яривал Энэтхэг нь АСЕАН-ыг бүрэн дөрлөж авсан мэт. Ноён Н.Моди “Зүүн өмнөд Ази бол Ази, Номхон далайн бүс нутагтай харилцах гарц” хэмээн нэгэнтээ мэдэгдсэн ба тэр хамтдаа хөгжих зам бол харилцан холбоотой байхыг (Connectivity as the pathway toward shared prosperity) хэлнэ хэмээв.

Ингээд Энэтхэг-Мьянмар-Тайландыг 2018 онд холбох хурдны замын бүтээн байгуулалтаар жишээ татан ярина. АСЕАН-тай цахим болон биет харилцаа холбоог өргөжүүлэх төсөл хөтөлбөрийг хөхиүлэн дэмжихэд нэг тэрбум ам.долларын зээл Энэтхэг олгох боллоо. Камбож, JIaoc, Мьянмар, Вьетнамтай тогтоосон түншлэлдээ Энэтхэг онцгой анхаарч байна.

Сулхан гэгдэх тэдгээр дөрвөн улсын чадавхыг бэхжүүлэх хамтын ажиллагааг өргөжүүлнэ, үйлдвэрлэлийн бүс байгуулах төсөл хөтөлбөр боловсруулах хөрөнгө оруулалтын Хамтарсан сан байгуулахыг зорино, Энэтхэг-АСЕАН-ы шинжлэх ухаан-техникийн хөгжлийн санд үзүүлдэг тусламжийг таван сая ам.долларт хүргэнэ, хямд үнэтэй техник технологийн худалдааг хөнгөвчлөх, судалгааны хамтарсан төслүүдийг дэмжих АСЕАН-Энэтхэгийн инновацийн сан байгуулна гэх амлалтууд Нью Делигээс хөвөрч өглөө.

АСЕАН-ы гишүүн Индонез, Филиппин, Камбож улс Энэтхэгтэй Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулснаа 2015 онд соёрхон баталсан бөгөөд АСЕАН нь бүхэлдээ түүнийг дагаж мөрдөх болно. 

АПЕК бол нийт гурван тэрбум хүн амтай 21 улс худалдааны асуудлаар нэгдмэл байгааг харуулах учиртай эдийн засгийн форум.

Нэр бүхий гурван улсаас бусад нь өмнө нь байгуулсан үйлчилгээ, хөрөнгө оруулалтын чөлөөт худалдааны хэлэлцээрээ мөрдөж эхэлсэн, JIaoc хөрөнгө оруулалтын хэсгээ тохирчихвол АСЕАН тэр чигтээ Энэтхэгтэй хорших болж байна. Зүүн өмнөд Азийн улсуудыг Хятадын дарамтын эсрэг нэгтгэх үүрэг явж явж Энэтхэгт хүрээд ирэх юм биш байгаа гэх зовнил олон улсын судлаачдад мэдрэгдэх болов. 

АСЕАН-ы гишүүн хоёр улс илэрхий Хятадын тал баримталж, АНУ-ын зүгээс хүчтэй хариу арга хэмжээ авахгүй тохиолдолд АСЕАН-ы бусад нь дагалдах хандлагатай байх шиг.

Энэ байдал цаашид үргэлжилбэл нутаг дэвсгэрийн талаарх Хятадын шаардлага ямар нэгэн эсэргүүцэлгүйгээр бодитой ажил хэрэг болж, чингэвээс Хятадын өөдөөс нутаг дэвсгэрийн асуудал ярих боломж Энэтхэгт ч үгүй болно гэх болгоомжлол, айдас Энэтхэгийн стратегичдад байх бололтой.

Энэтхэгийн хувьд батлан хамгаалах хүч нь Хятадынхаас давахгүй, магадгүй хавьтахгүй. Худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт ч хийж чадах зүйл их биш. Эдийн засгийн чадавх нь Хятадтай өрсөлдөх боломж олгохгүй. Гэвч бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүтэц, тогтолцоог өөрчлөх, өргөжүүлэх, бэхжүүлэх талаар хийж чадах зүйл бий.

Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаанд (АПЕК) оролцох хамгийн түвэг багатай зорилт Энэтхэг өмнөө тавьж буй нь Хятадыг хазаарлах зорилго агуулсан байж болно.

АСЕАН-ы дүр зураг ийм байгаа бол Монголын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байх ёстой АПЕК ямархуу дүр зурагтай байна вэ? АПЕК бол нийт гурван тэрбум хүн амтай 21 улс худалдааны асуудлаар нэгдмэл байгааг харуулах учиртай эдийн засгийн форум. Эвсэл гэж нэрлэхэд эртэднэ.

Өөр хоорондоо дайсагнасан улс орнууд тэр форумыг бүрдүүлдэг. Тиймдээ ч нутаг дэвсгэрийн маргаан, терроризмын асуудалд түлхүү анхаарал хандуулдаг болж байна. АПЕК-ийн хүчирхэг эдийн засаг нь АНУ гарцаагүй мөн. Гэтэл Ерөнхийлөгч Б.Обама Өмнөд Хятадын тэнгист хиймэл арал байгуулах ажиллагаагаа зогсоохыг Хятадад уриалсан нэрээр шаардана.

Хариуд нь Хятад Азийн хөрш зарим оронтой тэнгисийн усан хилээр үүссэн маргаан нь олон талын хүрээнд, тухайлбал, АПЕК-т яригдах ёсгүй гэж гүрийнэ. Хариуд нь АНУ Зүүн өмнөд Азийн түншүүд, түүний дотор Филиппиндээ 250 сая ам.долларын тусламж үзүүлэхээ амлана.

Хариуд нь Хятад Өмнөд Хятадын тэнгист үндэсний батлан хамгаалахад шаардлагатай цэргийн байгууламж барьж байгуулах ажлаа үргэлжлүүлнэ гэнэ. Энэ бол АПЕК-ийн дээд түвшний өмнөх уулзалтын үеэр яригдсан асуудал. Ийм асуудал багасах бус улам нэмэгдэнэ. Цаашаа яах бол?

АСЕАН ч тэр, АСЕАН+Энэтхэг ч тэр, АПЕК ч тэр, Өмнөд Хятадын тэнгисийг нээлттэй, эцэс төгсгөлгүй ярилцдаг индэр болж хувирцгааж байгаа юм биш үү?

Зураг