Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

Монголбанк валютын зах дахь оролцоогоо хэвээр хадгална

Б.Ану
2016 оны 8 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ам.долларын албан ханш өнөөдрийн (2016.08.01) байдлаар 2,073.09 төгрөгтэй тэнцээд байгаа нь рекорд ханш болоод байна. 

График, Монголбанкны зарласан ханшийн өөрчлөлт, 

 Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвөөс ханшийн энэхүү огцом өөрчлөлтийн талаар дараах тайлбарыг хийлээ. 

“Төлбөрийн тэнцлийн эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэл 2016 оны энэ сарын 29-ний өдөр гарлаа. 

 Энэ оны зургаадугаар сард хийгдсэн томоохон гадаад төлбөрүүдээс шалтгаалан 2016 оны эхний таван сарын байдлаар 104.8 сая ам.доллараар ашигтай байсан төлбөрийн тэнцэл эхний зургаан сарын байдлаар 46 сая ам.долларын алдагдалтай гарчээ. 

Үүнтэй зэрэгцэн валютын захад оролцогчдын хүлээлт өөрчлөгдсөнөөс шалтгаалан гадаад валютын эрэлт нэмэгдсэнээр төгрөгийн ам.доллартай харьцах ханш долоодугаар сард 6.1 хувиар суларсан байна. 

Богино хугацаанд төгрөгийн гадаад валюттай харьцах ханш ийнхүү хэлбэлзсэн ч дунд хугацаанд ханшийн хандлагыг тайлбарлагч суурь хүчин зүйл болох төлбөрийн тэнцэл 2016 онд алдагдалгүй гарахаар төсөөлөгдөж байна” гэв. 

Монголбанкны зүгээс “Эдийн засгийн тэнцвэрийг хангах төсөв, мөнгө, өрийн удирдлагын нэгдсэн бодлого-хөтөлбөрийг Улсын Их Хурлаар батлуулан хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд эдгээрийн үр дүнд эдийн засгийн хүндрэлтэй байдлаас гарах, валютын зах илүү тогтвортой болох нөхцөл бүрдэнэ” гэж үзэж байна. 

Өнөөдрийн байдлаар Монголбанкны валютын нийт нөөц 1.27 тэрбум ам доллартай тэнцэж байгаа бөгөөд энэ нь Монгол Улсын дөрвөн сарын импортын хэрэгцээг хангах хэмжээ юм. Олон улсын стандарт хэмжээ валютын нөөц гурван сараас доошгүй импортын хэрэгцээг хангахаар тогтоосон байдаг билээ.

Монголбанкнаас богино хугацааны эрэлт, нийлүүлэлтийн зөрүүнээс үүссэн ханшийн огцом хэлбэлзлийг зөөлрүүлэх зорилгоор валютын захад тухай бүр оролцож байгаа бөгөөд энэ чиглэлийг үргэлжлүүлэн баримтлахаа ч мэдэгдлээ.