АН үнэмлэхүй ялагдсаны дараа тус намын дэргэд “шинэчлэлийн” гэх тодотголтой хөдөлгөөнүүд борооны дараах мөөг шиг гарч ирж байна. Тэгвэл шинэчлэлийг анхлан санаачилж 2014 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй “АН-ын шинэчлэлийн хөдөлгөөн”-ий тэргүүн П.Галиндэвтэй ярилцлаа. Намынхаа 25 жилийн ойн баярын хурал дээр удирдлагууддаа үндсэн дүрэм, үзэл баримтлалд тодорхой өөрчлөлт оруулах зэрэг тодорхой шаардлага бүхий лоозон барьж, “бэлэг” бэлдсэнийхээ төлөө танхимаас хөөгдөж байсан тус хөдөлгөөнийхөн цаашид юу хийх талаар тэргүүн нь ийн ярьж байна.
-Сонгуулиар ялагдсан улс төрийн намыг шинэчлэх үйл явц өрнөх нь зайлшгүй хэрэг. Гэвч ихэвчлэн намын дарга, түүнийг тойрон хүрээлэгчдийг өөрчилснөөр асуудал шийдэгдэх мэт ойлгодог тал бий. Та бүхний шинэчлэлийн гол зорилго юу вэ?
-Шинэчлэлийг дүр эсгэсэн байдлаар бус, сууриас нь харж хийх ёстой. АН-д юуны түрүүнд хариуцлагын шинэчлэл хэрэгтэй байна. 1996 онд Засгийн газраа унагаж, засаглалын хямрал үүсгэсэн алдаагаа сая давтсан. Энэ бол бүх ялагдлын үндэс байсан. АН-аас сонгогдсон гишүүд намаас байгуулсан Засгийн газрынхаа эсрэг товчлуур дарж унагасан бүх хүнд хариуцлага тооцох ёстой. Нөгөө талаас АН-ын нэрээр гарч ирсэн Төрийн өндөр албан тушаалтнууд хариуцлагатай, ёс зүйтэй байх ёстой.
Хувь улстөрчийн хариуцлага, ёс зүйг намын дүрмээр чангатгах хэрэгтэй. Хоёрдугаарт Нам тогтвортой хөгжлийн бодлоготой байх ёстой. Бүр салбар бүр дээр тогтсон бодлогтой байх хэрэгтэй, АН-ыг сонгуулиар дэмжвэл манай салбар ингэж хөгжинөө гэдэг нь тодорхой байх, Тэр нь зөвхөн сонгуульд зориулсан биш бодит судалгаа, тооцоон дээр суурилсан, Улс орны хэтийн хөгжилтэй нягт уялдсан байх учиртай.
Манай намын хувьд бодлого боловсруулах байгуулага нь ҮЗХ байх ёстой боловч үндсэн үүргээсээ хазайгаад дарга сонгодог хүмүүсийн бөөгнөрөл болж хувирсан. Мөн боловсон хүчний бодлого алдаатай байна. Боловсон хүчний залгамж, халааг тасралтгүй бэлдэх учиртай. Бүх шатанд хийж ирсэн сэлгээ үгүй болсон. Жил бүр шат шатандаа 30 хувийн сэлгээ хийж, салхи оруулдаг байсан нь сүүлийн долоон жил хаягдсанаас АН-ын уураг тархи ялзарч эхэлсэн. Үүнээс гадна намын гишүүдийн оролцоо туйлын хангалтгүй гээд өөрчилж, шинэчлэх зүйл олон байна.
-Та бүхэн Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанд шаардлага хүргүүлж, байр сууриа илэрхийлсэн. Сэтгэл хэр хангалуун байна вэ?
-Сэтгэл ханаад байх зүйл байхгүй. Бид энэ намд дээр ярьсан шинэчлэлүүдийг бодит ажил болгохоос нааш зогсохгүй. Шинэчлэлийн гол шийдвэрийг их хурлаас гаргана. Үүгээр бид үзэл баримтлал, тогтвортой хөгжлийн бодлого, үндсэн дүрмийн өөрчлөлтийн талаар ярина. Хариуцлага, ёс зүйн тогтолцоог ч нэвтрүүлнэ. Үндсэн дүрэм намын дотоод амьдралыг зохицуулахааргүй болж хуучирсан, Намын Их хурлаар дүрмийн шинэчилсэн төслийг батлуулсаны дараа тодорхой хэмжээнд урагштай явж байна гэж хэлж чадна.
-Та бүхэн намын үндсэн дүрмийн төсөл боловсруулсан юм уу?
-Их хурлаараа үндсэн дүрмээ өөрчилье гэдэгт санал нэгдсэн. ҮЗХ-ны хуралдаанаас шинэчилсэн дүрмийн төсөл боловсруулах, их хурал зохион байгуулах зэрэг ажлын хэсгүүд байгуулах ёстой. Бид хоёр жилийн өмнөөс дээрх чиглэлд өөрийн гэсэн хувилбар боловсруулаад явж байна. Түүнийгээ их хуралд танилцуулна. Тэр хүртэл намтай хамтарч ажиллах талаар ярилцаж байгаа. Нам нэгэнт ялагдсан, ард түмэн дүнгээ тавьсан, АН шинэчлэгдэх ёстой гэдэг нь хаана хаанаа ойлгомжтой байгаа үед нэг нь шүүмжилж, нөгөө нь шүүмжлүүлэхээс илүү хамтарч ажиллан, намаа богино хугацаанд яаж шинэчлэх вэ гэдэг талаар ажиллах хэрэгтэй байна.
-Засгийн газраа унагахад оролцсон хүмүүст хариуцлага тооцохоор ҮЗХ-ноос шийдвэрлэсэн гэж байсан.
- Энэ талаар албан ёсны шийдвэр гараагүй. Гэхдээ зарчмын хувьд хариуцлага тооцох нь зөв. ҮЗХ-ны хуралдаан завсарлаж, ойлгомжгүй нөхцөл байдал үүсээд буй. Манай хөдөлгөөний зүгээс ҮЗХ-оос Намын шинэчлэлийн чиглэлд санаачилга гаргаж ажилланаа гэж харж, хүлээж байна. Хэрвээ ҮЗХ-ноос Намын шинэчлэлийн асуудал дээр бодьтой алхам хийхгүй нөгөө л фракц, бүлэглэлийнхээ эрх ашгийн үүднээс хандвал хатуухан байр суурь илэрхийлж, шинэчлэгдэх сонирхолгүй байгаа ҮЗХ-г 100 хувь огцруулах хүртэл дараа дараагийн шийдвэртэй арга хэмжээг авч хэрэгжүүлэх болно.
-Ирэх Баасан гарагт товлоод буй ҮЗХ-ны хуралдаанаар намын даргын нэрийг эцэслэн тодруулах юм билээ. Үүнд та бүхний байр суурь ямар байх юм бэ?
-Хэн нэг мундаг дарга гарч ирээд АН-ыг өөрчилнө гэж ер харахгүй байгаа. Дарга бол хоёр, гурав бүр арав дахь асуудал. Эхлээд шинэчлэх ёстой юу гэдэгт бүгдээрээ нэгдэж, ойлголцох ёстой. Дараа нь шинэчлэлийг ямар зарчимд тулгуурлаж хийхээ ярилцаж ухарч буцахгүй, гуйвахгүй байх ёстой. Өөрөөр хэлбэл, намын дарга шинэчлэлийг дагаж л гарч ирэх ёстой. Намын даргыг шинэ дүрмийн дагуу мөрийн хөтөлбөрийг нь харж байж Их хурлаас сонгох ёстой. Тоглоомын шинэ дүрмээ эхэлж батлая.
-АН-ын даргын төлөөх марафон дараагийн Ерөнхийлөгчид нэр дэвшигч хэн байх вэ гэсэн чиглэлд яваад байна гэх байр суурь бий. Үүнтэй санал нийлж байна уу?
-Намыг ялагдсан дээр нь, орон зайгаа эзэлж авах, удирдлагад нь гарах гэсэн явцуу бүлэглэл зөндөө байна. Гэхдээ АН улс төрийн голлох хүчний хувьд шинэчлэлийг бодлоготой, төлөвлөлттэй хэрэгжүүлэх хэрэгтэй, одоо хийх шинэчлэл нь АН-ын дараагийн 20 жилийн өнгө төрхийг тодорхойлох учиртай. Түүнээс сонгуульд зориулж, эсвэл хэн нэгэн хүнийг амбицийг хангах зорилготой шинэчлэл байж болохгүй. Ялагдалд хөтөлсөн, зохион байгуулсан хүмүүс намайг хэн мэдэхэв гэсэн шиг дүрээ хувирган, удирдлагыг гартаа авахыг санаархаж байгааг үгүйсгэх аргагүй. АН-ын ялагдалд дотоод, гадаад маш олон шалтгаан бий. Мэдээж өөрсдөөсөө бурууг хайх ёстой ч гадна талаас нь АН-ыг ялагдуулах зорилготой зохион байгуулалттай үйл ажиллгаа маш их байсныг хэлэх хэрэгтэй.
-Сүүлийн хоёр УИХ-ын дарга нь эрх баригч намын дарга байлаа. Магадгүй АН-ын ялагдлын нэгээхэн шалтгаан энэ байж болох. Энэ тухайд юу хэлэх вэ?
-Энэ бол гажуудал. Олонх болсон намын дарга Ерөнхий сайд болох зарчим л үйлчилдэг. УИХ-д 65 суудал авсан намын дарга Ерөнхий сайд болж, ачаагаа үүрээд, улс орны эдийн засгийг босгож ирэх ажлаас яагаад зугтаачихав. Үүний тулд Ардын намыг олонх болгосон гэж үү. Магадгүй намын дарга нь дараагийн Ерөнхийлөгч болохын тулд галаас хол байж, ачаа үүрэхээс зугтаж УИХ-ын даргын зөөлөн суудлыг зорьсон байхыг үгүйсгэхгүй.
-Уг нь АН-ын дүрэмд олон авууштай заалт бий. Тэдгээрийг хэрэгжүүлэхгүй байгаа нь л асуудал юм биш үү. Дүрэм хэрэгждэг байх механизмыг хэрхэн боловсронгуй болгох ёстой юм бэ?
-Намын дүрэм хуучирсан, хуучирсан дүрэм ч хэрэгжиж чадахгүй байна. Долоон жилийн өмнө намын дүрмээс жил бүр намын байгууллагын 30 хувьд сэлгээ хийх тухай заалтыг ҮЗХ-ны хурлаар хэлэлцэн хасчихсан юм. Улмаар намын удирдах байгууллагад сүүлчийн долоон жилийн турш сэлгээ хийгээгүй. Вакумд орсон. Одоо үндсэн дүрмийг ҮЗХ-ны хуралдаанаар дүрэмд өөрчлөлт оруулдаг байж огт болохгүй. Зөвхөн намын их хурлаас л үндсэн дүрмийг өөрчлөх. Нөгөө талаас хариуцлагын тогтолцоотой холбох ёстой. Одоогийн “Дүрмийг хэрэгжүүлэхгүй бол яах вэ” гэсэн тодорхойгүй байдлыг хариуцлагажуулах шаардлагатай. Дарга нь хурлаа зарлахгүй, дүрмээ биелүүлэхгүй бол хариуцлага тооцох заалт тодорхой байх хэрэгтэй..
-Улс төрийн хүрээнд зохион байгуулалтад орж буй хүмүүсийн ард хэн нэгэн, нөлөө бүхий хүн байдаг гэх хардлага бий. Та нарыг ч ийм хардлага тойроогүй байх.
-Их хуучирсан асуулт байна. Иймэрхүү хардалтууд их байсан. Бид АН-ыг эрх барьж байхад шүүмжилж гарч ирсэн. Үүнийхээ төлөө нэлээд хохирол ч амссан. Албан тушаалтай байсан залуучууд намаа шүүмжилсний төлөө ажилгүй болсон. ИТХ-д сонгогдчихсон байсан төлөөлөгчийг хүртэл намын байгууллагын шийдвэрээр эргүүлэн татаж байсан. Бид анх тавьсан зарчмын байр сууриндаа өнөөдрийг хүртэл зогсож байгаа, цаашид ч буцахгүй, гуйвахгүй ажиллана. АН-ын шинэчлэл бол хэн нэг хүний биш нийгмийн захиалга юм.
-Танай хөдөлгөөнийхөн намын амьдралын хэр туршлагатай хүмүүс вэ?
-Манай хөдөлгөөний бүрэлдэхүүнд намын бүх шатны удирдах болон гүйцэтгэх түвшинд дунджаар арван жил ажилласан хүмүүс бий. ИХТ-ийн хуралд хэд хэд сонгогдоод ажилласан туршлагатай хүмүүс багтдаг. Бид намын амьдрал ямар байдгийг арван хуруу шигээ мэднэ, цаашдийн гарцыг ч харж байгаа.
Ярилцсан Б.Номин
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!