Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

М.Болор: Биднийг уяад байдаг ганц зүйл нь зээлжих эрх

Х.Монголхатан
2016 оны 8 сарын 1
Зууны мэдээ
Зураг зураг

Бид салбар,салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг та бүхэнд хүргэдэг билээ.

Энэ удаагийн зочноор Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал М.Болорыг урьж ярилцлаа.

НЭЭЛТТЭЙ ЗАХ ЗЭЭЛ ЗӨВХӨН ИТГЭЛ ДЭЭР Л СУУРИЛДАГ

-Хаалттай зах зээл гэж юуг хэлэх вэ гэвэл нэг өрөөнд хоёр хүн уулздаг. Ингэхээр аль нэг нь давуу талтай болчихдог. Тухайлбал, би тодорхой хэмжээний хөрөнгөтэй байгаад мөнгөө арилжааны банканд хадгалууллаа гэхэд хүссэн хэмжээгээрээ хадгаламжийн хүүг тогтоох давуу эрх үүснэ. 

Тийм ч учраас бид сүүлийн 25 жил хадгаламжийн хүүг ерөөсөө буулгаж чадаагүй. Хаалттай зах зээл дээр банк мөнгө авчихвал түүгээрээ зээл олгоно. Ингэхдээ зээл авч байгаа хүнийхээ дэргэд банк давуу талтай болчихож байгаа юм.

Хаалттай зах зээлийн дутагдалтай тал нь тэр. Гадны зах зээлтэй харьцуулахад манай хадгаламжийн дундаж хүү 13 хувьтай байгаа. Өнөөдөр зээлийн хүү 23 хувь хүртэл байгаа. Мэдээж, өндөр сонсогдоно.

Гэхдээ цаашдын бизнес нь илүү өгөөжтэй бөгөөд мөнгөжиж чадах юм бол их, бага гэдэг яриа байх ёсгүй.

Хаалттай зах зээл дээр банк мөнгө авчихвал түүгээрээ зээл олгоно. 

Тэгвэл нээлттэй зах зээл дээр бүх хөрөнгө оруулагчаа нэг сагсанд хийчихэж байна.

Тиймээс Хөрөнгийн бирж дээр хүн болгон “Би нэг хувьцаа эсвэл бондоо тэдэн төгрөгөөр зарна, авна” гэсэн саналаа ил хэлдэг. Тэгэхээр янз бүрийн санал орж ирнэ. Хөрөнгийн бирж юу хийх вэ гэвэл хоёр саналыг хооронд нь зуучилж өгнө. Өөрөөр хэлбэл, хэн нэг нь нөгөөдөө нөлөөлж чадахгүй.

Хаалттай зах зээл дээр дундаж хүү тогтох боломжгүй бол нээлттэй зах зээл дээр дундаж хүү тогтох ганц боломж нь бүрддэг. Тиймээс ч хөрөнгийн зах XVII зуунаас хойш хөгжсөөр яваа юм.

Манай улсын хувьд одоогоор нийт санхүүжилтийн долоон хувь нь хөрөнгийн зах руу, 93 хувь нь арилжааны банкууд руу ордог. Харин гадны зах зээл дээр 50:50 хувьтай байдаг юм билээ. Ингэснээрээ бие биенийхээ эрсдэлийг тэнцвэржүүлдэг. Бүгдээрээ нээлттэй байж болохгүй шүү дээ. 

Эрсдэлтэй. Гэхдээ нээлттэй зах зээл зөвхөн итгэл дээр л суурилдаг. Эцсийн дүндээ тухайн компанийн үнэ, үйл ажиллагаа ямар байна вэ гэдэг мэдээлэл л үнэн зөв байх хэрэгтэй. Хөрөнгө оруулагч энэхүү мэдээлэл дээр нь үндэслээд хувьцаагаа зарах уу, авах уу, хадгалах уу гэдгээ шийддэг.

Ерөнхийдөө хөрөнгө оруулагчдыг хоёр ангилдаг. Нэг нь арилжааны зарчмаар орж ирдэг. Хоёр дахь хэсэг нь хувь эзэмших эвсэл хувьцаанаас өгөөж хүртэх бодолтойгоор хөрөнгө оруулалт хийдэг.

Хаалттай зах зээлээс нээлттэй зах зээлийн давуу тал нь хөрөнгө оруулагч ч бай, мөнгө босгож байгаа нь ч бай аль аль нь дуртай цагтаа гарах боломжтой. Хаалттай зах зээл нь зээл ч бай, хадгаламж ч бай заавал тэр хугацаагаа дуусгаж байж л сална. Зах зээлийн үнэ өсч ч болно, Бууж ч болно. Маш олон янзын боломж байдаг учраас нээлттэй зах зээл оршин тогтнох учиртай.

ХӨРӨНГИЙН ЗАХ ДЭЭР НЭГ ӨДРИЙН ДОТОР 15 ХУВИЙН АШИГ ОЛЖ БОЛНО

БЛИЦ

Төгссөн сургууль:

ХБНГУ-ын Берлин хотын Эдийн засгийн сургууль болон АНУ-ын Техас муж дахь Раисын их сургуульд мэргэжил дээшлүүлж, улмаар Люжсембургиин их сургуулийн Санхүүгийн сургуульд Банк, санхүүгийн чиглэлээр Шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалсан.

Ажлын туршлага:

Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газарт эдийн засагчаар эхэлсэн. Тус байгууллагад арав гаруй жил ажиллах хугацаандаа арилжааны банкуудын баланс, зээлийн тайлан, аймгуудын тайлан болон судалгааны бюллетень зэргийн ерөнхий загварчлалыг боловсруулж улс орон даяар хэрэглээнд нэвтрүүлсэн.

Мөн Монгол улсын эдийн засгийн макро загвар, салбар хоорондын бүтэц зэрэг сэдвээр судалгааны ажил хэвлүүлсэн. 2013 онд судалгаа шинжилгээний “Элүдэй” ХХК-г үүсгэн байгуулж бизнес консалтингийн салбарт ажилласан туршлагатай.

-Ер нь аливаа зүйлийг буруу эхэлчихээр хүмүүсийн ойлголт ч гэсэн буруу тогтчихдог шүү дээ. 25 жилийн өмнө бүх компани төрийн өмч байлаа. Ард иргэддээ цэнхэр, ягаан тасалбараар хувьчлах зарчмаар төрийн өмчит компаниудаа хувийн болгосон.

Тухайн үед үүнийг сайн ойлгосон хэсэг нь хувьцаагаа сайн цуглуулаад өнөөдөр компанийн эзэд болсон. Ихэнх нь хувьцаагаа үнэ цэнэгүйлүүлж тоогоо ч үгүй, ойлгоо ч үгүй . Манайхан эсрэгээр нь хувьцаат компани биш хувиараа эрхлэх аж ахуйн нэгж байгуулаад хязгаарлагдмал хариуцлагатай компанитай болоод явчихсан шүү дээ. 

Ямар нэгэн ажил хийгээд түүнийг борлуулж өгөөж хүртэх ёстой л гэдэг ойлголтоос хэтрээгүй. Гэтэл хувьцаа гэдэг ойлголт чинь шал өөр зүйл шүү дээ. Манай АПУ, Сүү зэрэг компаниуд хувьцааны өгөөж гэдэг зүйлийг маш зөвөөр хүлээж авсан. АПУ 3,800 хувьцаа эзэмшигчидтэй. 

Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл 3,800 гэр бүл АПУ бүтээгдэхүүнийг найдвартай хэрэглэнэ л гэсэн үг. Яагаад гэвэл тэд хувьцаа эзэмшигч бас хэрэглэгч шүү дээ. Бизнес талаасаа нээлттэй компани ашигтай гэдгийг уг нь сайн ойлгомоор байгаа юм.

Бэлэн мөнгө, хадгаламж, хувьцаа, газар, байр, машин гээд манайхан асар их хөрөнгөтэй. Үүгээрээ зээлжих эрх үүсдэг байхгүй юу. Гэхдээ “Энэ бол өгөөж байхгүй. Харин эндээс нь хүү бодож болно” гэх маягаар өгөөжгүй гэснийг нь хасаад явдаг. 

Тиймээс бид тодорхой хугацаанд өгөөжгүй гэсэн зүйлүүдээ үнэлээд л зээлчих хэрэгтэй. Монгол Улс ерөнхийдөө хоёрхон данстай. Нэг нь арилжааны банкуудад. Нөгөө нь Үнэт цаасны төвлөрсөн тооцооны төвд байгаа. Бид тэгвэл өгөөжгүй гэж үзээд байгаа өмчөө данстай болгочихмоор байгаа юм.

Хөрөнгийн бирж нэг өдрийн дотор дээшээ ч, доошоо ч 15 хувийн өсөлт, бууралттай арилжаа хийхийг зөвшөөрдөг. 

Бид өмчөө зөв бүртгэж, байнгын эргэлтэд оруулчихвал өгөөжтэй, мөнгө хурдан эргэлдүүлэх боломжтой. Үүнийг яаж хийх вэ гэвэл бид энд тэндгүй замбараагүй бүртгүүлээд байгаа өмчөө нэг серверт бүртгүүлчихдэг байвал л болно. Ингэвэл хоёр хүн хоорондоо арилжаа эрхлэхэд амархан болно шүү дээ.

Хөрөнгийн бирж нэг өдрийн дотор дээшээ ч, доошоо ч 15 хувийн өсөлт, бууралттай арилжаа хийхийг зөвшөөрдөг. Гэтэл хадгаламжийн хүү жилийн 13 хувь шүү дээ. Тиймээс хөрөнгийн зах дээр нэг өдрийн дотор 15 хувийн ашиг олж болно. Бас алдаж ч болно шүү дээ. Харин нийтээрээ алдана гэсэн ойлголт байхгүй.

ХАМГИЙН САЙН НӨХЦӨЛ, БОЛОМЖТОЙ САНХҮҮЖИЛТ ХӨРӨНГИЙН ЗАХ ДЭЭР БАЙГАА

-Манай компаниуд нэг салбар цэцэглэж байна гэвэл бүгдээрээ тийшээ гүйгээд орчихдог. Тоног төхөөрөмж, ажиллах хүч гээд бүгдээрээ л дор бүрнээ зардал гаргадаг. Ингэхээр цэцэглэж байсан тухайн салбарыг бүгдээрээ түлхээд унагаачихна гэсэн үг. Манай ноолуурын зах зээл их харамсалтай санагддаг.

Монгол Улс дэлхийн зах зээлийн 35 хувийг ноолуураар хангадаг шүү дээ. Гэтэл дотоодын зах зээл дээр энэ чиглэлийн 300 компани байгаа учраас үр ашигтай ажиллах боломжгүй юм. Тэд бие биетэйгээ өрсөлдөж, ханшаа унагаачихаж байна. Гэтэл 300 мундаг технологич байна уу гэвэл асуудалтай.

Харин 300 захирал, 300 нягтлан бодогч, 300 банкны зээл байгаа гэж бодохоор бид аливаа нэг бизнесийг улам л үнэтэй болгоод байна гэсэн үг. Яагаад бид үндэсний хэмжээний таван компанитай байж болохгүй гэж.

Магадгүй, тэнд л хамгийн шилдэг, сайнууд нь ажилладаг, тоног төхөөрөмжөө 100 хувь ашигладаг байг. Гэтэл 300 үйлдвэр өндөр үнэтэй тоног төхөөрөмж авна. Тэгээд дунджаар 20 хувийг нь л ашигладаг юм билээ. Тэр чигээрээ маш их зардал гаргачихсан хэр нь гүйцэд ашиглагдахгүй байгаа юм. Тиймээс аливаа нэг бизнесийг хийхдээ яг адилхан 300 үйлдвэр байгуулах биш түүнээсээ шилдэг таван компанийг нь л ажиллуулах хэрэгтэй.

Нөгөө 295 нөхөр маань хөрөнгө оруулагч байж болно шүү дээ. Хувьцааг нь эзэмшээд, өгөөж хүртээд сууж болно. Биднийг уяад байдаг ганц зүйл нь зээлжих эрх. Засаг төрөөс яадаг вэ гэвэл, Сангийн яамнаас хямд эх үүсвэртэй зээл олгоно гээд л өөрсдөө шинээр нэг компани гаргаж ирээд зээл өгчихдөг. Ингэхдээ юм хийж буй компаниудаа дэмждэггүй. бид Америк, Хятад шиг биш шүү дээ. Гуравхан сая хүнтэй улс шүүдээ.

Манай компаниуд санхүүжилтийг банкнаас л авдаг гэж ойлгодог. Гэтэл хамгийн сайн нөхцөл, боломжтой санхүүжилт бол хөрөнгийн зах дээр байгаа шүү дээ. Манайхан хөрөнгийн удирдлагын бүхэл бүтэн санхүүгийн албатай баймаар байгаа юм. Гэтэл манайханд санхүүгийн албанд нь нэг нягтлан бодогч яаж зээлээ төлөх вэ, борлуулалт хэр байна вэ гээд л блансаа хараад сууж байдаг. 

Түүнээс биш санхүүжилтийг яаж авах вэ, яаж ашиглах вэ, хаана байршуулах вэ гэдэг дээр ямар ч ажил хийдэггүй. Томоохон компаниуд бол бүр өдөр бүхэн үлдэгдэлтэй сууж байдаг. Гэтэл тэр мөнгөө ашиглаж, шөнийн цагаар орлого олдог байх хэрэгтэй шүү дээ. Хөрөнгийн захаас Засгийн газрын үнэт цаасыг аваад ч юм уу ямар нэгэн байдлаар мөнгийг хөдөлгөөнд оруулах бодлого хэрэгтэй. 

Гэхдээ “Голден сакс” ч юм уу хамгийн мундаг хөрөнгө оруулагч нартай ижилхэн мундаг сайн санхүүчтэй л сууж байх ёстой. Үндсэн бизнесээсээ гадна түүгээрээ ашиг, өгөөж олдог. Яагаад гэвэл, мөнгө харилцах дансандаа л байгаад байвал өсөхгүй шүү дээ.

Мөнгөний ид шид хэзээ гардаг вэ гэвэл байнга нэг юм аваад түүнийгээ зараад л байх юм бол баялаг бүтээж байдаг. Сейфэндээ байгаад байвал тэр чинь баялаг биш. Үүнийг л манайхан идэвхтэй анхаарч, тусад нь нэгж байгуулаад мөнгө олж ирдэг бодлоготой болмоор байгаа юм.

МӨНГӨ ДАМЖИХ ТУСМАА БАЯЛГИЙГ БҮТЭЭДЭГ

-Арилжааны банкуудын блансыг харахад 23 орчим их наяд төгрөгийн бланстай. Хагас жилийн байдлаар үлдэгдэл нь гурав орчим их наяд төгрөг байна билээ. Өөрөөр хэлбэл, бид мөнгөгүй биш мөнгөтэй гэсэн үг.

Хамгийн гол нь яаж менежмент хийх вэ гэдэг асуудал байна. Гэхдээ Монгол Улсад мөнгө гурван аргаар нийлүүлэгддэг. Эхнийх нь валют орж ирвэл Монголбанк худалдаж аваад нөөцлөх  ёстой. Алт олборлоод Монголбанканд тушаавал бас л мөнгө нийлүүлэх нэг арга. 

Гурав дахь нь саяхныг хүртэл янз бүрээр нь хэрэгжүүлж эхэлсэн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” байдаг. Мэдээж, дийлэнх нь валют гэсэн үг. Ер нь бол гадаадаас 100 ам.доллар орж ирэх юм бол түүний 50-ийг нь Монголбанк худалдаж аваад 50-ийг нь дотоодын зах зээлд нийлүүлнэ гэсэн үг.

Гадаадад бонд гаргах нь ийм учиртай. Гэхдээ тэр бонд нь өгөөжтэй, зөв зарцуулалттай байх учиртай. Зарцуулалт нь яавал зөв болдог вэ гэвэл аливаа нэг төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ мөнгийг маш олон компани, аж ахуйн нэгжид дамжуулах л ёстой. 

Мөнгө дамжих тусмаа баялгийг бүтээдэг шүү дээ. Эс бөгөөс хоёр хүн хэрэглэчихээд буцаагаад хүүгээ төлчихдөг бизнес бол тэр чинь өгөөж өгөхгүй. Хүн болгонд л нийлүүлэгдэж байж, нөгөө мөнгөн дүн маань явж буй хурд нь өндөр байх тусам өгөөжтэй.

Бид мөнгөний эргэлт гэдэг зүйлээ валют дээр суурилсан биш баялаг дээр суурилсан, мөнгөний хурд нь яаж байна вэ гэдэг бодлоготой болгох цаг болсон.

Зураг