НИТХ-ын тогтоолоор 2013 онд Жанжин Д.Сүхбаатарын талбайг Чингисийн талбай хэмээн нэрлэсэн билээ.
Харин тухайн үед Д.Сүхбаатарын гучинцар З.Хайдар эсэргүүцэж шүүхэд хандсан байдаг.
Өнөөдөр болсон шүүх хурлаас Улаанбаатарын төв талбайн нэрийг Д.Сүхбаатарын гээд хуучнаар нь нэрлэх шийдвэр гаргажээ.
Энэ талаар Д.Сүхбаатарын гучинцар З.Хайдартай холбогдож тодруулахад "Захиргааны хэргийн шүүхийн эцсийн шийдвэр гарлаа. Яг одоогоор шүүхийн тогтоол миний гар дээр ирээгүй байна. Гэхдээ давж заалдах боломжгүйгээр эцсийн шийдвэр гарсан. Хэзээнээс нэршлийг буцаах талаар тогтоолд тусгаж өгөх байх. Тогтоол гарсан даруйд дахин мэдээлэл хийх болно" гэлээ.
Иргэн З.Хайдараас нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Тэргүүлэгчдэд холбогдуулан “Жанжин Д.Сүхбаатарын талбайн нэрийг Чингисийн талбай болгон өөрчилсөн тухай нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 79 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцуулах” нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан.
Хариуцагч нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс шүүхэд ирүүлсэн нотлох баримт болох нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 02 дугаар хуралдааны тэмдэглэл, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуйгаас 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ирүүлсэн 01/332 тоот албан бичигт “...нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа”-г илэрхийлсэн байх тул шүүхээс ХАРИУЦАГЧ НЭХЭМЖЛЭЛИЙН ШААРДЛАГЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСНИЙГ БАТАЛЖ, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!