Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий сайд аа, Хөгжлийн банкны бондын зарцуулалтад шалгалт оруулъя

Р.Саруул
2016 оны 8 сарын 1
MorninigNews.mn
Зураг зураг

Санхүү эдийн засаг, томоохон бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх, дэмжих зорилгоор улс орнуудын Засгийн газар бонд гаргадаг.

Энэ жишгээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газар “Чингис" болон “Самурай” бонд гаргасан гэгдээд байгаа. Тэгвэл энэхүү их мөнгө өдгөө хаашаа гарч Монгол Улсад ямар үр өгөөжөө өгчихөв өө гэх асуултын тэмдэг гарч байсан ч хариулт нь тодорхойгүй үлдсэн юм. 

Тиймээс Засгийн газарт олонх болоод буй МАН-ынхан “Чингис”, “Самурай” бондын зарцуулалтад яаралтай ажлын хэсэг гаргаж шалгалт оруулах хэрэгтэй гэсэн үг.

Өнгөрсөн оны аравдугаар сард УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсгийнхэн дээрх бондын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн боловч эрх баригчдын шахалт хавчилгаас болж нөхцөл байдал ямархуу байгаа, хэн гэгч эрх мэдэлтэн хэдэн төгрөг хаашаа зувчуулсан гээд олон зүйлийг ил болгож чадаагүй.

Засгийн газарт олонх болоод буй МАН-ынхан “Чингис”, “Самурай” бондын зарцуулалтад яаралтай ажлын хэсэг гаргаж шалгалт оруулах хэрэгтэй.

Тухайн үед УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн ахалсан ажлын хэсэгт УИХ-ын Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны Г.Батхүү, Ц.Баярсайхан, Я.Санжмятав, Л.Эрдэнэчимэг, Б.Гарамгайбаатар, Л.Чойжилсүрэн,Ч.Хүрэлбаатар, Г.Уянга, Х.Болорчулуун нарын гишүүд багтаж байсан юм.

Тэд хийсэн шалгалтынхаа үр дүнг олон нийтэд танилцуулахыг хүсч байсан ч УИХ дахь АН-ын Г.Батхүү, Б.Гарамгайбаатар, Л.Эрдэнэчимэг, Ц.Баярсайхан, Я.Санжмятав, Х.Болорчулуун нар өнөөдрийг хүртэл гарын үсэг зураагүй байгаа тухайг ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар, Л.Чойжилсүрэн нар өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр мэдэгдэж байсан удаатай. 

Хөгжлийн банкнаас олон ноцтой зөрчил илэрч байсан

Тухайн үед ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Чингис”,”Самурай” бондын зарцуулалт, “Хөгжлийн банк”-ны үйл ажиллагаанд олон ноцтой зөрчил илэрснийг дурдав.

Ялангуяа УИХ-ын гишүүн Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярын туслах байснаа гэнэтхэн дэвшиж “Хөгжлийн банк”-ны Гүйцэтгэх захирлаар томилогдсон Н.Мөнхбатын удирддаг банк өнгөрсөн гурван жилд санхүүгийн ноцтой алдаа, дутагдал гаргаж, булхай луйврын шинжтэй маш олон санхүүжилт олгосоор ирснийг дурдаж байсан юм.

Тэгвэл өнгөрсөн он жилүүдэд багагүй будлиантай ажилласан “Хөгжлийн банк”-ны эх сурвалжийг хөөж үзвэл Монгол Улсын Засгийн газар 2010 оны долоодугаар сарын 20-ны өдрийн 195 дугаар тогтоолоор “Хөгжлийн банк”-ыг байгуулахаар шийдвэрлэж, УИХ-аас “Хөгжлийн банк”-ны тухай хуулийг 2011 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр баталсан байдаг.

Дээрх хуулиар “Хөгжлийн банк” нь Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилго бүхий үйл ажиллагааг эрхлэх тусгайлсан чиг үүрэгтэй, ашгийн төлөө, төрийн өмчит хуулийн этгээд байхаар заажээ.

Ингээд Засгийн газрын 2011 оны тавдугаар сарын 11-ний өдрийн 151 дүгээр тогтоолоор “Хөгжлийн банк”-ны дүрэм, бүтэц, зохион байгуулалтыг баталж хуулийн дагуу албан ёсоор үүсгэн байгуулагдаж үйл ажиллагаа нь эхэлсэн байдаг.

2010 оны долоодугаар сарын 09-ны өдөр баталсан Монгол Улсын 2010 оны “Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах” хуульд “Хөгжлийн банк”-ны дүрмийн санг 16.7 тэрбум төгрөгөөр тогтоож 2010 оны арванхоёрдугаар сард Сангийн сайдын 283 дугаар тушаалын дагуу банкны дүрмийн санг бүрдүүлжээ.

“Хөгжлийн банк”-ны дүрмийн санг 2011-2014 оны Төсвийн тухай хуулиудаар нийт 127.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлснээр 2014 оны арванхоёрдугаар сарын 31-нийн байдлаар 143.9 тэрбум төгрөг болсон байна. 

Ингээд “Чингис”,”Самурай” бондын зарцуулалт, “Хөгжлийн банк”-ны үйл ажиллагаанд УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтээс шалгалт хийсэн зарим ноцтой баримтыг эргэн сануулая. 

-УИХ-ын 2012 оны 52 дугаар тогтоолын дагуу Засгийн газар "Чингис бонд"-ыг олон улсын зах зээлд таван жилийн хугацаатай, жилийн 4.125 хувийн хүүтэй 500 сая ам.долларын, 10 жилийн хугацаатай, жилийн 5.125 хувийн хүүтэй нэг тэрбум ам.долларын бондыг тус тус арилжаалснаас бондыг арилжаалах үйл ажиллагааны зардалд гэрээний дагуу 5.4 сая ам.долларыг суутгуулж, 2012 оны арванхоёрдугаар сарын 05-ны өдөр Монгол банкин дахь Засгийн газрын бондын харилцах дансанд нэг тэрбум 494.6 сая ам.долларын орлого орж байсан байна. 

Тэгвэл одоо энэ их хөрөнгө мөнгө хаашаа юунд зарцуулагдаж улс орны эдийн засаг ингэтлээ муудах болов оо. Угтаа бол Хөгжлийн банкны удирдлагууд хийгээд эрх баригчид “Чингис, Самурай” бондын хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн сонголт ил тод бус, хариуцлагатай байх зарчмыг алдагдуулж төслүүдийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг олон нийтэд ил болгоогүй түүнчлэн “Чингис, Самурай” бонд, “Хөгжлийн банк”-ны эх үүсвэрүүдийн хоорондын зааг ялгаа зорилго, чиглэлийг байхгүй болгож өөрсдийнхөө хар хайрцаг болгож байсан юм.

Өмнөх Хөгжлийн банкыг шалгасан ажлын хэсэг дутуу ажилласан

Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын дарга М.Энхболд та бүхэн “Чингис”,”Самурай” бондын зарцуулалтыг өнгөрсөн хугацаанд үхэн хатан нууцалж байсан эрх баригчид хийгээд хэн гээч улстөрч, бизнесменүүд гap, хөлөө угааж, хэд гурван тэрбумаар нь хулгайлан зувчуулсныг яаралтай ил болгож монголын эдийн засгийг элгээр нь хэвтүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан албан тушаалтнуудад нэн даруй хариуцлага тооцох хэрэгтэй байх. 

Тухайлбал, өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр Үндэсний Аудитын газраас дараах мэдээллийг өгч байсан юм. Үүнд, “Чингис” бонд 1.5 сая ам долларын санхүүжилттэй. Энэ мөнгийг 11 төсөлд зарцуулж, одоо 520 тэрбум төгрөг үлдээд байгаа тухай зарласан байдаг.

Эрх баригчдын тайлбарлснаар “Чингис” бондын мөнгөнөөс “Гудамж” төсөлд 200 сая ам.доллар, “Авто зам”-ын төсөлд 570 тэрбум төгрөг, “Шинэ төмөр зам” төсөлд 200 сая ам.доллар, “Тавантолгойн цахилгаан станц” барихад 50 сая ам.доллар, “Ноолуурын салбарт технологийн шинэчлэл” хийхэд 68.8 сая ам.доллар, “Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөлт”-д 200 тэрбум төгрөг, ’’Байшин үйлдвэрлэх комбинат”-ыг сэргээхэд 14 сая ам.доллар, Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжихэд 27.7 сая ам.доллар, Хүлэмж байгуулахад 17.7 сая ам.доллар, Ноосон бүтээгдэхүүний үйлдвэрлэлд 45 сая ам.доллар, Оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжихэд 13.5 сая ам.долларын санхүүжилтийг олгосон” хэмээж байсан юм. 

Хэдийгээр бондын мөнгөний зарцуулалтын талаар тодорхой хэмжээгээр мэдээлсэн ч эдгээр бондоос тухайн үеийн УИХ, Засгийн газрын гишүүдээс хэн нь ямар зориулалтаар хэчнээн тэрбум төгрөгийг хэзээ, ямар төсөл хэрэгжүүлэхээр авсныг л ил болгож өгөхийг олон нийт хүсч байна. Бондтой холбоотой асуудлыг бид цаашид хүргэсээр байх болно.

Зураг