Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Бөглүү арал дээр төрөөд бүх ФРАНЦЫН ХААН болсон НАПОЛЕОН

Б.Барс
2016 оны 8 сарын 15
Зууны мэдээ
Зураг зураг

Орчин цагийн Франц улсын үндэс суурийг тавьсан суут жанжин, төрийн зүтгэлтэн Наполеон Бонапарт 1769 оны наймдугаар сарын 15-нд Корсик арлын Аяччо сууринд Флоренцээс гаралтай орон нутгийн шүүгч Карло Буонапартегийн 13 хүүхдийн хоёр дахь нь болж төржээ.

Түүнийг төрөхөөс жилийн өмнө Генуягийн бүгд найрамдах улс өөрийн мэдлийн Францын хаан Луид 40 сая франкаар арилжжээ.
Бага сургуульд италиар бичиг үсэгт нэвтэрсэн Наполеон 10 настайдаа л франц хэл сурч эхэлсэн бөгөөд насан туршдаа содон итали аялгаар ярьдаг байсан гэдэг.

Корсикийн язгууртнууд Карло Буонапартег Парис дахь төлөөлөгчөөрөө сонгосны дараа тэрээр Наполеоныг дагуулан Францыг зорьж, коллеж, улмаар цэргийн кадетын сургуульд оруулж чаджээ. 

1804 оны тавдугаар сарын 18-нд түүнийг Францын хаанаар өргөмжилжээ.

Гарамгай ой тогтоолттой тэрээр математик, газар зүй, түүхийн хичээлд шилдэг сурагч болсон бөгөөд Македоны Александр, Юлий Цезар зэрэг эртний домогт жанжнуудын намтрыг бишрэн уншдаг байсан аж.

Гэтэл түүний эцэг нэгэн концессын гэрээгээр acap их мөнгө зээлээд эцэст нь төлбөрийн чадваргүй болж өрөнд баригдсаныхаа дараахан өөд болжээ. Ядуурсан гэр бүлийнхээ тэргүүн болсон 16 настай Наполеон сургуулиа дүүргээд их бууны ангийн бага дэслэгч цолтойгоор цэргийн алба хашиж эхлэхдээ цалингийнхаа талыг ээждээ илгээн тарчигхан амьдарч, өдөрт ганц удаа л хооллодог байжээ.

Францын хувьсгал ялсны дараахан тэрээр 1793 онд 24 насандаа анхны тулалдаанаа удирдаж гарамгай ялалт байгуулж алдаршсан аж. Францын хаанд үнэнч роялистууд Тулоныг эзлэн авч, хувьсгалчид стратегийн чухал ач холбогдолтой тус хотыг удаа дараа довтолсон ч амжилт эс олжээ. Эцэст нь хувьс галчид давшилтыг залуухан ахмад Наполеон Бонапартаар удирдуулаад үзэхээр шийджээ.

Түүний удирдсан итгэл төгс ялалтыг нүдээрээ харсан Огюстен Робеспьер өөрийн ах, Францын хувьсгалын удирдагч Максимиллиан Робеспьерт Наполеоны тухай анх дуулгасан байдаг. Тулоныг чөлөөлснийхөө төлөө тэрээр бригадын генерал цол хүртсэн юм.

Үүнээс хоёрхон жилийн дараа 1795 онд Парист гарсан бослогыг шуурхай дарж, дивизийн генерал цолтойгоор Францын армийн ар талын хүчний командлагчаар томилогджээ.

Армид маш их нөлөөтэй болсон Наполеон  1799 онд төрийн эргэлт хийж Францын нэгдүгээр консулын албан тушаалтайгаар бүх эрх мэдлийг гартаа төвлөрүүлсэн аж. Дарангуйлагч дэглэм тогтоосон тэрээр Францын банкийг үүсгэн байгуулж, иргэний хуулийг санаачлан батлуулах зэргээр хэд хэдэн чухал шинэчлэлийг хийсэн байдаг.

1804 оны тавдугаар сарын 18-нд түүнийг Францын хаанаар өргөмжилжээ. Үүний дараа тэрээр хэд хэдэн амжилттай дайн хийж, Францыг Европ тивийн хамгийн хүчирхэг гүрэн болгосон юм.

Гэвч Францын флот далайн ноёрхлын төлөө Их Британитай амжилтгүй дайтаж, дээр нь 1812 онд Оросын эсрэг их дайнд ялагдсанаар түүний цогцлоосон гүрний сүйрэл эхэлжээ.

Наполеон 1814 онд хаан ширээнээсээ буухад хүрч, дайнд ялалт байгуулсан холбоотон улсууд түүнийг Элба арал руу цөлсөн юм. Гэвч тэрээр жилийн дараа Элбагаас оргож Парист хүрэлцэн ирж дахин хаан ширээнд заларсан билээ.

Үүнээс зуун хоногийн дараа тэрээр үнэнч хуучин гвардийн цэргүүдээ удирдан Европын холбоотнуудын нэгдсэн армитай Ватерлоод тулалдан ялагдсан юм. Холбоотнууд түүнийг Гэгээн Еленагийн арал руу цөлж, маш чанд хамгаалалттайгаар бүх насаар нь хорьжээ.

Нэгдсэн Европыг цогцлоох их үйлсэд бүхнээ зориулсан Наполеон бөглүү арал дээр төрсөн шигээ 1821 оны тавдугаар сарын 5-нд 52 насандаа мөн л арал дээр өөд болжээ. 


Энэ өдөр болсон түүхэн үйл явдлууд:

383 он

Британи дахь Ромын цэргүүд эзэн хаанаараа генерал Максимусыг өргөмжилжээ.

1771 он

Түүхэн романыг үндэслэгч Шотландын нэрт зохиолч Валтер Скотт төржээ. “Айвенхо”, “ Квенгин Дорвард” зэрэг түүхэн романуудаараа алдаршсан тэрээр мөн авьяаслаг яруу найрагч байсан гэдэг.

1927 он

Манай улсад Үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг үүсгэн байгуулав.

1947 он

Их Британийн парламентын баталсан Энэтхэгийн тусгаар тогтнолын тухай хуулийн дагуу тус улс Ази дахь аварга том колонийнхоо лалын шашинтнуудтай нутгийг Пакистан, индуистуудтайг нь Энэтхэгийн холбоо хэмээх хоёр тусгаар улс болсныг зарлажээ. Дели хотноо Их Британийн далбааг буулгаж,тусгаар тогтносон Энэтхэгийн анхны удирдагч Жавархалал Неру шинэ улсын далбааг анх мандуулжээ.

1965 он

Английн “Битлз” хамтлаг Нью-Йоркийн “Shea Stadium" цэнгэлдэх хүрээлэнд 65 мянган шүтэн бишрэгчдийнхээ өмнө концерт тогложээ. Энэ нь рок, попынхны цэнгэлдэх хүрээлэнд хийсэн анхны амьд тоглолт болсон юм.

Зураг