Дэлхий нийтийн анхаарлыг татаж, зарим хэсгийг нь донтуулаад байгаа Pokemon Go тоглоомыг тойрсон дуулиан тасрахгүй байна.
Хонг Конгод энэ Даваа гарагт нээгдсэн тоглоом тэр дороо хүмүүсийг халууруулж эхэлжээ. Үүнтэй холбоотойгоор Хятадын Ардын Чөлөөлөх Арми мэдэгдэл гаргаж тоглоомчдыг цэргийн бааз, байгууламжууд зэрэг хориотой бүсүүдийн ойролцоо тоглохгүй байхыг анхааруулжээ. Үүнээс өмнө уг тоглоомыг ашиглан АНУ, Япон улсууд Хятадын армийн нууц байгууламжуудыг тагнах гэж байна гэсэн шуугиан дэгдэж байсан юм.
Өмнө нь Америкт зарим тоглоомчид Pokemon Go тоглонгоо Америк-Канадын хилийг санамсаргүй давсан хэрэг гарч байв. Өмнөд Солонгосын эрх баригчид мөн тоглоомчид Хойд, Өмнөд Солонгосын хилийн бүсэд нэвтрэхээс болгоомжилж байгаагаа мэдэгдэж байлаа.
Тэгвэл Манчестер Юнайтедын шинэ дасгалжуулагч Жосе Моуринио өөрийн баг дотроо Pokemon Go-тэй холбоотой шинэ дүрэм танилцуулсан байна. Түүний шаардаж байгаагаар тэмцээн эхлэхээс хоёр өдрийн өмнөөс хөлбөмбөгчид Pokemon Go тоглохыг хоригложээ.
Харин өнөөдөр Японы TEPCO (Tokyo Electric Power Co) компани Pokemon Go тоглоомыг бүтээсэн Niantic компанид хандаж өөрийнх нь цөмийн станцуудын бүсэд Pokemon харагдуулахгүй байхыг хүссэн байна.
Тэд нэг цөмийн станцын бүсэд нь Pokemon илэрснийг мэдэгдээд Америкт болсон явдлыг жишээ болгон дурджээ. АНУ-д өмнө нь нэг тоглоомчин Pokemon хайж яваад цөмийн станцын хориотой бүсэд нэвтэрсэн тохиолдол гарч байв.
Үүнээс гадна Japan Railway компани болон бусад 23 хувийн төмөр замын компаниуд хамтран Niantic компанид хандан өөрсдийнх нь төмөр зам, өртөө зэрэг байгууламжуудад Pokemon харагдуулахгүй болохыг хүссэн байна. Энэ нь осол эндэгдэл гарах боломжийг нэмэгдүүлж байгааг тэд анхааруулжээ.
Эх сурвалж: Japan today, South China Morning Post, Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!